Тавилттай, тавилтгүйн дунд, захиалгатай, захиалгагүйн хооронд иргэд таван өдөр жагслаа. Үнийн өсөлтөд амьдрал нь уруудаж, ашиг орлого нь муудсан иргэдийн бухимдал дээр хувийн ашиг сонирхлоо хавчуулж, хулгай луйвраа нуух гэсэн улстөрчид, улс төрийн бүлэглэлүүд улсаараа туг тахих нь холгүй байна. Харамсалтай нь, улсын эрх ашгаас чухал улстөрч, эрх чөлөөнөөс илүү амттай хоол гэж үгүй.
Баянхошуунд нэг хэсэг нь хоолгүй хонож байхад Зайсанд нөгөө хэсэг нь махаа Австралиас, хиамаа Германаас, будаагаа Японоос авч иддэг, иргэд нь Улаанбаатарынхаа гудамжинд хонох нь холгүй түгжирч байхад дарга нар нь эхнэр хүүхдүүдээ дагуулаад гадаадад, дулаан оронд тарвалзаж, тансаглаж байгаад олон нийт, олонхи нь бухимдалтай, хямралтай байгаа нь үнэн.
Иргэдийнхээ аж байдал, амьдрал ахуйн асуудлыг ярих ёстой хууль тогтоогч нь ор хөнжлийн хэрүүлээ олон нийтэд дэлгэж, “зугаа, цэнгэлээ” зурагтаар ярьж суугаа нь Монголын парламент чадамжгүй, Монголын төр “садар самуун”-даа автсаны илрэл мөн. Өмнөх парламентын үед хүчингийн хэргээс болж парламентын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байсан бол Д.Мурат секс скандалын дуулианд холбогдож нэг нэр, хоёр хочтой болж байв. Тэгвэл өнөөгийн парламентад хүчирхийллийн асуудалд Ц.Анандбазар, Ч.Ундрам нар нэр холбогдлоо.
Ёс суртахуун бол хүн хэрхэн биеэ авч явах тухай нийгмийн бичигдээгүй хууль юм. Монголчууд боловсролтой хүмүүс ёс суртахуунтай байдаг гэж эндүүрдэг. Ёс суртахуун бол гэрээсээ, эцэг эхээсээ олж авсан хүмүүжил юм. Шударга тогтолцоотой улсад ёс суртахуунгүй үйлдэл гаргасан улстөрчдийг нийгэм нь “ялладаг” бол Монголд хэвлэлүүд нь өмгөөлөх нь хэвийн үзэгдэл болсон. Ийм болохоор хулгайч, луйварчид нь Төрийн ордонд ороод суучихдаг, тийм болохоор Монгол хөгжихгүй байгаа юм. Үүнд иргэд бухимдах нь, жагсах нь аргагүй.
Гэвчиг Монголд үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хангалттай бий. Иргэд нь талбай дээрээ жагсаж, эрх баригчдаа дуудаж авчраад загнадаг, зандардаг улс дэлхийд лав цөөхөн. Хойд, урд хоёр хөршөө бодвол монголчууд халаас хоосон ч эрх чөлөөтэйгөө.
Эдийн засаг хүндэрч, иргэд нэг талхны мөнгөөрөө тал талх худалдаж авч буй нь худлаа биш. Гэхдээ энэхүү хямралыг, үнийн өсөлтийг Монгол ганцаараа туулаагүй. Дэлхий нийтдээ хүнд, өлсгөлөн, хямрал тэр чигтээ нүүрлэж байна. Жишээлбэл, инфляци Монголд 14.5, Туркэд 85.5, Оросод 17 хувьтай байна. Монгол Улс шатахууны хувьд Оросоос, экспорт, импортын хувьд Хятадаас хараат гэж хэлж болно. Өнөөдрийн инфляцийн өсөлт гаднаас эхтэй, эдийн засаг импортын шоктой байгаа.
БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн сааралт, геополитикийн хурцадмал нөхцөл, тэг ковид бодлого, ОХУ-Украины дайна дэлхий нийтэд тээвэр ложистикийн хямрал гацааг үүсгэж, хүнс, бараа таваарын хомсдол нүүрлэхэд хүргэж байна. Тэр тусмаа цар тахал, дайн байлдаантай хаяа залган оршиж буй Монголд хямрал харьцангуй хүндээр нөлөөлж байгаа. Тэглээ гээд эрх чөлөө, тусгаар тогтнолоо алдах хэмжээний уур бухимдлаа гаргаж, улс төр хийж болохгүй.
Монгол Улсын, монголчуудын жагсаалын талаар дэлхийгээр цацаж буй зорилготой, чиглэлтэй “мессеж”-үүд, мэдээллүүдийг уншихад ийм айдас, ийм болгоомжлол төрж байна. Үзэл бодлоо тайван замаар илэрхийлж болох ч үймээн самуун дэгдээж, өнгөт хувьсгалыг импортлох хэрэггүй.
Өнгөт хувьсгал гарахад авлига хээл хахууль үндсэн шалтгаан болдог ч, үр дагаварт нь геополитикийн, эрх чөлөөний асуудал хурцаар хөндөгддөг. Өөрөөр хэлбэл, өнгөт хувьсгалын үр дүнд нэг хүний засаглал руу, нэг улсын эрхшээлд гулсах, орох илүү аюултай.
Жишээ нь, Киргизид “Алтан зул”-ын хувьсгал гарахад эдийн засгийн хямрал нөлөөлсөн, үүнд Орос тодорхой хэмжээнд оролцсон гэж олон судлаачид харддаг, бичдэг. Оросын зүгээс бослого, хөдөлгөөн гарахын өмнөхөн тус улсад нийлүүлэх шатахуунд ногдуулах татварыг нэмэгдүүлж, үнийг нь хөөрөгдсөнөөр ард олных нь дургүйцлийг өдөөхөд нэмэр болсон гэх нь бий.
Үүнийг “санаж явахад илүүдэхгүй” гэгчээр өнөөдөр ОХУ-аас Монголд нийлүүлэх дизел түлшний хэмжээгээ багасгаж, хомсдол үүсгэж, үнийн хөөрөгдөл “үйлдвэрлэж” буй нь бас худлаа биш ээ. Үүнээс илүү үнэн гэвэл сүүлийн жилүүдэд ОХУ-ын Элчин сайд И.Азизов Монголын улс төр, намуудын дотоод хэрэгт илтэд оролцох болсон билээ. Эрхүүд очихдоо хүртэл “Монголыг Ерөнхийлөгчийн засаглалтай болгох тухай” мөрөөдлөө ярьж явсан, ийм л адын хүсэл, ашиг сонирхолтой хүн.
Оросын хэвлэлүүдээр Монголын жагсаалын талаар өдөр бүр, өргөн агуулгатай гаргаж байгаа нь анзаарах, анхаарах асуудал мөн. "Евразийн тойм" медиа төслийн удирдагч, судлаач Владимир Бережны Эрхүүгийн телевизээр “Монголын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хятад, Японд амжилттай айлчлал хийсний дараа Монголд эсэргүүцэл гарах болсон шалтгааныг эргэцүүлэх ёстой” гэжээ. Энэхүү "дүгнэлт"-ийг ч монголчууд бас эргэцүүлэх ёстой. Эндээс харахад иргэдийн жагсаалыг үймээн самуун болгож, өнгөт хувьсгал руу чиглүүлэхийг “OROZ” хүсч байх магадлал өндөр.
Улсыг дотроос нь хагаралдуулдаг, иргэдийг хажуугаас нь хатгадаг нь их гүрнүүдийг хийдэг, чаддаг ажил. Бодит жишээ нь өнөөдрийн Украин.
Нөгөөтэйгүүр өнгөрсөн өвөл, Казакстанд иргэдийн эсэргүүцэл, үймээн самууныг дарах зорилгоор ОХУ цэрэг, техникээ оруулсан. Муу ёрлож байгаа юм биш. Гэхдээ муугаар бодоход Монголд үймээн самуун дэгдэж, орос цэрэг ороод ирвэл эргээд тэднийг хөөж, эрх чөлөөтэйгөө үлдэх “бяр”, бяд бидэнд бий бил үү. Импортын эдийн засагтай, гадаад дарамттай Монгол Улсын хувьд болгоомжтой, бас дахин болгоомжтой байх ёстой.
Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг. Эв нэгдлээ алдвал нам хүртэл там болдгийн хамгийн том, тод жишээ өнөөдрийн Ардчилсан нам юм. Эгнээндээ 180 гишүүнтэй байсан, цагтаа засгийн эрх барьж явсан Ардчилсан нам өдгөө Оросын гар хөлнүүдээс болоод амь тавьж байна. Ардчилсан нам амьд байж Монголын ардчилал хамгаалагдах ёстой юм. Атал ардчиллыг хамгаалах Ардчилсан нам нь оросуудын гар хөлөөсөө ангижирч чаддаггүй ээ. Тиймээс ардчиллыг хамгаалах сүүлчийн горьдлого нь өнөөдрийн нөхцөлд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болж байна.
Үнийн өсөлт түр зуурын үзэгдэл. Харин ардчилалаа алдвал эрх чөлөө үүрд баяртай болно. Үүнийг ойлгохын тулд үндэсний аюулгүй байдал, үнэт зүйлээрээ монголчууд туг тахиж, тусгаар тогтнолоо тавьж туух шаардлагагүй юм. Эрх чөлөөгөө алдвал монголчууд бүгдийг алдана гэсэн үг.
Холбоотой мэдээ