Жагсаал бүр төгөлдөршиж, энтертаймент тал руугаа хувирч байна. Өдөр болгон нэг "инфлүүзэр" эсвэл урлаг соёлын од гарч ирээд удирддаг, тэнд үсээ хүртэл тайрч, үр хүүхдээ авчирч оролцуулан жүжигчилсэн тоглолт үзүүлж буйн ард зорилготой, зохион байгуулалттай, санхүүжилттэй болж байгаа нь нүдэн дээр илэрхий.
МАН-ын эрх мэдлийн хуваарилалт дээр Монголын санхүүгийн бүлэглэлүүдийн зодоон нэмэрлэж, үүнийг гадаадаас овжин ашиглаж буй нь ойлгомжтой. Их гүрнүүдийн дунд орших, Азидаа л ардчиллын баян бүрд гэгддэг Монголд өрнөж буй, бүтэн долоо хоног шахуу үргэлжилж байгаа иргэдийн эсэргүүцлийн жагсаал, жагсаалын зорилго, үр дагавар Орос, Хятадад төдийгүй олон улсын анхаарлыг татаж байна.
Мэдээж, Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ дагуу иргэд жагсах эрхтэй, мөн жагсахгүй ч байх эрхтэй. Жагсахгүй байлаа гээд энэ нь хэн нэгнээс урвасан, хэн нэгэнд худалдагдсан асуудал огтоос биш. Бусдын үзэл бодлоо илэрхийлэх, бусдын үзэл бодлыг хүндэтгэхийг, үүнийг ардчилал гэж хэлээд байгаа юм. Түүнээс хэн нэгэн таалагдахгүй байлаа гээд түүнийг талбай дээр аваачиж ирээд "буудвал" жинхэнэ дарангуйлал нүүрлэнэ, хэлмэгдүүлэлт эхэлнэ.
Үнийн өсөлт, эдийн засгийн хямрал, эрх баригчдын бодлого, шийдвэрт бухимдсан иргэд ууртай байна. Иргэдийг уур хилэнг үймээн самуун болгон хувирах танил технологи харин эндээс харагдаж байгаа нь жагсаал өөрийн гэсэн найруулгатай, жүжигчидтэй, хөгжөөн дэмжигчидтэй, алга ташилттай болж буйд юм. Жишээ нь, жүжигчин М.Баярмагнай, дуучин Э.Дашням нарын “одод” хэн нэгнийг цаазаар авахыг уриалж эхэлсэн нь айдас, хүйдэс дагуулж байна. Ардчилал байгаагүй бол тэд од болохгүй байсан нь чухамхүү үнэн юм.
Жагсагчдыг зүгээс гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж гаргах, Оюутолгойг хурааж авах, хэн нэгнийг цаазалах, Ерөнхийлөгчийн засаглалд шилжих гэх мэт үг, үйлдэл гаргаж буй нь яавч монголчуудын хүсэл биш. Ходоодоор нь эрх чөлөөг нь наймаалцах гэсэн гадаад, дотоодын улстөрчдийн хорт явуулга байж таараа.
ТАНИЛ ТЕХНОЛОГИ
Хоёр хоногийн өмнө Германы канцлер Ольцийн засгийн нэг жилийн ойгоор нь төрийн эрхийг хууль бусаар авахаар бэлтгэж байсан гэх хэргээр 25 хүнийг 11 мужаас баривчилжээ. Тэд Германы Засгийн газрын ордон Рейхстаг уруу гэнэтийн дайралт хийж засгийн эрх авахаар төлөвлөж байсан гэнэ. Хамгийн сонирхолтой тэдгээр хүмүүсийн олонх нь олон арван мянган гишүүнтэй Рейхсбургер хэмээх үндсэрхэг хөдөлгөөний идэвхтэнүүд байсан гэх. Гитлерийн Германы Рейхийн эзэнт гүрнийг өнө мөнхөд оршдог хэмээн үздэг тус хөдөлгөөний гол идеалоги нь барууны үнэт зүйлийг эсэргүүцэх, еврей нарын эсрэг зогсох, хуучны хаант төрийг сэргээх гэж өөрсдөө тайлбарладаг. Зарим судлаачдын яриагаар эдгээр хөдөлгөөний ард Оросын тусгай алба байж барууны ардчилалын эсрэг турхирч шинэ хүйтэн дайныг хийж байгаа гэх хардлага хүртэл бий.
Технологийн хөгжил, даяршилтай холбоотой улс орнуудын хооронд шинэ хүйтэн дайн өрнөж, цэрэг зэвсэгийн хүчээр шууд тулахаасаа илүүтэй өрсөлдөгч улсынхаа нийгмийн дотор эмх замбараагүй байдал үүсгэж, иргэдийг “могойд барьдаг мод” болгодог жишиг тогтсон. Дэлхий дээрх өнгөт хувьсгалууд ч ингэж явагдсан бий.
Жишээ нь, эрх баригчдынхаа авилгал, хүнд суртал, эдийн засгийн хүндрэлд уурлаж, бухимдсан жирийн иргэдийн жагсаал нэг мэдэхэд хүчирхийлэлээр үргэлжилж, өнгөт хувьсгалууд ээлж дараалан өрнөсөн Арабын түүхийг монголчууд уншсан байх. Ливанд “хуш модны”, Сербид “Бульдозерийн”, Гүржид “Сарнайн”, Украинд “Улбар шар”, Киргизэд “Алтанзулын” өнгөт хувьсгалууд өрнөсөн, гарсан. Эдгээр өнгөт хувьсгалууд иргэдийнх нь хүсэл мөрөөдөл нь байгаагүй.
Оросуудын хувьд өнгөт хувьсгал хийхдээ үндэсний үзэлтэй нэг улстөрчийг онцгойлон дэмжиж, ардчиллын эсрэг тролл армийг сонгуулийн болон жирийн үеүүдэд идэвхитэй ашигладаг гэсэн яриа бий. АНУ-ын "Нью Йорк таймс" сонин өнгөрсөн намар "ОХУ нөлөөнийхөө бүсийг тэлэх, хадгалах үүднээс 2014 оноос хойш 20 гаруй улсын улс төрийн сонгуульд нөлөөлсөн тухай, үүнд 300 сая ам.доллар зарцуулсан" гэх мэдээллийг дэлхийд цацсан. Тэрхүү мэдээлэлд Азийн нэгэн улсын улстөрчийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд тус улсад суугаа Элчин сайдаар нь дамжуулан санхүүжилт өгсөн тухай дурдагдаж, тэр нь Монгол, Монголын улстөрч нь Х.Баттулга гэх хардлага хүртэл дагалдсан билээ.
МАН: МЭХТ МЭХЭНДЭЭ
Жагсаал эхэндээ эрх баригчдад ашигтайгаар эхэлсэн бол байдал Монголын тусгаар тогтнолд хортойгоор эргэжээ. Товчхондоо, МАН-ынхан жоомоо алах гэсэн биш гэрээ шатаах дээрээ туллаа.
Цагаан байрны дотоод зөрчил гудамжинд гарч, МАН-ын гал тогоог/ мөнгийг/ хэн базах вэ гэсэн эрх мэдлийн шинэ хуваарилалт МАН-д өрнөж байна. Үндсэндээ МАН-ын тогоо дахин хагарч, энэ удаагийн зодоон 60+70 ба 80 оныхны дунд өрнөж байгаа нь худлаа биш юм. Нэг талд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээр ахлуулсан жар далаад оныхон, нөгөө талд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын 80 оныхон эсрэгцлээд зогсож байна. Ах нарынх нь зүгээс “ах нь сургадаг, дүү нь сонсдог” байхыг хүсч буй бол дүү нарынх нь улс төрийг харвал “Ирж яваа цагийн дууг харьж яваа хүн дуулдаггүй” л гэгч болж байна.
Нүүрсний хулгайн асуудлаар хятадууд Монголд мэдээлэл өгсөний дараа Ерөнхий сайд Л.Оюун Эрдэнэ үүнийг эрх мэдлээ зузаатгах хөзөр болгон ашиглахаар шийдсэн. Гэвч, нүүрсний хэрэгт нам нь гүн гүнзгий, журмын нөхөд нь бүр ч гүнзгий, танхим дотор нь хүртэл тэд ороод суучихсан тул олон нийтийн дэмжлэг авахын тулд шүгэл үлээсэн биз.
Жагсаалыг анх эхлүүлсэн “Худал ба буруу” нөхөр одоо таг "нуугдчихсан", цөс нь хөөрсөн жирийн залуус түүний улс төрийн хохирогч болж магадгүй болжээ.
"Живж яваа хүн хөвж яваа мөчрөөс зүүгддэг" гэгчээр яг үүнийг анаад, ийм зүйл хүсээд сууж байсан нүүрсний бүлэглэлийнхэн боломжийг юу гэж алдах билээ. Жагсаал руу чучил нэмж, дээрээс нь гадаадын тусгай албад бүр тос цацаж орхилоо. Анхандаа нүүрсний хулгайн эсрэг жагсаал сүүлдээ тэдний найруулга, жүжиглэлтээр үргэлжилж байна.
ХУВЬСАЛ ХИЙХ ҮҮ, ХУВЬСГАЛ ХИЙГДЭХ ҮҮ?
Эрх баригчдад энэ талаар бишгүйдээ л сануулсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж, Х.Баттулгаас айсандаа Ардын намынхан 2019 онд дутуудуулснаа гүйцээхгүй бол хувьсгал гарч магадгүйг, Монгол авторитори дэглэм тогтож болзошгүй эрсдэл бодитоор бий болчхоод байгааг ахин, дахин сануулахад буруудахгүй биз. Үнэндээ өнгөрсөн гучин жил тогтолцоогоо тодорхой болгоогүйн улмаас өнөөдөр Монгол хулгай, луйвартаа идэгдсэн, хараал хорлолдоо нэрвэгдсэн улс болж байна.
Сонгуулийн тогтолцоогоо холимог хувилбараар явуулах, парламентын гишүүдийн тоог нэмэх, Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох, Ерөнхий сайдад парламентаа тараах эрх мэдлийг Үндсэн хуульд бүр суулгаж өгөх нь цаг үеийн дуудлага болжээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр Улс төрийн намууд 100 хувь “гар өргөж” байгаа нөхцөлд эрх баригчид эцэг хуулийг өөрчлөхөд яаравчлах ёстой.
Үндсэн хуулийн реформ явуулсны дараагаар Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчлэх, улс төрийн намуудын санхүүжилтийг шилэн болгох, төрийн компаниудыг хувьчлах асуудлыг ярих, хөндөх ёстой. Ингэж байж л Монголын улс төр, эдийн засаг цэвэршинэ. Хулгай луйвар цэгцлэгдэнэ. Одоо улам оройтохоос өмнө тогтолцооны алдаагаа засах хэрэгтэй. Үгүй бол МАН өөрөө ч “үсгүй ардчигдах”-аар болжээ.
Аюулгүй байдлын стратегичдийн анхааруулж буйгаар ойрын хоёр долоо хоногийн дотор нэгд, жагсагчид дундаас суулт хийгээд эхлэвэл, хоёрт, суулт нь өлсгөлөн болбол, гуравт, хэсэг жагсагчид төрийн ордныг дайрч эзлэн авахыг оролдвол цаана нь өнгөт хувьсгал хийх сценари хаа нэгтээ “найруулагдаж байна гэсэн үг. Захиалагч нь “гадаадад”, санхүүжүүлэгч нь мөнгөтэй, жүжигчид нь харин монголчууд өөрсдөө. Үзэгчид нь бас монголчууд бид, үр дагаврыг нь төсөөлөхөд хүртэл бэрх.
Жагсагчдын олонх нь нүүрсний хулгай, баян, ядуугийн ялгаа, дабль стандарт, дарга нарын авлигад дургүйцэж буй болохоос өнгөт хувьсгал, хүчирхийлэл огтоос хүсээгүй болохыг улстөрчид, шийдвэр гаргагчид сайн ойлгож эртхэн гэрээ шатаахаасаа өмнө жоомнуудаа устгах цаг ирээд байна.
Холбоотой мэдээ