НАТО кибер дайнд бэлдэж байна | News.MN

НАТО кибер дайнд бэлдэж байна

НАТО кибер дайнд бэлдэж байна

НАТО кибер дайнд бэлдэж байна

НАТО-ийн кибер аюулгүй байдлын 150 орчим мэргэжилтэн өнгөрсөн долоо хоногт Эстонид цуглажээ. Тэд кибер дайнд бэлдэж байна. Орос улс Украинд түрэмгийлснээс хойш НАТО-ийн гишүүн орнуудын хувьд кибер дайн гэдэг зүйл бодитой аюул болсон. “Ноцтой байдал нэмэгдэж байна. Энэ бол зохиомол зүйл байхаа больсон” гэж НАТО-ийн Кибер орон зайн салбарын дарга, хурандаа Бернд Хансен хэлэв. НАТО-ийн кибер хүчнийхэн Украинд туслах арга замыг хайж, дайныг анхааралтай ажиглаж байна. Цахилгаан, ус гэх мэт анхдагч хэрэгцээг хааж, сэргээн засварлах үйл явцад нь саад болох зэргээр сүйрлийн үр дагаварт хүргэдэг кибер дайнтай дэлхий учирч байгаагүй гэхэд болно. Харин Украины нөхцөл байдал ангалын ирмэг дээр байна.

НАТО-ийн Кибер эвсэл жил бүр сургуулилалт зохион байгуулдаг. Энэ сургуулилалтад 40 гаруй гишүүн орон оролцож, эрчим хүчний сүлжээ, хөлөг онгоц зэрэг чухал дэд бүтцэд хийсэн зохиомол хиймэл довтолгоонд хариу арга хэмжээ авдаг. Энэ удаад 1000 орчим кибер мэргэжилтэн алсын зайнаас эх орноосоо оролцож байна.

Арваннэгдүгээр сарын 28-нд хакерууд тагнуулын мэдээлэл, оюуны өмчийг хулгайлж, төрийн үйлчилгээг тасалдуулж, эрчим хүчний сүлжээг нураахыг завдан зохиомол арал руу дижитал халдлага үйлджээ. Энэ нь Исланд болон Норвегийн хооронд орших Айсберген нэртэй зохиомол арал юм. Зохиомол халдлагад хариу арга хэмжээ авахаар кибер аюулгүй байдлын албаныхан, техникийн мэргэжилтнүүд Европ, АНУ болон Японоос Эстонийн нийслэл Талинн хотод ирсэн.

Сургуулилалтын үеэр АНУ агаарын командлал, хяналтыг удирдаж ажилласан бол Румын улс үйл явдлын дарааллыг боловсруулж, Их Британи газар дээрх хяналтыг хариуцаж, Польш тусгай ажиллагааны хүчнийг удирдсан. Аюулгүй байдал, тагнуулын үүднээс сургуулилалтын үр дүн нь нууцын зэрэглэлд хамаарах аж. Сургуулилалтын үеэр ямар сул талууд илэрсэн талаар АНУ-ын Тэнгисийн цэргийн командлагч Чарльз Эллиотт мэдээлэл өгөхөөс татгалзав.

Энэ удаад 150 орчим мэргэжилтэн арга хэмжээнд хамрагдсан нь өнгөрсөн жилээс даруй хоёр дахин их тоо юм. Оролцогчдын тоо нэмэгдсэн нь Украин дахь дайнтай холбоотой гэж Чарльз Эллиотт хэлсэн ч шууд холбохоос татгалзсан. Украин улс өмнө жилүүдийн сургуулилалтуудад оролцдог байсан. Харин энэ жилийн хувьд албан тушаалтнууд нь сүлжээгээ Оросын довтолгооноос хамгаалах, томоохон цахилгаан станцуудаа хамгаалах гээд хэтэрхий завгүй байна.

Аль нэг гишүүн орны эсрэг халдлагыг бүгдийн эсрэг хийсэн дайралт гэж НАТО-ийн гэрээний тавдугаар зүйлд заасан байдаг. Тэгвэл кибер довтолгоонд НАТО ямар хариу үйлдэл үзүүлэх вэ гэдэг нь сонирхолтой. Албани улс энэ оны эхээр Ираны кибер халдлагад өртсөнийхөө дараа уг асуудлыг анх дэвшүүлж тавьсан. НАТО-ийн орнуудын чухал сүлжээнүүд кибер халдлагад хэт өртөмтгий байдаг нь асуудлыг улам хүндрүүлдэг аж. Уламжлалт дайнтай кибер довтолгоо улам л уялдаа холбоотой болжээ. ОХУ пуужингийн цохилтоо кибер довтолгоотой уялдуулснаар энгийн иргэдэд улам л зовлонтой болж байна.

НАТО-ийн Кибер хүрээлэн 2021 онд ашиглалтад орсон. Тус төвийн зорилго нь НАТО-ийн кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийг тулгарсан халдлагыг газар дээр нь хэрхэн зохицуулах, хариу арга хэмжээ авахад сургадаг. Кибер хүрээлэнгийн барилга нь үйл ажиллагаагаа аюулгүй байлгах үүднээс хэвлэлийнхэнд хаалттай байдаг. Мөн дотроо тусгай болон энгийн хоёр төрлийн орон зайтай. Эстонид болсон чуулганд оролцогчдыг Кибер хүрээлэнд ирэхдээ ямар нэгэн хувийн төхөөрөмж авчрахыг нь хоригложээ.

Кибер аюулыг эсэргүүцэхэд хиймэл оюун ухааны технологийг ашиглах шинэ туршилтуудыг сургуулилалтад багтаасан. НАТО технологийн дэвшлийг хадгалах үүрэг хүлээсэн гэдгийг Аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах Дэвид ван Веел хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.

НАТО-ийн гишүүнээр элсэхээр яригдаж буй Финланд, Швед улсууд аль аль нь энэ сургуулилалтад оролцжээ. Тэд НАТО-ийн хүчтэй кибер түнш байсаар ирсэн. “Энэ сургуулилалт нь бодит ертөнцийн кибер халдлагын үед хандаж болох итгэлцлийн сүлжээг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой” гэж Финландын Батлан хамгаалах хүчний гишүүн, хошууч Маркус Рийховен хэлэв.

НАТО-ийн Кибер хамгаалалтын бага хурал арваннэгдүгээр сарын эхээр Ром хотноо болсон. Тус хуралд АНУ, Италийн засгийн газрын албан тушаалтнууд оролцжээ. Хурлын гол сэдэв нь дайны үед нийцүүлэн кибер домэйныг шинэ технологиор сайжруулахаар төлөвлөх тухай байв. Тодруулбал, аливаа улс орны чухал дэд бүтцийн кибер аюул заналхийллийг тэсвэрлэх чадвар, бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар хэлэлцжээ.

“Орос, Украины мөргөлдөөн дэлхийн нэгдүгээр дайны үеийг санагдуулам байгаа ч нөгөөтэйгүүр шинэ зууны тулааны талбарыг харуулж байна. Цэргийн харилцаа холбоог тасалдуулахын тулд хакерууд ажиллаж байна. Хиймэл оюун ухааныг дайн байлдааны ажиллагаанд хэрэгжүүлэх нь тэргүүлэх чиглэл” гэж Италийн Гадаад хэргийн дэд сайд Эдмондо Сириелли хурлын үеэр хэлсэн юм.

НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Украины кибер хамгаалалтыг бэхжүүлэхээр ажиллаж буйгаа хэлсэн. “Кибер орон зай хэзээнээсээ маргаантай орон зай байсан. Энэ нь энх тайван, хямрал, мөргөлдөөний хоорондын заагт бүрхэг оршдог. Кибер халдлага НАТО-ийн гэрээний тавдугаар зүйлд багтана. Орчин үед кибер орчин нь газар, далай, агаар, сансар огторгуйн үйл ажиллагаатай тэнцэхүйц үйл ажиллагааны чухал талбар болж байна” гэж тэр хэлжээ.

Хувийн компаниуд ч НАТО-ийн орнуудад кибер халдлагын тал дээр дэмжлэг үзүүлэх болсон. Тухайлбал, “Microsoft” болон “Amazon”-ы үүлэн програм хангамж нь Украины мэдээллийг найдвартай хадгалах боломж олгодог аж. Түүнчлэн “YouTube” гэх мэт цахим компаниуд ч Оросын контентуудад илүү хатуу байр суурьтай ханддаг болсныг Столтенберг онцоллоо.

Эх сурвалж: POLITICO, NEXT GOV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж