НЭМЭЛТ:
"Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан Б.Ганхуяг нь шүүгчээс татгалзсан байна. Түүний саналыг хүлээж авах эсэх шүүх хурал сая дуусч, хүлээж аваагүй байна. Б.Ганхуягийг нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргажээ.
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" КОМПАНИЙН АЛБАНЫ ДАРГА, С.ЭНХТҮВШИН НАРЫГ НЭГ САР ХОРИВ
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр /2022.12.09/ "Эрдэнэс силвер ресурс" компанийн захирал асан Т.Мөнхбаярыг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан Б.Ганхуягийн эгч Б.Нарантуяаг нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргажээ.
"Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан Б.Ганхуяг нь шүүгчээс татгалзсан байна. Татгалзлыг нь хүлээж авах эсэх хурал нь 13.00 цагт болох аж.
"Эрдэнэс силвер ресурс" компанийн захирал асан Т.Мөнхбаярыг Салхитын Мөнгөний ордод баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж баяжмал гаргах ажил"-ын тендер сонгон шалгаруулалтад шалгарсан нэр бүхий компанитай гэрээ байгуулсны хариуд нэг тэрбум 217 сая төгрөг, мөн тендерийн сонгон шалгаруулалт зохион байгуулахгүйгээр нэр бүхий компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нэг тэрбум 455 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй гэх хэрэгт яллагдагчаар татсан байна.
Нүүрсний хэрэгт холбогдуулан өчигдөр /2022.12.08/ прокуророос Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд найман хүнийг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд "Эрдэнэс силвер ресурс" компанийн захирал асан Т.Мөнхбаярыг сэжигтнээр баривчилж, цагдан хорих хүсэлт гаргасан. Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан Б.Ганхуяг, түүний эхнэр П.Бадамxанд, мөн эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж, тус компанийн албаны дарга С.Энхтөр, "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшин, "Хишиг арвин индустрал" ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, тус компанийн гүйцэтгэх захирал М.Хүрэлбаатар нарыг цагдан хорих тухай хүсэлт гаргасан.
Хуулиараа Авлигатай тэмцэх газар нь хэрэгт сэжиглэгдэж байгаа болон яллагдагчаар татагдсан этгээдийг 48 цагийн хугацаатай саатуулах эрхтэй байдаг. Удаан хугацаагаар саатуулах шаардлагатай тохиолдолд шүүхэд ханддаг. Энэ дагуу дээрх есөн хүнийг цагдан хорих хүсэлтийг шүүхэд гаргасан юм байна. Шүүх хүсэлтийг хэлэлцээд хорих үндэслэлтэй байна гэж үзвэл хүсэлтийг нь хангана. Харин хорих үндэслэл байхгүй гэж шүүх үзвэл суллана.
Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран гүйцэтгэх ажиллагаа явуулж, дээрх хүмүүсийг саатуулсан байдаг. Гэр оффист хийсэн нэгжлэгээр онц их хэмжээний мөнгө, бусад хориотой хэрэгсэл илэрсэн. Мөн тэдний нэг нь жагсаал зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон болохыг хуулийн байгууллага тодотгож буй.
Холбоотой мэдээ