Найман баг, найман итгэх шалтгаан

Хуучирсан мэдээ: 2022.12.09-нд нийтлэгдсэн

Катар-2022

Найман баг, найман итгэх шалтгаан

Найман баг, найман итгэх шалтгаан

Бооцооны газрууд Бразилын шигшээ багийг фаворитаар нэрлэж байгаа бол Хорват, Марокког тун удахгүй нутаг буцна гэж тооцоолжээ. Гэхдээ энэ удаагийн ДАШТ-д ямар ч тоглолтын ялагчийг урьдчилан таамаглах боломжгүй гэдгийг хангалттай харуулж буй. Одоо үлдсэн найман багт аварга авахад ердөө гурван тоглолт үлдсэн. Тэгвэл одоо үлдээд буй найман багт ямар давуу тал, итгэх шалтгаан байна вэ?

АРГЕНТИН – ХААНЫ ЗАЛУУ АЛБАД

Лионель Месси ДАШТ-ий түүхэнд олон гайхалтай мөчүүдийг бүтээж, 2014 онд шилдэг тоглогчоор шалгарч, алтан бөмбөг хүртэж байв. Гэхдээ олон хүн түүнийг тав дахь дэлхийн аваргадаа урьд урьдынхаасаа илүү сайн байгааг онцолж буй. Аргентины фанатууд Мессигээс тоглолт бүрт гайхамшиг хүсч байна. Нээлтийн тоглолтдоо Саудын Арабд хожигдсоноос хойш тэдний хөл, гар одоо л эвлэж байна гэхэд буруудахгүй. Дан ганц Месси гэлтгүй Алексис Мак Аллистер, Энзо Фернандез, Хулиан Алварез гэх залуучууд дэлхийн аваргын тайзнаа хэрхэн тоглох учраа оллоо. Ингэснээр Мессид ирж буй дарамт бага ч болов буурч байна. Тэгэхээр эдгээр залуучууд тоглолт бүрт Мессид туслаж чадвал Аргентин түрүүлэхэд гайхах зүйлгүй билээ.


БРАЗИЛ – ХАМГААЛАГЧДЫН ХҮСЭХГҮЙ ДОВТОЛГОО

Бразилын энэ жилийн довтолгоо үнэхээр “аймар” байгаа. Тэд 1982 оноос хойш анх удаагаа ДАШТ-ий тоглолтын нэг хагаст дөрвөн гоол оруулав. Роналдо, Ромариа, Ривалдо, Кака, Роналдиньо нарын үед ч ийм амжилт үзүүлж байгаагүй гэхээр энэ жилийн тус багт шилдгүүд цугларчээ. Ришарлисон л гэхэд Бразилын үгүйлэгдээд байсан “9” дугаарын эзэн гэдгээ харуулж, энэ ДАШТ-д хангалттай гоол оруулсан. Домогт Роналдо Назарио түүний талаар “Би чиний төлөө юу хийсэн бэ гэхээр чамд урам зориг өгсөн. Одоо харин чиний ээлж” гэжээ.


ХОРВАТ – ДУНДЫН ҮЕ

Хорватын хөлбөмбөгийн алтан үе солигдохтой зэрэгцэн шинэ үеийнхэн нь доороос гарч ирж байна. Лука Модрич, Иван Перишич нар багаа 2018 онд финалд хүргэж байсан бол энэ удаад Марко Ливая, Йоско Гвардиол тэргүүтэй залуучууд гялалзаж байна. Дасгалжуулагч Златко Далич хамгаалагч Гвардиолыг өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг төвийн хамгаалагч гэж цоллоод амжсан. Тэр ердөө 20 настай шүү дээ. Мөн Хорват Доминик Ливакович гэх шинэ баатартай болсон. Түүний хаалтууд Японыг буулган авахад гол үүрэг гүйцэтгэсэн билээ. Ийнхүү тэдний алтан үе, шинэ үе хамтран аяллаа үргэлжлүүлж байна.


АНГЛИ – ДОВТОЛГООНЫ ОЛОН СОНГОЛТ

Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд сул тоглогч гэж нэгээхэн ч үгүй. Хэн нь ч талбайд гарсан нөлөө үзүүлж чадахаар тоглогчид бий. 2018 онд довтолгооны хүндийг Харри Кейн үүрч явсан бол энэ удаад түүнтэй, түүнгүй гоолын бороо шивэрч буй. Букайо Сака, Пил Фоден, Маркус Рашфорд, Жюд Беллинхем нар ямар ч нөхцөл байдлаас гоол оруулах өндөр чадамжтай.


ФРАНЦ – МБАППЕ

Дөрвөн жилийн өмнө Дидье Дешамын баг Мбаппегийн хурд хүч, авьяас чадвар дээр тулгуурлан түрүүлж байлаа. Энэ удаад ч нэг их ялгаа алга. Ганц ялгаа нь Оливье Жиру гоол оруулаад эхлэв. Тэр аль хэдийнэ гурван гоол оруулаад байгаа бол Усман Дембеле үндсэн ажлаа хийж, хоёр гоолын дамжуулалт өгчээ. Таван гоол, хоёр гоолын дамжуулалт өгөөд буй Мбаппе шиг тоглолт, амжилтыг өмнө 1962 онд Гарринча, 1986 онд Марадона нар бүтээж байлаа. Мбаппе 30 нас гартлаа Францын давуу тал байсаар байна.


МАРОККО – БҮХНИЙГ ХАМГААЛАЛТАД

Марокко бол яахын аргагүй энэ ДАШТ-ий гэнэтийн бэлэг. Гэхдээ тэдэнд түрүүлэх боломж байгаа болов уу? Юуны түрүүнд Португалыг давах хэрэгтэй байх. Мароккогийн хамгаалалтыг давна гэдэг хүнд даалгавар гэдгийг бид өнгөрсөн тоглолтуудаас нь хангалттай харсан. Тэд ДАШТ-ий дөрвөн тоглолтод ганцхан гоол алдсан гэх сүрдэм үзүүлэлттэй яваа. Бельги, Хорват, Испани хүртэл тэдний хатуу ширүүн, бат бэх хамгаалалтыг сэтэлж чадаагүй гэхээр ямар өндөр формтой байгаа нь харагдаж байгаа биз.


НИДЕРЛАНД – ШИНЭ ЦАРАЙНУУД ТАНЬДАГ АРГА

2014 онд Луи Ван Гаалын Нидерландын шигшээг амжилттай удирдаж, хүрэл медаль хүртэж байлаа. 2022 онд тэрбээр дахин эргэн ирэхдээ хуучин арга барилаа шинэ тамирчид дээр хэрэгжүүлж байна. Арьен Роббен, Ван Перси, Уэсли Шнайдер нарын оронд Гакпо, Фрэнки Де Йонг, Мемфис Депай түүнд байна. Мөн хамгаалалтад нь Виржил Ван Дик гэх Европын шилдэг бий. Ван Гаал багийнхаа талаар “Манай багийн эсрэг тоглож сурсан баг харагдахгүй байна. Энэ л бидний боломж. Бид энэ ДАШТ-д түрүүлж чадна гэж би нэг жилийн турш ярьж байна. Бид түрүүлнэ биш бид түрүүлж чадна” гэжээ.


ПОРТУГАЛ – НЭГ ХҮНИЙ ШОУ БУС БАГИЙН ТОГЛОЛТ

Нэг тоглолтоос дүгнэлт хийх учир дутагдалтай ч Португал Роналдог сэлгээнд суулгасан тоглолтдоо зургаан гоол оруулав. Хэсгийн шатанд ч Португал Роналдог сэлгээнд суулгасан хойно гоол оруулж байгаа харагдсан. Роналдог байхгүй үед түүний оронд талбайд гарсан Гонсало Рамос хет-трик толилуулж, Жоао Феликс хамгийн шилдэг тоглолтоо үзүүлж, Бернардо Силва, Бруно Фернандеш нар гол дүрд тоглов. Бүх бөмбөг Роналдо руу бус бусад тамирчид руу ижил хүрч, тоглолтын баланс хадгалагдаж байгаа нь ажиглагдсан. Магадгүй энэ янзаараа Роналдо үлдсэн тоглолтуудад сэлгээнээс оролцож магадгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж