Оффтейк гэрээг хэн төрийн нууцад хамруулсан бэ?

Хуучирсан мэдээ: 2022.12.09-нд нийтлэгдсэн

Оффтейк гэрээг хэн төрийн нууцад хамруулсан бэ?

Оффтейк гэрээг хэн төрийн нууцад хамруулсан бэ?

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу Засгийн газрын хуралдаанаас төрийн нууцад авсан есөн оффтейк гэрээг ил болгохоо шийдлээ. Тодруулбал, өмнөх ҮАБЗ-ийн гишүүдийн зөвлөмжөөр "Эрдэнэс Тавантолгой" компанитай холбоотой есөн гэрээг нууцалсныг өнөөгийн ҮАБЗ ил болгохоор шийдсэн нь олон асуудлыг илчилж, олон асуудлыг намжаана гэж тооцсоных  байх. Ямар ч байсан төрийн нууцаас гарсан гэрээнүүд ил болсноор хэн нь хулгайч, хэн нь луйварчин болох нь олон нийтэл ойлгомжтой болох байх.

Нууцаас гаргасан гэрээг нэрлэвэл,

  • Ил уурхайн олборлолтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, шилдэг технологи нэвтрүүлэх төсөл
  • Ил уурхайн аргаар ашиглах боломжгүй нөөцийг далд уурхайн аргаар ашиглаж экспортыг нэмэгдүүлэх төсөл
  • Загийн усны хоолойн газрын доорх усны ордоос Тавантолгой нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн төсөл
  • Богдхан төмөр замын суурь бүтцийн төслийн ажил
  • Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ажил
  • Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж байгуулах гэрээ зэрэг есөн гэрээг нууцын зэрэглэлээс гаргаснаар Авлигатай тэмцэх газарт өгч, шалгуулах, УИХ дээр байгуулагдсан нүүрсний хэргийг шалгах үүрэг бүхий түр хороонд мөн шилжүүлэх аж.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг Монгол Улсын Ерөнхийлөгч даргалж, гишүүдэд УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр л ордог.  Ерөнхийлөгчийн дэргэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл байдаг тул тус зөвлөлийн нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр одоогоор томилогдон, ажиллаж буй. Х.Баттулга ҮАБЗ-ийн дарга байхдаа төрийн нууцад авч байсан "Эрдэнэс Тавантолгой"-той холбоотой гэрээг У.Хүрэлсүх ҮАБЗ-ийн дарга болсныхоо дараа ил болгож байна.

Ингээд "Эрдэнэс Тавантолгой"-той холбоотой есөн гэрээг төрийн нууцад авахад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хэн хэн байсныг сонирхуулъя. Өөрөөр хэлбэл, энэ үеэс л "Эрдэнэс Тавантолгой" компани төрийн нууцад авсан гэрээнүүдийг байгуулжээ.

Тайлбар: 2017 оноос хойших ҮАБЗ-ийн гишүүд

Тайлбар: 2017 оноос хойших ҮАБЗ-ийн гишүүд

Хэрэв оффтейк гэрээг 2017 оноос  байгуулж эхэлсэн гэж үзэх юм бол тухайн үеийн ҮАБЗ-ийн гишүүд нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын дарга асан М.Энхболд, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар юм.

ТӨРИЙН НУУЦЫГ НУУЦААС ХЭРХЭН ГАРГАДАГ ВЭ?

Төрийн болон албан нууцын тухай хууль нь  Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах үндэсний тогтолцоо, эрх зүйн үндсийг тодорхойлж, мэдээллийг нууцлах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулдаг. Төрийн болон албаны нууцыг УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, Тагнуулын ерөнхий газар, бусад байгууллага нууцад оруулж, гаргах асуудлыг зохицуулна.

Засгийн газраас ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу нууцад хамруулсан Эрдэнэс Тавантолгойтой холбоотой есөн гэрээг өөрийн бүрэн эрхийн хүрээнд нууцаас гаргах шийдвэрийг өнөөдөр гаргасан юм.

