Газрын тосны худалдааны чухал замд үүсч буй гацааг яаралтай шийдвэрлэхгүй бол дэлхийн нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж, эрчим хүчний зах зээлийн эмзэг цаг үед үнэ хөөрөгдөх аюул нүүрлэлээ. Нефть тээвэрлэгч хөлгүүд Хар тэнгист бөөгнөрсөөр хоёр өдрийн дотор 10-аас 16 болж нэмэгдсэн гэж өчигдөр /2022.12.08/ мэдээлэв. Тээврийн хөлөг онгоцууд Хар тэнгисийн өмнөд хэсгээс Босфорын хоолойг гатлан Мармарын тэнгис рүү орохоор хүлээгдэж байгаа аж. Энэ талаар Истанбулд төвтэй Трибека тээврийн агентлаг мэдээлэв. Дахиад есөн танкер Мармарын тэнгисээс урагшаа Дарданеллийн хоолойгоор Газар дундын тэнгис рүү гарахаар хүлээж байв.
Эдгээр гацаа нь Туркийн хянадаг усан замд үүссэн бөгөөд Анкарагаас мэдээлэхдээ, Европ руу нефть нийлүүлэх урсгалд нөлөөлж байгааг анхааруулжээ. Улмаар АНУ, Их Британийн албаныхан уг асуудлыг шийдвэрлэхээр Туркийн талтай хэлэлцэж эхэлсэн байна.
Оросын газрын тосны импортод барууныхан үнийн дээд хязгаар тогтоосон нь Даваа гаригаас хэрэгжиж эхэлсэнтэй уг үйл явдал холбоотой аж. Үнийн хязгаарлалт нь нийлүүлэлтийг багасгаж, олон улсын эдийн засгийг хямраалгүйгээр ОХУ-ын орлогыг хумих оролдлого юм.
Гэвч Туркийн албаныхан хөлөг онгоцуудыг Хар тэнгис, Газар дундын тэнгисийг холбосон хоолойгоор дамжин өнгөрөхөөс өмнө шинэ хориг арга хэмжээний дагуу төлбөрөө төлөх даатгалтай гэдгээ нотлохыг шаардаж эхэлжээ. Баррель нь 60 ам.доллар ба түүнээс бага үнээр зарагдаагүй тохиолдолд Оросын газрын тос тээвэрлэж буй хөлөг онгоцны эзэд Европын үйлчилгээ үзүүлэгчдийн даатгал болон бусад үйлчилгээнд хамрагдахыг хориглосон.
Хязгаарлалтын хүрээнд Туркийн тэнгисийн эрх баригчид даатгалд хамрагдаагүй хөлөг онгоц осолдох, газрын тос асгарч болзошгүйд санаа зовж, транзит тээвэрт нь хамрагдах нэмэлт баталгаа гаргаж өгөхгүй бол Туркийн усан хилээр хөлөг онгоцыг нэвтрүүлэхээс татгалзаж байна. Гэтэл далайгаар тээвэрлэж буй барааны 90 хувьд нь даатгал хийдэг "P&I" олон улсын групп Туркийн бодлогыг дагаж мөрдөх боломжгүй гэж мэдэгджээ.
Одоогоор олон улсын нийлүүлэлт тасалдаагүй, нефтийн үнийг хараахан хөөрөгдөж эхлээгүй байгаа ч гацааг хурдан шийдвэрлэх шаардлагатай гэдгийг "Rystad Energy" компанийн газрын тосны зах зээлийн шинжээч Хорхщ Леон анхааруулсан байна. Гацаа үүсч эхэлсэн уг маршрут нь олон улсын худалдаа тэр дундаа нефтийн тээврийн гол зам юм. ОХУ, Казахстан, Азербайжан зэрэг олон улс дэлхийн зах зээлд нефтиэ худалдахын тулд Туркийн хоолойг ашигладаг.
ЭХ СУРВАЛЖ: CNN
Холбоотой мэдээ