Монгол Улсын Засгийн газар 2012-2022 оны хооронд Дэлхийн банктай хамтран "Ухаалаг засаг 1" төсөл хэрэгжүүлсэн. Тус төсөл үр өгөөжөө өгсөн эсэхийг сонирхлоо. Төслийн хүрээнд харилцаа холбооны дэд бүтэц, инноваци үйлдэрлэл, нээлттэй өгөгдлийг хөгжүүлэн, төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлжээ. Тодруулбал, төрийн цахим үйлчилгээний тасралтгүй, аюулгүй байдал хангах хүрээнд 12 байгууллагын 112 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлсэн байна. Улмаар иргэн, хуулийн этгээдээс гарах зардлыг 48.4 тэрбум төгрөгөөр хэмнэжээ.
Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд хүлээн авах дуудлагын тоо гурав дахин нэмэгдсэн байна. Эд хөрөнгийн эрхийн лавлагаа авах хугацаа 3 хоног байсныг 3 минут, гэрчилгээ авах дундаж хугацаа 14 хоног байсныг 3-5 болгон бууруулжээ.
Монгол Улсын төрийн цахим мэдээллийн 80 хувийг хадгалдаг "Үндэсний дата төв" УТҮГ-ын серверийн өрөөний багтаамж, сүлжээний хүчин чадлыг 2 дахин, өгөгдлийн сангийн багтаамжийг 3 дахин нэмэгдүүлсэн байна. Үүний үр дүнд байгалийн гамшиг, онцгой байдлын үед мэдээллийг эрсдэлгүй сэргээх зориулалт бүхий төрийн өмчит анхны Нөөц дата төвийг ашиглалтад оруулжээ.
Үндэсний статистикийн хорооны мэдээллийн систем, түүний дэд бүтцийг тус тус иж бүрнээр шинэчилж, олон улсын GSBPM жишигт нийцсэн мэдээллийг цуглуулах, боловсруулах, түгээх цогц системийг нэвтрүүлсэн байна.
Монгол Улс статистикийн мэдээлийн нээлттэй байдлаар Зүүн Азид 1, дэлхийд есдүгээр байранд жагсчээ.
Төслийн нийт хугацаанд давхардсан тоогоор 11818 ажилтан, албан хаагчийг чадавхжуулах сургалт, арга хэмжээнд хамруулж, инновацийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд олон нийт болон оролцогчдод зориулсан сургалтыг 20 удаа 35 чиглүүлэгч багш удирдан, таван үе шаттай зохион байгуулж, 2000 гаруй хүн хамрагдсан байна.
ЖИЛИЙН ТОГТМОЛ 2 ХУВИЙН ХҮҮТЭЙ, 5 ЖИЛИЙН ҮНДСЭН ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨГДӨХ НӨХЦӨЛТЭЙ ЗЭЭЛИЙГ 30 ЖИЛИЙН ХУГАЦААНД ЭРГЭН ТӨЛНӨ
Монгол Улсын Засгийн газар "Алсын хараа-2050", 2020-2024 оны үйл ажилагааны хөтөлбөр, "Шинэ сэргэлтийн бодлого", зорилт, арга хэмжээг хангах хүрээнд "Ухаалаг засаг 2" төслийг Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлэхээр тохиролцжээ.
Энэхүү төслийг цахим үйлчилгээний үр ашиг, хэрэглээг сайжруулах, дижитал ур чадварыг дээшлүүлэх, дижитал технологид суурилсан ажлын байрыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд нийт 25 багц арга хэмжээг гурван үндсэн зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнд:
Нэгд, төрийн бүх шатны байгууллагууд өөр хоорондоо болон иргэн, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагатай цахимаар харилцах систем, орчин нөхцлийг бүрдүүлэн хэрэгжүүлж, хэвшүүлэхээр төлөвлөжээ. Хоёрт, төрийн цахим үйлчилгээний суурь зөөлөн дэд бүтэц болох үндсэн болон дэмжих систем (ХУР, ДАН)-ийг өргөтгөн хөгжүүлж, бүх шатны төрийн байгууллагыг холбон дундын үүлэн шийдлийг нэвтрүүлж, Үндэсний дата төвийн хүчин чаадлыг нэамэгдүүлэх юм байна.
Тоон гарын үсгийн дэд бүтцийг иж бүрнээр нь шинэчилж, тоон гарын үсгийн хэрэглээг дэмжин, төрийн байгууллагын цахим албан бичгийн солилцоог дэмжих нь. Гуравд, джижитал технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааг хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн цахим чадварыг дээшлүүлж, цахим орчинд бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх аж.
"Ухаалаг засаг 2" төслийн хүрээнд Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци (ОУХА)-иас 29.5 сая зээлжих тусгай эрхтэй тэнцэх хөнгөлөлттэй зээл олгох юм байна. Жилийн тогтмол 2 хувийн хүүтэй, 5 жилийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй бөгөөд зээлийг 30 жилийн хугацаанд эргэн төлөх аж.
Засгийн газраас энэхүү хуулийн төслийг энэ сарын эхээр УИХ-д өргөн бариад буй юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.3-т заасны дагуу Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэглийн ДНБ-д харьцуулсан харьцаа 2022 онд 70 хувь, 2023 онд 65 хувь, 2024 оноос эхлэн 60 хувиас хэтрэхгүй байхаар тус тус хуульчлагдсан.
Энэ хүрээнд 2022-2025 оны хооронд эдийн засгийг харгалзан 2.8 хувь, 4.5 хувь, 5.1 хувь, 6.12 хувиар өсч, Монгол Улсын 2022 оны батлагдсан төсөв, 2023 оны төсвийн төсөл, 2024-2025 оны төсвийн төсөөлөлд тусгагдсан гадаад зээлийн хөрөнгийг авч ашиглах тохиолдолд өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь 2022 онд 56.6 хувь, 2023 онд 53.2 хувь, 2024 онд 51.7 хувьтай тус тус тэнцэхээр тооцжээ. Ингэснээр дээрх онуудад Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Засгийн газрын өрийн тухай төсвийн тусгай шаардлагыг хангахаар байгаа аж.
Холбоотой мэдээ