Английн шигшээ баг ирэх Ням гаригт Францын эсрэг тоглоно. Хоёр багийн аль хожсон нь хагас шигшээд шалгарах тун хариуцлагатай тоглолт биднийг хүлээж байна. Мэдээж "Гурван арслангууд"-ын гол айж буй хүчин зүйл нь Килиан Мбаппе. 23 настай франц довтлогчийн хувьд энэ ДАШТ-ий дөрвөн тоглолтод таван гоол оруулж, хоёр гоолын дамжуулалт өгөөд буй.
Английн хэвлэлүүд ч дасгалжуулагч Гарет Саутгейтэд төлөвлөгөө бий гэж итгэж байна. “Independent”-ийн мэдээлж буйгаар Гарет Саутгейт Мбаппег зогсоох “Анти-Мбаппе” төлөвлөгөөг хоёр жилийн турш бодож, үүнд бэлдсэн гэнэ.
Дэлхийн олон шилдэг дасгалжуулагчид Мбаппег зогсоох гэсэн ч бүтэлгүйтэж байсан түүх бий. Харин энэ удаад Саутгейт хэрхэн вэ? Түүний хоёр жил бэлдсэн төлөвлөгөө юу вэ?
Саутгейтэд Кайл Уокер, Кевин Триппьер, Трент Александр Арнольд зэрэг хамгаалалтын сонголт байна. Ерөнхийдөө сүүлийн тоглолтуудыг нь харахад Саутгейтын сонголт 32 настай Кайл Уокер байх болов уу. Олон хүн ч Кайл Уокер Мбаппег зогсоож чадна гэдэгт эргэлзэж байгаа нь лавтай. Тиймээс Пил Фоден, Маркус Рашфорд зэрэг хурдтай залуусыг хамгаалалтад түлхүү тоглуулж, Мбаппег "барих" аж.
Кайл Уокер тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр “Би юу хийх хэрэгтэйгээ ойлгож байна. Энэ л түүнийг зогсоох байх. Ярих амархан л даа. Гэхдээ би өөрийгөө дутуу үнэлмээргүй байна. Мбаппе гайхалтай формтой, шилдэг тоглогч. Түүнийг зогсоох даалгавар амар биш. Гэхдээ мэргэжлийн хөлбөмбөгчин болсны хувьд дэлхийн шилдгүүдийн эсрэг л тогломоор байна. Би түүнийг дэлхийн шилдгүүдийн нэг гэж боддог” гэжээ.
Хэрэв Рийс Жэймс байсан бол Мбаппетай ширүүн өрсөлдөөнийг үзүүлэх байсан гэж Английн фанатууд санаа алдаж байна. Өдгөө 23 настай Челсигийн хамгаалагчийн тухайд бэртлийн улмаас энэ удаагийн ДАШТ-ийг өнжиж байгаа билээ.
Холбоотой мэдээ