Европын холбооны хоёр ядуу орон болох Румын, Болгар улсуудыг Шенгений бүсэд оруулахыг Австри улс эсэргүүцэж буйгаа мэдээллээ. Дээрх хоёр орон сүүлийн 10 жилийн хугацаанд Европын холбооны орнуудын харилцан визгүй зорчих бүсэд нэгдэх хүсэлтээ гаргаад хөөцөлдөж буй.
Хорватыг Шенгений бүсэд нэгтгэснээр Европын холбооны гишүүн 27 орны 23 нь харилцан визгүй зорчих бүсэд багтах болов. Швейцарь, Норвеги, Исланд, Лихтенштейн улсууд мөн Шенгений бүсэд багтдаг.
Австрийн дотоод хэргийн сайд Герхард Карнер мэдээлэхдээ "Би Шенгений тэлэлтэд Румын, Болгарыг хамруулахын эсрэг санал өгнө. Олон газар ажилладаггүй тогтолцоог томруулах нь буруу гэж бодож байна" гэж тэрбээр мэдэгджээ. Болгар, Румын улсыг Шенгений бүсэд оруулснаар цагаачлалын урсгал нэмэгдэнэ гэж Австри улс болгоомжилж байгаа аж. Тус улсад энэ он гарсаар 100 мянга гаруй цагаач хууль бусаар хил нэвтрэн ирсэн гэж Герхард Карнер ярьжээ.
Сирид иргэний дайн дэгдсэнээр 2015-2016 оны хооронд Европ тив цагаач, дүрвэгсдийн хөлд дарагдсан. Цагаач, дүрвэгсдийн их урсгалд хамгийн түрүүнд өртдөг Итали, Испани, Малта, Грек улсууд Европын холбооноос шинэчлэлт хийхийг шаардаж байгаа ч Австри, Нидерланд, Унгар, Польш зэрэг орнууд тэдний ачаанаас үүрэлцэхийг хүсэхгүй байна.
ЭХ СУРВАЛЖ: THE TIMES OF MALTA
Холбоотой мэдээ