Төрийн болон албаны нууцын тухай хууль. 10 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

10.1.Засгийн газар улсын хэмжээнд төрийн болон албаны нууцыг хамгаалах үйл ажиллагааг уялдуулан зохицуулж дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

  • 10.1.1.төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, энэ талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг, чиглэл өгөх;
  • 10.1.2.төрийн болон албаны нууцыг хамгаалах төрийн бодлого, төсөл, хөтөлбөр, эрх зүйн баримт бичгийг боловсруулж, хэрэгжүүлэх;
  • 10.1.3.төрийн болон албаны нууцтай холбоотой журам, зааврыг батлах;
  • 10.1.4.төрийн болон албаны нууцыг харилцан солилцох, хамгаалах тухай Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээр байгуулах;
  • 10.1.5.мэдээллийг төрийн болон албаны нууцад хамааруулах, нууцыг шилжүүлэх, ил болгох, нууцын зэрэглэл тогтоох, өөрчлөх, нууцын хугацааг сунгах.

Өөрөөр хэлбэл, хуулийн дагуу Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж есөн гэрээг нууцаас гаргачихлаа. Харин нууцаас гаргах, ил болгох үндэслэл журам нь хэрхэн хэрэгждэг вэ. Учир нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өмнө нь С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгтэй холбоотойгоор мэдээллийг нууцаас гаргаж, ил болгох шийдвэр гаргасан ч өнөөдрийг хүртэл олон нийтэд ил болоогүй. Тиймээс энэ удаагийн есөн гэрээ олон нийтэд ил болох уу гэдэг асуулт урган гарч ирнэ.

19 дүгээр зүйл. Төрийн болон албаны нууцыг ил болгох үндэслэл, журам

19.1.Төрийн болон албаны нууцыг дараахь үндэслэлээр ил болгоно:

  • 19.1.1.нууцлах хугацаа дуусгавар болсон;
  • 19.1.2.нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас төрийн болон албаны нууцад хамааруулсан тодорхой мэдээллийг цаашид нууцлах шаардлагагүй болсон;
  • 19.1.3.тухайн мэдээллийг төрийн болон албаны нууцад хамаарахгүй болгосон хууль батлагдаж хүчин төгөлдөр болсон;
  • 19.1.4.мэдээллийг үндэслэлгүйгээр нууцалсан нь тогтоогдсон.
  • 19.2.Төрийн болон албаны нууцыг энэ зүйлийн 19.6-д заасан журмын дагуу ил болгоно.
  • 19.3.Төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг энэ зүйлийн 19.1.2-т заасан үндэслэлээр нууцлах хугацаа дуусахаас өмнө ил болгох эсэхийг тагнуулын байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.
  • 19.4.Энэ хуульд заасны дагуу мэдээллийг нууцлах хугацааг сунгаагүй бол тогтоосон хугацаа дуусмагц мэдээллийг нууцалсан, эсхүл хариуцсан төрийн байгууллага, албан тушаалтан зохих журмын дагуу ил болгоно.
  • 19.5.Энэ хуульд заасны дагуу ил болсон түүх, эрдэм шинжилгээ, судалгаа, практикийн болон лавлагааны ач холбогдолгүй мэдээлэл тээгчийг зохих журмын дагуу устгана.
  • 19.6.Төрийн болон албаны нууцыг ил болгох журмыг Засгийн газар батална.

Ямар ч байсан иргэдийн уур бухимдлыг дарах зорилгоор Засгийн газар ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу  нууцалсан гэрээг ил болгох шийджээ. Одоо хуулийн байгууллага хурдан шуурхай, үнэн зөв мөрдөн шалгах л үлдэж байна. Нүүрсний гэрээтэй холбоотой асар том тоонууд, элдэв зөрүүтэй байр суурь сонсогдож, эцэст нөгөө л нүдүүлж сурсан хувийн хэвшил рүүгээ довтолж, жинхэнэ хулгайч, луйварчин нь ард нь чимээгүй үлдэх вий гэсэн болгоомжлол бий. Тиймээс энэ гэрээг хэвлэлээр ил болгож, дурын хуульчид ажиллах боломжийг хангаж өгөх нь Засгийн газрын хийх ёстой ажил юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж