Ши Жиньпин Арабын ертөнцөд нөлөөгөө тэлж байна

Хуучирсан мэдээ: 2022.12.09-нд нийтлэгдсэн

Ши Жиньпин Арабын ертөнцөд нөлөөгөө тэлж байна

Ши Жиньпин Арабын ертөнцөд нөлөөгөө тэлж байна

Хятадын дарга Ши Жиньпин өчигдөр Саудын Арабын хаан, хунтайж нартай уулзаж, бүс нутаг дахь харилцаа холбоогоо бэхжүүлэх алхмыг хийлээ. ОХУ-аас Украинд явуулж буй дайн сунжирч, олон улсын хориг арга хэмжээнүүд эрчимжиж буй энэ үед Хятадын төрийн тэргүүний Саудын Араб дахь айчлал олон улсын анхаарлыг татаж байна. Айлчлалаар Ши Жиньпин ямар асуудлыг хөндөн ярьсан нь тодорхойгүй ч Эр-Риядын сонинд мэдээлэхдээ, "Хятад, Арабын орнуудын хоорондох харилцаа 2000 гаруй жилийн түүхтэй" гэдгийг онцолжээ.

Мөн зөнч Мухаммедын хэлсэн “Хятад хүртэл явах шаардлагатай болсон ч мэдлэгийг эрэлхийл” гэсэн үгийг тус буланд иш татсан байна.

Харин Ши Жиньпин хэлэхдээ, "Арабууд тусгаар тогтнолыг үнэлж, гадаадын хөндлөнгийн оролцоог эсэргүүцдэг бөгөөд хүчний улс төрийн эсрэг зогсож, үргэлж ахиц дэвшил гаргахыг эрмэлздэг" гэжээ. Түүнчлэн тэрбээр Бахрейн, Кувейт, Оман, Катар, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират улсуудыг нэгтгэсэн  Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөл нь дэлхийн эдийн засагт "түлшний сав" болдог гэдгийг онцолсон байна.

Хятад нь түүхий нефтийн хамгийн том хэрэглэгч орон бөгөөд Саудын Арабаас импортын хараат байдаг. Жил бүр Саудын Арабаас түүхий нефть импортлоход Хятад улс олон тэрбум ам.долларыг зарцуулдаг аж. 

Саудын Арабын төрийн мэдээллийн агентлаг Ши Жиньпинийг хааны ордонд хүлээн авсан хунтайж Мухаммедын уулзалтыг онцлон мэдээлжээ. "Washington Post" сонины нийтлэлч Жамал Хашоггиг хөнөөх тушаал өгсөн гэх хардлагаас үүдэн Саудын Арабын хунтайж Мухаммед хэдийнэ олон улсад танигдсан нэгэн.
Мухаммед хунтайжийн Улаан тэнгист байгуулахаар зорьж буй Неом футуристик хотыг байгуулах 500 тэрбум ам.долларын бүтээн байгуулалтад Хятад улс оролцох хүсэлтээ илэрхийлжээ.
Үүнээс гадна  Ши Жиньпин Саудын Арабын 86 настай хаантай хамт ширээний ард суун, баримт бичгүүдэд гарын үсэг зурж байгаа дүрсийг үзүүлсэн байна. Хоёр орны хооронд гэрээ, хэлэлцээрүүдийг байгуулсан бөгөөд үүнд Хятадын технологийн "Huawei" компанийн үүлэн технологи, дата мэдээллийг ашиглах тухай багтжээ.
Гэтэл АНУ-ын зүгээс "Huawei" компанитай хамтарч ажиллах нь тагнуулын аюултай талаар өмнө нь Персийн булангийн орнуудад анхааруулсан.
Айлчлалын үеэр Ши Жиньпин, Саудын Арабын хаан Салман нар хоёр жил тутамд төрийн тэргүүн нарын уулзалтыг зохион байгуулж байхаар тохиролцсоныг Синьхуа агентлаг мэдээлжээ. Түүчнлэн Ши Жиньпин  Суданы цэргийн удирдагч Абдел-Фаттах Бурхантай  уулзсан байна. Суданд өнгөрсөн жил цэргийнхэн төрийн эрхийг авсан бөгөөд Даваа гаригт иргэний удирдлагатай шилжилтийн засгийн газар байгуулахаар гэрээ байгуулсан. Гэвч уг гэрээнд засгийн газрыг хэзээ байгуулах огноо тавиагүйгээс өчигдөр Суданд эсэргүүцлийн жагсаал өрнөсөн билээ.
АНУ-ын анхаарал дэлхийн өөр өнцөг рүү чиглэсэн тул Персийн булангийн Арабын орнууд гадаад бодлогоо өөрчлөхийг хичээж байна гэж ажиглагчид дүгнэж байна. 
ОХУ-аас Украинд дайн хийж буйгаас барууны орнуудын Москвад хандах байр суурь өөрчлөгдсөн нь Арабын орнуудыг Хятадтай харилцаагаа бэхжүүлэхэд хүргэсэн гэж харжээ.

Үүнээс гадна уйгур болон бусад мусульман үндэстний цөөнхийн эрх ашгийг зөрчсөн Хятадын үйлдэлд Саудын Араб халхавч болж өгсөн гэж шүүмжлэгчид үзэж байна. Хятадын алс баруун хязгаарын Шинжаанд сая гаруй хүнийг хорих төвүүдэд хорьж, хүчээр шашнаас нь татгалзуулж, Ши болон намдаа үнэнч байх тангаргийг хүчээр өргүүлж байна гэж олон улс мэдээлж буй. Цар тахлын үеэр гадагшаа айлчлаагүй Ши Жиньпин олон улсын хүчирхэг удирдагч гэсэн статусаа бэхжүүлэхэд Саудын Арабт хийсэн айлчлал чухал нөлөө үзүүлнэ гэж ажиглагчид харж байна. Айлчлалынхаа үеэр Ши Жиньпин Хятад-Арабын орнуудын чуулга уулзалт, Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн уулзалтад оролцох төлөвлөгөөтэй байна. 

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж