М.Мандахмягмар: Тогтвортой хөгжилд манлайлах бодитой алхмууд хийнэ

Хуучирсан мэдээ: 2022.12.09-нд нийтлэгдсэн

М.Мандахмягмар: Тогтвортой хөгжилд манлайлах бодитой алхмууд хийнэ

М.Мандахмягмар: Тогтвортой хөгжилд манлайлах бодитой алхмууд хийнэ

ХААН Банкны Тогтвортой хөгжлийн газрын захирал М.Мандахмягмартай ярилцлаа.

-Дэлхий нийтээрээ Тогтвортой хөгжлийн төлөө зорьж, үүрэг амлалт авснаас хойш долоон жилийн хугацаа өнгөрчээ. Тогтвортой хөгжил гэж юу болохыг хүмүүс гадарлах болж, аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүс дор бүрнээ хувь нэмрээ оруулахаар хичээж байна. ХААН Банк энэ  чиглэлээр ямар ахиц, ололттой явна вэ?

-Тогтвортой хөгжлийн зорилго 2015 онд батлагдсанаас хойш улс орон бүр өөрийн гэсэн зорилго зорилтууд дэвшүүлж, түүндээ хүрэхийн тулд хичээж байгаа. Манай улсын хувьд бодлогын томоохон бичиг баримтууд салбар болгоны хөгжилтэй уялдан гарч байна. Тэр дундаа банк санхүүгийн салбар тогтвортой хөгжил, тогтвортой санхүүжилтийн чиглэлд нэлээд санаачилгатай, үлгэр жишээ ажиллаж байна. Тухайлбал, манай банкны хувьд дотооддоо дагаж мөрдөх Тогтвортой хөгжлийн бодлогыг 2020 онд баталсан, гэхдээ үүнээс ч өмнө, 2011 оны үеэс ХААН Банк Олон улсын санхүүгийн корпорацийн гүйцэтгэлийн найман стандартыг хэрэгжүүлж, бизнесүүдэд зээл, санхүүжилт олгохдоо байгаль орчин, нийгэмд үзүүлэх эрсдэлийг нь үнэлээд, хэрэв тухайн бизнес өндөр эрсдэлтэй бол санхүүжүүлэхгүй байх хүртэл шийдвэр гаргадаг тогтолцоог бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, илүү хариуцлагатай буюу ногоон бизнесүүдийг дэмжих үйл явц тухайн үеэс эхлэлтэй.

-Монголын банкуудын холбооны Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр мөн энэ үеэс санаачилга нь гарсан байх аа?

-Тийм шүү. 2013 онд арилжааны бүх банк уг хөтөлбөрт нэгдэж, бидний нэрлэж хэвшсэнээр ТоС-ын найман зарчмыг үйл ажиллагаандаа дагаж мөрдөхөөр санамж бичиг зурсан. Үүнээс хойш банкны салбарын зээл, эрсдэлийн хэсэг дээр байгаль орчин, нийгмийн эрсдэлийг үнэлэх, харилцагчдыг санхүүгийн хөшүүргээр нь дамжуулж, хариуцлагатай бизнес эрхлүүлэх үйл ажиллагаа нэлээд системтэй болж ирсэн. ХААН Банкны хувьд ч гэсэн энэ чиглэлийн ажлуудаа нэлээд өргөжүүлж, тасралтгүй сайжруулсаар ирсэн. Үүний зэрэгцээ зөвхөн зээл санхүүжилт олгохдоо хариуцлагатай бизнесүүдийг дэмжээд зогсохгүй ХААН Банк өөрөө аж ахуйн нэгжийн хувьд яаж хариуцлагатай, тогтвортой бизнес эрхлэх вэ гэдэг зарчим руу шилжиж эхэлсэн. Байгууллагынхаа хэмжээний дотоод үйл ажиллагааны түвшин бүрт Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг уялдуулж, шингээх нь бидний урдаа тавьсан нэлээд том зорилго болж эхэлсэн гэсэн үг л дээ.

-Хэзээнээс Тогтвортой хөгжлийн газар гэдэг тусдаа багтай болсон бэ?

-ХААН Банкны компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлдэг ХААН Банк Санг 2007 онд анх байгуулж байсан түүхтэй. Уг сангийн үйл ажиллагааг  2018 оноос өргөжүүлж, Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг банкны хэмжээнд дотоод үйл ажиллагаандаа нийцүүлж, бүх шийдвэр гаргалтдаа уялдуулъя гэдэг зорилт бид дэвшүүлсэн. Энэ үеэс ХААН Банк Сан маань тогтвортой хөгжлийн санаачилга, ажлуудыг хариуцаж эхэлсэн. 2019 оны сүүлээр банканд нэлээд том бүрэлдэхүүнтэй Тогтвортой хөгжлийн ажлын хэсэг байгуулж, 2020 онд Тогтвортой хөгжлийн анхны бодлогоо баталсан. Бодлого батална гэдэг маань үндсэн бизнесийнхээ хүрээнд биш, илүү өргөн хүрээнд тогтвортой хөгжил гэдэг зүйлийг яаж хангах вэ, урт хугацаанд хэрхэн тогтвортой, амжилттай ажиллах вэ гэдэг үндэс суурийг тавьсан гэсэн үг. Мөн банкны жилийн тайлангаас тусдаа Тогтвортой хөгжлийн тайланг жил бүр гаргадаг болсон. Зөвхөн зээл санхүүжилт гэхгүйгээр том зургаараа бүх үе шат болгонд, банкны хэмжээнд тогтвортой хөгжлийн зорилгуудад тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулахаар бид зорьж ажиллаж байна. Энэ нь гэхдээ бидний хувьд цоо шинэ санаачилга бус дээр дурдсаны дагуу манай дотоод үйл ажиллагааны чиглэл бүрт шингэсэн байдаг. Үүнийг илүү системтэй хэрэгжүүлэх, шинэ санаачилгуудыг ажил хэрэг болгох, бүх оролцогч талуудад нээлттэй тайлагнах зэрэг зорилтын дор Тогтвортой хөгжлийн газрыг энэ оны 5-р сард байгуулсан. Мөн энэ оны эхэнд ХААН Банк брэндийн шинэчлэлээ харилцагч, олон нийтэд танилцуулсан. Ирэх 30, 40, 50 жил банк ямар зорилго, алсын хараатай банк байх вэ гэдгээ тодорхойлж гаргаж ирсэн. Дөрвөн үнэт зүйл тодорхойлсны нэг нь “Тогтвортой хөгжилд манлайлагч байна” гэж тусгасан. Энэ бол харилцагч, түншүүд, ажилтнууд, бүх оролцогч талуудтайгаа хамтдаа өсөж хөгжье, илүү суралцаж, илүү сайжиръя гэсэн агуулгыг эрхэмлэж буй хэрэг юм. Брэндийн агуулга, үнэт зүйлд энэ талаар тусгана гэдэг нь ХААН Банк цаашдаа тогтвортой хөгжилд илүү бодитой, дорвитой алхмууд хийнэ гэсэн том зорилго тавьсныг харж болно оо гэсэн үг.

-Уур амьсгалын өөрчлөлтөд банк шууд утгаараа яг яаж хувь нэмэр оруулж байна вэ?

-Ер нь дэлхий нийтэд тогтвортой хөгжлийн чиглэлд уур амьсгалын өөрчлөлт,  эрсдэл гэдэг зүйл маш хурцаар хөндөгдөж байна. Банкны салбарын хувьд харилцагч бизнесүүдэд санхүүгийн хөшүүргээр  нь дамжуулаад уур амьсгалын эрсдэлд хамгийн бага нөлөөтэй байх шаардлагуудыг тавих, тухайн бизнес маань үүнд ямар нөлөө үзүүлж байна вэ гэдгийг үнэлж дүгнэлт гаргаж өгөх, хэрхэн үнэлэхийг зааж сургах, бууруулж болох ямар боломж байна вэ гэдэгт хамтарч ажиллаж байна. Манай банкны хувьд цаашид олгох зээлүүддээ уур амьсгал, нийгэм, байгаль орчин, засаглал, бусад хүчин зүйлүүдэд ямар нөлөө үзүүлж байна вэ гэдгийг хэмжиж, санхүүжилт олгох шийдвэр гаргалтын томоохон хүчин зүйлээр авч үздэг. Үүнийгээ илүү тодорхой, нарийн тайлагнаад бүтэн зургаараа Парисын хэлэлцээрт нэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийг 22.7 хувиар бууруулна гэсэн Монгол Улсын зорилтод хэрхэн хувь нэмэр оруулж байна вэ гэдгийг тооцож гаргах юм. Үүнд  нь тодорхой хэмжээний үүрэг амлалтаас нь хуваалцах том зорилготой байгаа гэсэн үг. Үүнээс гадна бид байгууллагынхаа хэмжээнд өөрсдийн өдөр тутмын үйл ажиллагаагаараа уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн нөлөөлж байгаагаа тооцох, үүнийгээ бас нээлттэй тайлагнах зэрэг ажлыг үе шаттай нэвтрүүлээд явж байна.

-Бусад улс оронтой харьцуулахад энэ тал дээр бид хаахна явна вэ?

-Ер нь Монголын банк санхүүгийн салбар Тогтвортой санхүүжилтийн чиглэлд үлгэр жишээ ажиллаж яваа. Ялангуяа манайхтай ижил Азийн хөгжиж буй орнуудаас Монголд ирж туршлага судлах аялал их хийдэг. Жишээлбэл, энэ жил Казахстан улсын банк санхүүгийн байгууллагуудын төлөөлөл ХААН Банкны төв оффист ирж, Тогтвортой хөгжлийн бодлого, тогтвортой санхүүжилтийн ажлуудтай танилцаад явсан. 2019 онд Камбожийн банкуудын төлөөлөл ирж манайхаас мөн туршлага судалсан. Ер нь бол ногоон санхүүжилт, ногоон эдийн засгийн орчныг бүрдүүлэхэд санхүүгийн салбар их сайн гар нийлж ажилладаг шүү. Өнгөрсөн арваннэгдүгээр сард банкны салбарын төлөөллүүд Нидерланд, Герман улсын Хөгжлийн банкууд болон ногоон төслүүдтэй танилцаад ирсэн. Уг танилцах аяллын үеэр Монголын банкууд, тогтвортой санхүүжилтийн чиглэлд гарсан санал санаачилга, ололт амжилтыг сайшаан хамтран ажиллах боломжууд их байгааг цаад талаас хэлж байсан нь бидэнд их урам болсон. Урт хугацаандаа бодитой эерэг нөлөө үзүүлэх, ногоон санхүүжилт, ногоон орчныг бүрдүүлэхэд Монголын банкууд санаа нэгтэй их сайн ажилладаг. Монголын хувьд тогтвортой санхүүжилтийн замын зургаа гаргаж, 2030 он гэхэд Ази Номхон далайн бүсийн мэдлэгийн төв болно гэсэн том зорилт тавьчихсан явж байна.

Олон улсын санхүүгийн корпорациас жил болгон судалгаа хийж, улс орнуудыг үнэлдэг. Энэ хүрээнд тогтвортой санхүүжилтийн тал дээр ахисан түвшинд яваа гэдэг ангилалд манай улсыг оруулсан байсан. Ахисан түвшин гэдэг бол нэлээд боломжийн болсон байна гэсэн үг биз?

-Тийм байна.

-Яагаад гэвэл энэ чиглэлийн бодлогын баримт бичгүүдээ нэлээд сайн гаргачихсан, системийн хэмжээнд нэвтрүүлээд ажлаа эхэлчихсэн. Сүүлийн жилүүдэд зохицуулагч байгууллагууд маш идэвхтэй ажиллаж байна. Бид улирал тутам Монголбанканд тайлан гаргаж өгч байна. Энэ оны II улирлын байдлаар системийн хэмжээнд манай банкны ногоон зээлийн эзлэх хувь 24.5 хувь байгаа нь нэлээд дээгүүрт тооцогдож байгаа.  Энэ ташрамд, хэдхэн хоногийн өмнө Монгол дахь Америкийн худалдааны танхим (AmCham)-аас ХААН Банкийг Нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлөөр манлайлагч байгууллагаар шалгаруулсныг хэлэхэд таатай байна. Өмнө нь бид 2019 онд ТоС холбооны “Шилдэг ТоС оффис”,  2021 онд ТоС холбооны “Шилдэг ТоС банк” болж байсан. Мөн “The Asia Corporate Excellence & Sustainability Awards”-аас “Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Азийн шилдэг байгууллага”-аар манай банкийг шалгаруулсан нь олон улсын хэмжээнд бидний ажлыг үнэлсэн том үнэлгээ байлаа.

-Тогтвортой хөгжил гэхээр их ерөнхий ойлголт, том сэдэв гэж хүмүүс боддог. Гэтэл хувь хүн өдөр тутмын энгийн дадал хэвшлээрээ ч үүнд хувь нэмэр оруулах боломжтой гэж үздэг шүү дээ. Танай ажилтнууд энэ чиглэлд хэрхэн анхаарч байна вэ?  

-Манай үндсэн бизнес банк санхүүгийн үйлчилгээг харилцагч нарт хүргэх. Түрүүн энэ талаар илүү дэлгэрэнгүй ярьсан. Гэхдээ нөгөө талаасаа ХААН Банк гэдэг өөрөө том аж ахуйн нэгж. Олон хүнийг ажлын байраар хангаж байна. Тиймээс дотооддоо ажилтнууд руугаа чиглэсэн хүний нөөцийн бодлого журмууд маань Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдаж байна уу гэдэгт анхаарч ажилладаг. Хүйсийн болон ажилтны тэгш эрх, ажлын байран дээрх бэлгийн дарамтнаас хамгаалах бодлого, уян цагаар ажиллах боломж гэхчилэн хүний эрхтэй холбоотой маш олон бодлого журмууд хүний нөөцийн хэсэгт шинээр гарсан. Дээрээс нь ХААН Банк 6000 гаруй ажилтантай, маш том гэр бүл. Энэ олон хүний сэтгэхүйд тогтвортой хөгжил гэдэг агуулгыг ойлгуулна гэдэг бидний хувьд сорилттой ажил.  Өдөр тутам хийж байгаа бизнесийн үйл ажиллагаанаас гадна иргэн хүний хувьд ажлын байран дээрээ өдрийн цагаар гэрлээ унтрааж, байгалийн гэрлээ ашиглачихдаг, өдрийн хоол идэхдээ нэг удаагийн сав хэрэглэхгүй, өөрийн аягандаа усаа уудаг ч юм уу, цаас хэрэглэхгүйгээр цахим орчинд файл, тайлангуудаа харчихдаг, хогоо ангилж хаяад хэвшчихвэл тогтвортой хөгжилд оруулж буй бодитой алхам юм. Тэрийг 6000-уулаа ойлгоод ажиллаад эхэлбэл дам дамандаа  нийгэмд томоохон эерэг нөлөө үзүүлнэ.

Үүнээс гадна банк ажилтнуудынхаа дадал хэвшлийг өөрчлөхийн тулд ажлын орчныг нь ногооруулж, бүх боломжит техник тоног төхөөрөмжөөр хангаж байна. Жишээлбэл, тусгай хэрэгцээтэй харилцагч нартаа зориулан цахим сувгуудаа яаж хүртээмжтэй байлгах, банкны салбар нэгжид ирэхэд нь зориулалтын налуу замтай байх, доторх үйлчилгээний заалны урсгал нь тэр хүнд яаж ээлтэй, ая тухтай байх вэ гэхчилэн олон талаас нь ажиллаж байна гэсэн үг. Тэгэхээр эдгээр хийж буй ажлаа харилцагч нартаа таниулж мэдүүлэх хэрэгцээ шаардлага бас бий. Тогтвортой хөгжлийн 17 зорилго энгийн зүйлээс эхэлдгийг ойлгуулахын тулд бид хоёр долоо хоног тутам Unread вэбсайттай хамтраад “Тогтвортой хөгжил- 2030” цахим товхимол гаргаж байна. Энэ талаар сонирхдог, мэдье гэсэн хүмүүс өөрсдөө бүртгүүлээд үнэ төлбөргүй унших боломжтой. Манай цахим товхимол одоогоор 8000 гаруй уншигчтай болсон, бага багаар уншигчдын тоо нэмэгдсээр байгаа.

-Ногоон зээл авахын тулд тухайн эрхэлж байгаа бизнес ногоон буюу эко байх шалгуур тавьдаг уу?

-Тэр чигээрээ ногоон бизнесийн модель байж энэ төрлийн зээл авна гэж хүмүүс буруу ойлгодог. Энэ талын ойлголт бага байгаа хэрэг л дээ. Жишээ нь, тухайн аж ахуйн нэгж зөвхөн нэг хэсгийн хөрөнгө оруулалт, эсвэл техник төхөөрөмжийн шинэчлэл хийхээр зээл авъя гэж бодъё. Энэ нь өөрөө эрчим хүчний хэмнэлттэй, усны менежмент сайтай байх юм бол тухайн бизнес зөвхөн тэр хөрөнгө оруулалтынхаа хувьд ногоон зээлийн шаардлагыг хангаад зээл авч болно. Манай ажилтнууд салбарт очсон харилцагч нарт энэ талаар мэдээллүүд өгдөг. Бид мөн харилцагч нартаа ногоон зээл, санхүүжилтийн тухай мэдлэг олгох, мэдээлэл түгээх ажлуудыг үе шаттай хийгээд явж байгаа. Дээрээс нь олон улсын байгууллагаас бид эх үүсвэрүүд татаж байна. Саяхан үзэглэсэн, FMO, ЕСБХБ-ны санхүүжилтийн гэрээний хүрээнд татсан эх үүсвэрийг тогтвортой санхүүжилт, ялангуяа жижиг дунд бизнесүүд, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд зарцуулах юм. Эх үүсвэрүүд татна гэдэг нь тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангасан найдвартай банк байна гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрч байгаагийн хамгийн том магадлагаа гэж ойлгож болно. Ялангуяа олон улсын  байгууллагуудаас тавьдаг шаардлагууд их өндөр. Энэ эх үүсвэрүүдийг шууд хүсэлт тавиад авчихдаггүй, бас тийм хямд олддоггүй. Олон сарын, урт хугацааны магадлагаа, нотолгоо шинжилгээнүүд хийгддэг. Үүнийг ХААН Банк даваад гарч байгаа нь өөрөө найдвартай банк гэдгийг илтгэж буй юм.

-ХААН Банк нийгмийн хариуцлагын чиглэлээр олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Хамгийн сүүлд хүүхэд залууст зориулсан сагсан бөмбөгийн талбайг орон даяар байгуулж өгсөн. Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан төслүүд ч бий байх. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Банкны компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан нийгмийн сайн сайханд хувь нэмэр оруулах олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Эдгээрийн дунд чанартай боловсрол, эрүүл мэндийг дэмжих гээд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг шууд дэмжсэн, олон төсөл хөтөлбөр бий. Богино хугацааны төслүүд гэхээсээ мэргэжлийн байгууллагууд буюу оролцогч талуутай хамтраад урт хугацааны төслүүдийг хэрэгжүүлдэг учраас нийгэмд бодитой хувь нэмэр оруулдаг. Жишээ дурдвал, “Хавдрын эсрэг үндэсний аян”, “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”, ХААН Банкны ой хөтөлбөрийг нэрлэж болно. Шинэ оюутны Rise хөгжлийн хөтөлбөр, тэтгэлэгт хөтөлбөрүүд, түрүүн таны дурдсан, хүүхэд залууст чиглэсэн сагсан бөмбөгийн талбайн бүтээн байгуулалтын төсөл байна. “Хавдрын эсрэг үндэсний аян” 2011 онооос хойш арав гаруй жил амжилттай үргэлжилж, цаашлаад улс орны бодлогын түвшинд хавдрын асуудалд ач холбогдол өгч хөтөлбөрүүд хэрэгжиж эхлэхэд манай аяны үр нөлөө байсан гэж бид хардаг. Аливаа ажил санаачилгыг тогтвортой хийвэл үр дүнтэй байдгийг нийгмийн хариуцлагын төслүүд дээрээ олж анзаарсан. Тогтвортой хөгжлийн бодлогыг ч гэсэн банкны хэмжээнд урт хугацаанд тууштай хөгжүүлж, сайжруулж хэрэгжүүлснээр илүү бодитой үр дүнд хүрнэ гэж бодож байна. Дээрээс нь цахим банк болох стратегийн хүрээнд маш олон бүтээгдэхүүн үйлчилгээгээ цахим руу бид шилжүүлж байна. Цахим банкны хийж байгаа хөрөнгө оруулалтад ч гэсэн Тогтвортой хөгжлийн бодлогуудаа уялдуулж байна. Бидний худалдаж авч суурилуулж байгаа тоног төхөөрөмжүүд эрчим хүчний хэмнэлттэй байх шаардлагуудыг тавьж, бараа бүтээгдэхүүнээ сонгож авдаг. Эко АТМ, Киоск машин жишээ нь хэчнээн хэмжээний эрчим хүчний хэмнэлт гаргав гэх мэтчилэн бүхий л чиглэлд бид яаж тогтвортой хөгжлийн зорилгуудад эерэг нөлөөтэй ажиллах вэ гэдэгт суралцаад, санаачлаад, хэрэгжүүлээд ажиллаж байна даа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж