"NEWS" агентлаг залууст зориулсан “Шинэ нэр” булангийнхаа энэ удаагийн зочноор “Эрвээхэйнүүд миний даашинз” номын зохиогч, 12 настай бяцхан авъяастанг онцолж байна. Түүнийг Түвшиндэмбэрэлийн Оюусудар гэдэг.
Т.Оюусудар таван жил гаруй хугацаанд шүлэг бичиж байгаа гэнэ. Бяцхан зохиолч Т.Оюусудар нь зохиолоороо дамжуулан өөрийн насныхан болоод дүү нартаа зөв санааг түгээх хүсэлтэй. Ингээд түүнийг танилцуулъя.
ТҮВШИНДЭМБЭРЭЛ ОЮУСУДАР
2010.09.27
Суралцаж буй сургууль:
Шинэ-Өнөөдөр сургууль
Нас:
12
Биеийн өндөр:
150 см
Хэлэх дуртай үг:
Өчигдөр бол түүх
Маргааш бол нууц
Хайртай амьтан:
Гөлөг, муур
Сошиал хаяг:
FB: Sudarhan Tuvshin
IG: Beahoney_bub
АНХНЫ НОМОО УНШИГЧДАДАА ХҮРГЭЖ БУЙД БАЯР ХҮРГЭЕ. “ЭРВЭЭХЭЙНҮҮД МИНИЙ ДААШИНЗ” ГЭЖ ЯАГААД НЭРЛЭСЭН ЮМ БЭ?
-Миний анхны ном учир би анхны шүлгийнхээ нэрээр нэрлэсэн юм. Аав минь надад санал болгосноор “Эрвээхэйнүүд миний даашинз” гэж нэрлэх болсон.
ХЭЗЭЭНЭЭС ШҮЛЭГ БИЧИЖ ЭХЭЛСЭН БЭ. ШҮЛЭГ БИЧИХЭД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРДӨГ БОЛ?
-Манай аав шүлгийн номоо анх гаргахад би шүлэгт дурлаж эхэлсэн юм. Анхны шүлгээ хоёрдугаар ангидаа буюу 2017 онд бичиж байлаа. Түүнээс хойш 59 шүлэг бичсэн байна. "Анх бичиж байгаа хүүхэд гэхэд муугүй, маш гоё бичсэн байна" гэж олон яруу найрагч надад урам зориг өгсөн нь өнөөдөр ингээд номоо гаргахад чухал нөлөө үзүүлсэн. Энэхүү ном маань Их Эзэн Богд Чингис хааны 860 насны ойгоор хэвлэлтээс гарсан нь их бэлгэшээлтэй байсан. Миний шүлгийг уншиж, отгон гишүүнээрээ хүлээж авч, номыг маань гаргаж өгсөн “Цэгц Аравт" уран бүтээлийн нэгдлийн ах эгч нартаа маш их баярлалаа гэж хэлмээр байна.
ШҮЛГЭЭРЭЭ ДАМЖУУЛАН ЮУГ ӨГҮҮЛЭХИЙГ ХҮССЭН БЭ?
-Би зохиолоороо дамжуулан түүх дурсгал, бидний ирээдүй гээд хүн бүрийг сайн сайханд уриалсан зүйл өгүүлэхийг хүсдэг. Зохиолын ном бичихэд илүү их мэдрэмж хэрэгтэй. Зүгээр нэг хий дэмий зүйл бичих нь муухай гэж боддог. Зохиолын ном өөрөө илүү уран, сонирхолтой, хүнд юм бодогдуулж ухаарал өгөхүйц л байх ёстой.
УДАХГҮЙ ШИНЭ ЖИЛИЙН БАЯР БОЛОХ ГЭЖ БАЙНА. ЯМАР БЭЛЭГ АВАХ ДУРТАЙ ВЭ?
-Би хүнд хэрэгцээтэй зүйлс авахыг илүүд үздэг. Бас хүн бүр өөрт хэрэгтэй зүйлсээ аваасай гэж хүсдэг дээ. Би алдартнуудын тухай эсвэл түүхийн комикс ном авахыг маш их хүсдэг. Жишээ нь, би "Цойлогсод" буюу еврейчүүдийн талаарх ном, "Secret", сэтгэл зүйн болон өнөөгийн монгол хүүхдүүдэд тулгарсан асуудлын талаар ном авахыг хүсч байна. Би бэлэг зүгээр авах дургүй. Хүн заавал амжилт гаргаж байж бэлэг авах эрхтэй болно гэж боддог юм.
ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?
-Хүн амьдралын зорилгодоо хүрэхэд ганц саад болдог зүйл бол залхуурал, мөн өөртөө итгэлгүй байдал. Хэн холыг мөрөөднө, хүснэ, тэр хол явна гэж аав минь дандаа хэлдэг. Энэ нь зүгээр ч нэг үг биш гэж би ойлгодог. Хүн зорилгоо яс тавих ёстой. Хэрэв тэр зорилгоо маргааш, эсвэл сарын дараа гэж хойшлуулаад байвал тэр зорилго алга болдог гэж би хувьдаа боддог. Би чөлөөт цагаараа дуулах, зурах, яруу найраг бичих дуртай. Мөн гадуур байгаа гэр оронгүй, тэнэмэл, өрөвдөлтэй амьтдад хоол авч өгч, хооллодог.
ААВ, ЭЭЖИЙГЭЭ ТАНИЛЦУУЛААЧ?
-Манайх ам бүл зургуулаа. Аавыг минь Оросоогийн Түвшиндэмбэрэл гэдэг. Яруу найрагч, 44 настай. Ээжийг минь Буяагийн Баярдэлгэр гэдэг. Биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, 43 настай. Манай эгчийг Оюунтүлхүүр гэдэг. Нягтлан бодогч мэргэжилтэй, 25 настай . Дүүг минь Оюусоёмбо гэдэг. Шинэ-Өнөөдөр сургуулийн 3б ангид сурдаг. Миний дүү есөн настай, бөх болох хүсэлтэй. Олон том бөх дүүг минь магтаж, сайшаадаг. Том болоод Монгол Улсын дархан аварга болно гэж үргэлж хэлдэг. Бага дүүг минь Ундраа гэдэг, одоо таван настай.
ОДОО ЮУ ХИЙХИЙГ МӨРӨӨДӨЖ БАЙНА?
–Их Эзэн Богд Чингис хааны өлгий нутаг буюу Хэнтий аймгийн Норовлин суманд номын нээлтээ хийна. Дараа нь аавтайгаа гэр урлан нээхийг мөрөөдөж байна. Мөн хоёр жилийн дараа өгүүллэгийн ном гаргана.
ЯМАР МЭРГЭЖИЛТЭЙ БОЛОХЫГ ХҮСДЭГ ВЭ?
-Би Харвардын их сургуульд сурах зорилготой. Сайн сураад Монголдоо ирээд найруулагчаар ажиллаж, сайн кино хийнэ гэж боддог. Сайн найруулагч болж, шилдэг кино бүтээж, Оскарын шагнал авахыг мөрөөддөг.
НАЙЗУУДДАА ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
-Үе тэнгийн найзууддаа хандаж хэлэхэд хүн бүр гоц ухаантай байх албагүй, мундаг сайд дарга болох ч албагүй. Харин араатан биш хүн шиг хүн байж, бие биедээ хайртай байгаарай гэж хэлмээр байна.
Холбоотой мэдээ