Монголын "Эмнести интернэшнл" байгууллагын гүйцэтгэх захирал Б.Алтантуяатай ярилцлаа.
-Сүхбаатарын талбайд тав дахь иргэд өдрөө эсэргүүцлийн жагсаал хийж байна. Энэ үеэр зарим хүмүүс ухаан алдаж, гэмтэж бэртсэн. Хүний эрхийн талаас танай байгууллагад гомдол санал ирсэн үү?
-Сүүлийн хэдэн өдөр үргэлжилж буй жагсаалтай холбоотойгоор хүний эрх зөрчигдлөө гэсэн гомдол ирээгүй байна. Хүний эрхийн чиглэлээр ажилладаг байгууллагынхаа хувьд болж буй жагсаал цуглааны талаарх мэдээ мэдээллийг боломжит сувгуудаар хүлээн авч байна. Мөн хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форум гишүүдийн хамтаар жагсаал цуглааныг ажиглаж, баримтжуулж байгаа. ХЭҮК-оос ч мөн жагсаал цуглааны үед хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, анхаарал тавин ажиллаж байна.
Бидэнд одоогийн байдлаар цугласан мэдээллээс харахад, иргэдийн бөөгнөрөл, Төрийн ордон руу дайрах явцад ухаан алдах, бэртэж гэмтэх зэргээр 10 иргэн эмнэлгийн тусламж авсан, цагдаа, дотоодын цэргийн 13 гаруй алба хаагч гар, хөл, толгой цээжиндээ гэмтэл авч мөн эмнэлгийн тусламж авсан.
Гэхдээ энэ бол эцсийн бүрэн тоо биш юм. Тиймээс та бидэнд байгаа мэдээллүүд зөрж байгаа байх. Хэдий тайван замаар эхэлсэн боловч энэ жагсаал цуглааны үеэр гацуур шатаах, хамгаалалттай бүс рүү дайрах, хашаа болон бусад эд зүйлс, хөрөнгөд хохирол учруулсан үйл явдал болсныг хэвлэл мэдээллийнхний шууд дамжуулалт, цахим сүлжээнд тавигдсан иргэдийн мэдээллээс бид харсан. Тэгэхээр жагсаалд оролцогч зарим иргэний санамсаргүй биш, санаатайгаар үйлдсэн бусдын эд зүйл хөрөнгөд хохирол учруулсан зөрчил байгаа эсэхийг цагдаагийн байгууллага алба үүргийнхээ дагуу тогтоох, шалгах үйл ажиллагаа явуулах нь гарцаагүй.
Байцаагдсан хоёр иргэнд эрх зүйн туслалцаа үзүүлсэн тухайгаа өмгөөлөгч мэдээлсэн. ХЭҮК болоод Өмгөөлөгчдийн холбооноос энэ асуудалд онцгой анхаарал хандуулж хууль зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэхээр хамтарсан баг гарган ажиллаж байгаа учраас цагдаагийн байгууллагаас иргэдийг баривчилж шалгаагүй гэдэг мэдэгдлийн үнэн зөв эсэх дээр тайлбар өгөх байх.
Харин цагдаагийн байгууллагын зүгээс уг жагсаалыг бүртгэлгүй хууль бус гэдгээр зохион байгуулагчдыг болоод оролцогчдыг шалгах, байцаах, зөвхөн тайван замаар үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө иргэдийг баривчилж, байцаах ёсгүй.
–Жагсаал, цуглаан хийх эрх чөлөө бол ардчиллын үнэт зүйлсийн нэг. Гэтэл Монголд энэ эрх чөлөө хязгаарлагдмал байгаа. Энэ асуудлаар тодорхой судалгаа хийсэн хүний хувьд юу хэлэх вэ?
-Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ хэрэгжүүлж чадахгүйгээр бид бүхэн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжгүй. Эрх баригчид аль болох шүүмжлэлт дуу хоолойг хумих, нухчин дарах бодлого баримталдаг нь нууц биш. Цар тахлаар далимдуулан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хуран чуулах эрхийг нухчин дарах оролдлого хийснийг Монголын "Эмнести интернэшнл" 2020-2021 оныг хамруулан цар тахлын үеийн хууль сахиулах ажиллагаанд хийсэн судлагаандаа тодорхой дурдсан.
Судалгааны дүгнэлтдээ үндэслэн эрх баригчид, хууль тогтоогч нарт хандан юуны түрүүнд жагсаал цуглаантай холбоотой эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцүүлэхийг шаардсан.
Харамсалтай нь, Засгийн Газраас маш олон хуулийг УИХ-д өргөн барьж, батлуулж байгаа хэрнээ Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг шинэчилэн найруулах тухайд ач холбогдол өгч шуурхай шийдвэрлэлгүй өнөөг хүрсэн. "Эмнести интернэшнл"-ээс үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг бэхжүүлэх, тайван замаар хуран чуулах эрхийг баталгаажуулах, практиктаа хэрэгжүүлэхийг эрх баригчдаас шаардах “Жагсагчдыг хамгаал” дэлхий дахины кампанит ажлыг 2022 оны долдугаар сараас эхлэн өрнүүлж байгаа.
Монгол Улсын нэгдэн орсон олон улсын баримт бичгүүдэд “Хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй бөгөөд энэ эрхэнд төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр эсхүл хэвлэлийн буюу уран сайхны аргаар эсхүл өөрийн сонгосон бусад аргаар эрж хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтдаг” болохыг заасан байдаг. Жагсаал цуглаан хийх нь үзэл бодлоо илэрхийлж буй олон хэлбэрийн нэг.
Жагсаал цуглаантай холбоотой олон улсын бусад судалгаануудаас харахад тайван замаар хийсэн жагсаал цуглаан нь хүчирхийлэл эмх замбараагүй байдал өдөөсөн жагсаал цуглаанаас хэд дахин үр дүнтэй, үр нөлөөтэй зорилгодоо хүрч чадсан байдаг.
Тиймээс жагсагчид аль болох тайван байж, ямар ч тохиолдолд хүч хэрэглэхгүй, өдөөн хатгалгад автахгүй байх нь маш чухал. Мэдээж энэ олон жилийн турш эрх баригчид жагсаал цуглааныг хэрхэн тараах, үр дүнгүй болгох, урвуулан ашиглах арга тактикуудад суралцсан байдаг учраас иргэд олон нийт илүү бүтээлч, тааварлах аргагүй өөр өөр арга барилаар үзэл бодлоо илэрхийлж, нөлөөллийн арга хэмжээгээ явуулж байх, ингэхдээ тайван замаар, хүчирхийллийн бус арга хэлбэрээр явуулах нь чухал.
-Жишээлбэл, гацуур шатаасан иргэнийг мансууруулах бодис хэрэглэсэн гэдэг мэдээллийг албаныхан өгч байсан. Иргэдийг сэрэмжлүүлэх үүднээс жагсагчдыг ингэж “харлуулж” хамруулсан мэдээлэл цацаж болох уу?
-Энэ жагсаалыг анх эхэлсэн цагаас нь ажиглаж, хүний эрх зөрчигдөхөөс сэргийлэн ажилласан ХЭҮК, Хүний эрхийн төрийн бус байгууллагын форум, Монголын "Эмнести интернэшнл" зэрэг хүний эрхийн байгууллагаас иргэд олон нийтийг тайван замаар жагсахыг уриалахын хамт, цагдаагийн байгууллага, алба хаагч нарт жагсаал цуглааны үеэр хэв журам сахиулахдаа олон улсын хууль, хүний эрхийн хэм хэмжээг баримтлан ажиллахыг сануулсаар ирсэн.
Гацуур шатаасан иргэн мансууруулах бодис хэрэглэсэн байсан эсэх, эсхүл албаныхан худал мэдээлэл тараасан эсэхийг шалгаж тогтоох, түүнд нь хяналт тавих эрх бүхий байгууллагууд бий.
Тэд хуулийн хүрээнд ажил үүргийнхээ дагуу ажиллаад олон нийтэд үнэн зөв бодит мэдээллийг шуурхай өгч байх ёстой. Үндэсний хүний эрхийн эрх бүхий байгууллагынхаа хувьд ХЭҮК энэ асуудал дээр өөрийнхөө мандатын хүрээнд хяналт шалгалтаа явуулах байх.
Ер нь жагсаал цуглааны үед хувь хүний, эсхүл хэсэг бүлэг хүмүүсийн гаргасан зүй бус үйлдлийн төлөө тухайн жагсаал цуглааныг албадан тараах ёсгүй. Зүй бус үйлдэл гаргаж буй үйлдлийг нь таслан зогсоож, жагсаалыг тайван замаар цааш үргэлжлэх боломжийг олгох нь цагдаагийн байгууллагын үүрэг юм.
Гарч болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх нь цагдаагийн байгууллагын үүрэг хэдий ч сэрэмжлүүлэхдээ олон нийтийг айдаст автуулах, айлгах утга агуулга үг хэллэгтэй сэрэмжлүүлэг явуулах, хувь хүний үйлдлийг нийт жагсагчдын үйлдэл мэтээр хавтгайруулсан утгатай мэдээлэл өгөх нь зохимжгүй.
"БИД 2008 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 1-НИЙ ГАШУУН ҮЙЛ ЯВДЛЫН АЛДААГ ДАВТАХ ЕСГҮЙ"
-Хууль хүчний байгууллагаас албан ёсны зөвшөөрөл авалгүйгээр жагсаал зохион байгуулж, төрийн тусгай хамгаалалттай бүсэд халдвал хуулийн дагуу арга хэмжээ авна гэдгийг мэдээлсэн. Иргэд анх удаа төрийн ордон руу дайрч, нэвтэрлээ шүү дээ. Энэ тохиолдолд хохирлыг хэрхэн барагдуулах вэ?
-Хууль хэрэглэх асуудлаар энд нэг ташаа ойлголт байх шиг байна. Үзэл бодлоо илэрхийлж хуран чуулахдаа ямар нэг байгууллагаас зөвшөөрөл авах тухай ойлголт байхгүй. Одоо үйлчилж байгаа Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.1-т гудамж, талбайд жагсаал цуглаан хийх мэдэгдлийг холбогдох газарт өгч бүртгүүлэхийг заасан байгаа. Үүнийг зөвшөөрөл авах гэж ойлгож болохгүй. Түүнээс гадна хүчин төгөлдөр үйлчилж буй уг хууль нь жагсаал цуглаан, өлсгөлөн зэрэг уламжлалт арга хэрэгслээс гадна орчин цагийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх шинэ арга хэлбэрүүдийг тухайлбал аяндаа үүссэн жагсаал цуглааныг зохицуулах боломжгүй байгаа учраас хүний эрхийн байгууллагууд энэ хуулийг шинэчлэн сайжруулахыг шаардаж байгаа юм.
Хүний эрхийн байгууллагууд үзэл бодлоо илэрхийлэхдээ аливаа хүчирхийллийн арга хэрэгсэл хэрэглэхгүй, бусдын өмч, эрх, эрх чөлөөнд халдахгүй байхыг уриалдаг. Олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд ч мөн тайван замаар жагсч цуглахыг заасан байдаг.
Шударга ёсыг шаардаж, эсэргүүцлээ илэрхийлж байгаа жагсагчид зорилгодоо хүрэхийн тулд бусдын өмч хөрөнгө, бие махбодид халдах зэргээр хүчирхийллийн арга хэрэглэх ёсгүй. Энэ нь зорилгыг зөвтгөх үндэс болохгүй.
Бид бүхэн 2008 оны долдугаар сарын 1-ний гашуун үйл явдлаас сургамж авах ёстой, алдааг давтах ёсгүй. Эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон хувь иргэн, алба хаагчид, байгууллагууд нь учирсан хохирлоо барагдуулах талаар прокурор, ХЭҮК, шүүх, холбогдох дээд байгууллагууддаа гомдол гаргах боломжтой. Тийм хууль эрх зүйн орчин болоод хохирол барагдуулах механизм Монголд бий. ХЭҮК болон Өмгөөлөгчдийн холбоо энэ тал дээр онцгой анхаарч байна гэж харсан.
Харин энд хоёр зүйлийг онцолж хэлэхэд нэгдүгээрт 10 гаруй цагдаагийн алба хаагч бэртэж гэмтэхээс хамгаалагдах ёстой байсан хамгаалалтын хувцас хэрэгслийн асуудлаар эрх бүхий албан тушаалтнууд ямар үүрэг хариуцлага хүлээдэг вэ, хариуцлага тооцох асуудал нь битгий орхигдоосой гэж хүсч байна. Хоёрдугаарт онц байдал зарлах эсэхтэй холбоотой асуудал. Онц байдлын тухай хуульд “Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон үед онц байдал зарлана. Ингэхдээ УИХ онц байдал зарлах тухай асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, эсхүл Улсын Их Хурлын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүйн санаачилгаар хэлэлцэж шийдвэрлэхээр заасан байдаг.
Онц байдлыг хүний эрхийг хэрэгжүүлэх явдлыг үгүйсгэх, нухчин дарах явдлыг хууль ёсны болгох зорилгоор хэрхэвч ашиглаж болохгүй. Мөн онц байдал л тогтоохыг хүний эрхэд тавих ердийн хязгаарлалтыг өргөтгөх зорилгоор ашиглаж болохгүй.
Онц байдал үүссэн эсэх, аюулын хэр хэмжээнд тохируулан ухрах арга хэмжээ авах шаардлагатай эсэх, цар хүрээг нь тогтоох, авч хэрэгжүүлсэн арга хэрэгсэл болон онц байдлаас үүсэх аюулын мөн чанар хоорондын пропроциональ харьцаа зэрэг асуудлыг зайлшгүй харгалзан үздэг. Үүнийгээ онц байдал зарлах тогтоолын төсөлдөө хуульд заасны дагуу нарийвчлан тусгадаг. Хэрэв Монгол улс онц байдал зарлавал үүнийгээ Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын оролцогч гишүүнийхээ хувиар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар уламжлан Пактын бусад оролцогч улс орнуудад мэдэгдэх үүрэгтэй. Энэхүү мэдэгдэх үүрэг нь онц байдал зарласан улс тухайн нөхцөл байдлын хурцадмал шинжид дүйх хэмжээгээр ухрах арга хэмжээ авч байгаа эсэхэд Хүний эрхийн хорооноос хяналт тавих, үнэлгээ дүгнэлт гаргах боломж олгоод зогсохгүй пактын оролцогч улсуудаас пактаар хүлээсэн үүргээ тухайн улс биелүүлж байгаа эсэхийг хянах боломжийг олгодог.
Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад улс орнуудыг энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс тодорхой тохиолдолд ухрах арга хэмжээ авахыг зөвшөөрсөн байдаг бол Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт, Хүүхдийн эрхийн конвенц, Албадан хөдөлмөр эрхлэлтийн талаарх конвенци зэрэг бусад олон улсын хүний эрхийн тулгуур баримт бичгүүдэд онц байдлын үед хүлээсэн үүргээ биелүүлэхээс ухрах талаарх ямар нэгэн зөвшөөрсөн заалт байдаггүй. Онц байдлын үеийн онцгой, түр зуурын нөхцөл байдлын үед ИУТЭОУП-аар хамгаалагдсан амьд явах, эрүү шүүлт тулгах, хэрцгий хүнлэг бусаар, хүний нэр төрийг доромжлон харьцах буюу шийтгэхийг хориглох, хүнийг эрхшээлдээ байлгахыг хориглох, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүйгээс хорих ялаар шийтгэхийг хориглох, Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй байх, хуулийн өмнө эрхээ хүлээн зөвшөөрүүлэх, чөлөөтэй бодож сэтгэх, шашин шүтэх, эс шүтэх эрх, пактын нэмэлт хоёрдугаар протоколд зааснаар оролцогч улс орнууд цаазаар авах ялыг буцаан хэрэглэхийг хориглодог.
Мөн Жагсаал цуглааны хийх журмын тухай хуульд зааснаар Улс орны буюу тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд онц байдал зарласан, гамшиг болон аюул тохиолдсон бол уг шалтгаан арилтал жагсаал, цуглаан хийхийг хориглодог. Ингэхдээ онц байдал зарласан шалтгааныг эсэргүүцэх, гамшгийн хор уршгийг арилгах зорилгоор зохион байгуулах цуглааныг хориглоогүй.
-Одоогийн мөрдөгдөж буй хуулиар жагсаал цуглаан зохион байгуулахдаа сум, дүүргийн засаг дарга нарт мэдэгддэг. 1994 онд батлагдсан Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг хэрхэн өөрчлөх хэрэгтэй вэ?
-Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль, Цар тахлын хууль, Гамшгаас хамгаалах тухай хуульд ч тэр жагсаал цуглаан хийх эрх чөлөөг хязгаарлах эрхийг нийслэлийн Засаг дарга, сум дүүргийн Засаг дарга нарт олгоогүй. Жагсаал цуглаан хийх мэдэгдлийг хүлээж аваад аюулгүй зохион байгуулах боломжоор хангах үүргээ зөвшөөрөл өгдөг эрх мэдэл гэж ташаа ойлгож болохгүйг Засаг дарга нарт хатуу анхааруулах нь зүйтэй.
Зарим Засаг дарга нар хуулиар олгогдоогүй бүрэн эрх хэрэгжүүлж жагсаал цуглаан зохион байгуулах эрхийг захирамжаар хязгаарлан жагсаал цуглаан хийх мэдэгдлийг бүртгэхийг хориглосон тохиолдол гарсныг Монголын "Эмнести интернэшнл"-ээс Цар тахлын үеийн хууль сахиулах үйл ажиллагаа судалгаандаа баримтжуулан дурдсан.
Бид Жагсаал цуглаантай холбоотой хуулийн төсөл санаачилагч УИХ-ын гишүүд, Жагсаал цуглааны асуудлаарх хуулийн төслийн ажлын хэсэг, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудад хандан тайван замаар хуран чуулах эрхийг баталгаажуулах хууль эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулах санал зөвлөмжийг энэ оны тавдугаар сард хүргүүлсэн.
Энэ зөвлөмжүүдээсээ тоймлон дурдвал,
Нэгдүгээрт,Тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөнд үндэслэлгүй, хэт хязгаарлалт тавьж байгаа бодлого, хууль тогтоомжийг хүчингүй болгож, тайван замаар хуран чуулах эрхийг дэмжих засгийн газрын үүргийг тодорхойлох зэргээр жагсаал цуглаан хийх журмын тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжийг монгол улсын олон улсын хүний эрхийн хуулиар хүлээсэн үүрэгт нийцүүлэн бүрэн шинэчлэн сайжруулах талаар нэг багц зөвлөмж өгсөн. Үүнд жагсаал цуглаан, үүний дотор гэнэтийн, аяндаа үүссэн жагсаал цуглаан, эсэргүүцэл нь зорилгынхоо хүрээнд хүссэн орон зай, цаг хугацаанд зохион байгуулагдах нөхцлөөр хангах; Жагсаал цуглаан зохион байгуулагчид, оролцогчдыг хүчирхийлэл, хөндлөнгийн оролцооноос хамгаалах арга хэмжээ авах; Мэдэгдэл хүргүүлээгүй нь жагсаал цуглааныг нэн даруй тараах, эсвэл эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүйг баталгаажуулах; Мэдэгдэх тогтолцоог аяндаа үүссэн жагсаал цуглаанд хамааралгүй байлгах, мэдэгдлийг цахимаар хүргүүлэх боломжтой байх гэх мэт.
Хоёрдугаарт, Тайван жагсаал, цуглаанд тавигдах аливаа хориг, хязгаарлалт нь олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцсэн байхыг баталгаажуулах талаар багц зөвлөмж хүргүүлсэн. Үүнд: Тайван жагсаж, цуглах нь хүний үндсэн эрх бөгөөд түүнийг аливаа хориг, хязгаарлалтгүйгээр, бүрэн дүүрэн эдлэх; зөвхөн үндэсний аюулгүй байдал, олон нийтийн аюулгүй байдал, нийтийн хэв журам, хүний амь нас, эрүүл мэнд, ёс суртахуун, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах зэрэг ардчилсан нийгмийн зайлшгүй, хууль ёсны, зорьж буй зорилготой нийцсэн хориг, хязгаарлалтыг шаардлагатай тохиолдолд хэрэглэх; Жагсаал, цуглаанд тавигдах аливаа хориг, хязгаарлалт нь хуулийн зорилгодоо нийцсэн эсэх, зайлшгүй шаардлагатай эсэхийг кейс тус бүрт үндэслэн гаргадаг байх, Нүүрээр таних технологийг жагсаал цуглаанд ашиглахгүй байх; Жагсаал цуглааны үеэр дрон, сүлжээ унагах төхөөрөмж ашиглах тохиолдлыг хуульд маш тодорхой, нарийн тусгаж, хараат бус хөндлөнгийн хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх гэх мэт.
Гуравдугаарт, Хариуцлага тооцохтой холбоотой багц зөвлөмж өгсөн. Үүнд, Жагсаал, цуглаанд оролцож буй бүх хүн, түүнчлэн хөндлөнгийн хянагч, ажиглагчдын эрхийг ялгаварлалгүйгээр хүндэтгэж, хамгаалах, хохиролгүй болгоход чиглэсэн үр дүнтэй, шуурхай арга хэмжээ авах: Жагсаал цуглааны үеэр хэв журам сахиулж байгаа хууль сахиулах байгууллагын алба хаагчид таних тэмдгээ харагдахуйц байдлаар зүүх зэргээр хэн гэдэг нь танигдахуйц байх;Төрийн зүгээс жагсаал, цуглааны үеэр гарсан зөрчлийг хараат бусаар, шударгаар шуурхай, үр дүнтэй мөрдөн шалгах; Хууль сахиулах үйл ажиллагаанд ямар тусгай хэрэгсэл хэрэглэж байгааг олон нийтэд ил тод мэдээлдэг байх; Хууль сахиулах байгууллагын алба хаагчдыг хууль ёсны дагуу хүч хэрэглэх, тусгай хэрэгслээ ашиглах байдлыг тогтмол шалгаж, энэ чиглэлээр тогтмол сургах; Жагсаал, цуглааны үеэр хууль сахиулах байгууллагын ажилтнуудад тавьж өгсөн тусгай хэрэгсэлд нэг бүрийн өөрийгөө хамгаалах зориулалтын тусгай хэрэгсэл, хамгийн бага аюул учруулахуйц тусгай хэрэгслийг багтаасан байх; Хууль сахиулах үйл ажиллагааны зорилгод хүрэхэд тохиромжгүй эсвэл хүсээгүй эрсдэл үүсгэхүйц тусгай хэрэгсэл, зэвсэг ашиглахгүй байх гэх мэт. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай цахим хуудас, гаргасан илтгэл тайлан, ном товхимолоос унших боломжтой.
-Хууль хүчний байгууллага хүний эрхийн асуудалд мэдрэмжгүй байна гэдэг шүүмжлэл их байна. Энэ талаар таны бодол?
-Энэ асуудлыг эртнээс ярьж, холбогдох байгууллагууд ЦЕГ, ХЭҮК-той уулзалт, яриа хийж, үр нөлөө бүхий сургалт зохион байгуулахыг санал болгосон. Энэ хүрээнд ХЭҮК-оос цагдаагийн удирдлагууд алба хаагчид жагсаал цуглаан, олон нийтийг хамарсан арга хэмжээний үеэр олон улсын хүний эрхийн хэм хэмжээг баримтлан хэв журам хамгаалах үүргээ гүйцэтгэх талаарх сургалтуудыг явуулсан.
Энэ удаагийн жагсаал цуглааны үеэр цагдаагийн алба хаагчдын зүгээс илүү анхаарал болгоомжтой байж, хэв журам хамгаалах үүргээ харьцангуй тайван байдлаар хэрэгжүүлж байгаа харагдсан. Гэхдээ жагсаал цуглааныг зохицуулах олон жилийн туршид бугшсан буруу хандлага, арга барилыг бүрэн арилгахад илүү их зүйл хийх хэрэгтэй байна.
Холбоотой мэдээ