”Атрын аян”-ы шимийг хэн хүртэв

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

”Атрын аян”-ы шимийг хэн хүртэв

Ерөнхий сайд асан С.Баяр саяхан газар тариаланчдаа эргэж, “Атрын III аян”-даа дүн тавьж, сайшаал магтаалд умбасан юм байх. Гүйцэтгэх засаглалын тэргүүн болсон даруйдаа улсын хэмжээнд таван төгөлдөршлийг санаачилж, төгс төгөлдөр рүү хөтлөгч их багшийн дүрд тоглож байлаа. Их удалгүй албаа өгсөн ч өөрийн санаачилсан хөтөлбөрийг одоогийн Гүйцэтгэх засаглалын алдар нэрд өмөг түшиг болгохоос илүүтэй өөрийгөө сурталчлах шинэ идеа болохыг нь мартуулахгүй байхын төлөө тэрбээр ажиллаж байна. Улмаар түүний хэрэгжүүлсэн ажлын дүнд “2008-2010 онд энэ аяныг хэрэгжүүлснээр газар тариалангийн салбарт эрх зүй, эдийн засаг, техник, технологийн шинэчлэл явагдаж хүн амыг дотооддоо үйлдвэрлэсэн аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр бүрэн хангах боломж бүрдлээ” хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле магтаж сууна.
Улмаар “Дэлхийн зах зээл дээр гурил, буудайны эрэлт хэрэгцээ нэ­мэгдэж, үнэ нь жилээс жилд өсч буй өнөөгийн нөхцөлд манай улс гурил, буудайгаа дотооддоо хангаж байгаа нь хамгийн чухал юм. Уналтад орсон газар тариаланг дахин сэргээж, бос­гоход С.Баяр даргын Ерөнхий сай­дын албыг авангуут дэвшүүлсэн та­ван төгөлдөршлийн нэг болох энэ аяны үүрэг, ач холбогдол үнэлж баршгүй” хэмээн зулгуйджээ. Дэд сайдын үнэлэлт дүгнэлт бол С.Баяр хэмээгч хувь хүнд зулгуйдах хийгээд түүний нөмөр нөөлгөөр олж ав­сан улс төрийн албанд тушаалаа алдчихгүй гэсэндээ зуйргантаж буй үйл­дэл байж болох. Тэгээд ч энэ нь эргээд “Атрын III аян”-ы ач тус нь Монголын ард түмэнд бус харин Мон­голын улс төрд он удаан жил нэр хүндтэй оршин тогтнохыг хүсэгч С.Баяр хэмээх том улстөрчид наалдаж буйн бодит жишээ юм.

Учир нь дэд сайдын хэлээд бай­гаа шиг дэлхийн зах зээл дээр өс­сөн гурил, буудайны үнэ Монголд өсөө­гүй бус өсч байгаа. Өсөх өсөх­дөө төрийн түшмэдийн хэлж ярьж буй мэдэгдэлд бухимдсан үйлд­вэр­лэл эрхлэгчид үнээ цаашид зах зээ­лийн жамаар өсгөнө гэдгээ хатуу мэ­дэгдсэн. Өнгөрсөн хугацаанд уг аяны хүрээнд тариалан эрхлэгч, Мон­голын газар тариаланг эзэмш­сэн цөөхөн хэдэн ноёд л төрөөс тэт­гүүлснээс өөр хүнд ч энэ хөтөлбөр наал­даагүй. Товчхондоо бол та бид­ний оройн хоолны гурил “Атар III аян”-г хэрэгжүүллээ гээд үнэ нь буу­раагүй. Харин ч асар хурдтай өсч байгааг нь хүн бүр мэднэ. Ийм байхад хэрэг нь гараагүй, гар­сан ч байлаа гээд цөөхөн хүнд ашиг нь очсон хөтөлбөрийг улсын төгөл­дөршилтэй хольж, хутгах хэрэггүй санагдана.

Үүнийг салбар хариуцсан түш­мэд нь “Бид тариаланчдад зээл олгосон” гэдгээр тайлбарлаж болох ч тариалангийн бүсийн аймгуудад өгсөн 1-2 тэрбум төгрөгийн итгэлийн зээ­лийг “Гачуурт” тэргүүтэй цөө­н хэдэн компани авсан нь өдгөө тодорхой болсон. Түүнчлэн ОХУ-ын Засгийн газрын журмаар тариалан эрхлэлтэд зориулж 300 сая ам.долларын хөнгөлттэй зээл авахаар ярилцсан ч энэ нь бүтэлтэй бо­лоогүй. Цөөн хэдэн трактор оруулж ирсэн ч будаг түрхэж, өнгийг нь шинэчилсэн хуучин төхөөрөмж байс­ныг нь гэрчлэх тариаланч хангалт­тай олон. Гэтэл үүгээр Зас­гийн газар хангалттайгаас хангалттай шоудаж, өөрсдийгөө өвлийн өв­гөн мэтээр иргэдэд ойлгуулсан нь худлаа биш.

Мөн “Тариалан эрхлэлтийг дэм­жих сан”-гийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн яамны түмшэл хэрхэн өөрийгөө дэмжиж, өөрийнхөө той­рон хүрээлэгчдийг тэтгэсэн тухай мэдээлэл олонтаа гарсан. Гэтэл үүнийг нь салбар хариуцсан сайд нь улам бүр дэвэргэж, дэргэдээ зөвлөхийн албанд суулгасан нь энэ хөтөлбөрийн үр дүн хэнд очоод байгааг та бидэнд бэлхнээ нотлоно. Мөн Монголд сурталчилгаа хийж бо­лох бүхнийг өөрийн болгож, өөрсдийн оюун ухааны хүчээр Монгол Улс урагш­лан хөгжиж байгаа хэмээн сур­талчилдаг МАХН-д яах аргагүй “Ат­рын III аян” үр дүнгээ өгсөн. Тэд­ний ирэх УИХ-ын сонгуульд барьж орох гол сурталчилгаа нь “Бид тариаланчдыг дэмжиж, гу­ри­лын үнийг энэ байтугай өсөх байхад нь өсгөөгүй юм шүү” гэх чадмаг тайл­бар нь. Энэ бол МАХН хийгээд тус на­мыг тойрсон улстөрчдийн урт удаан жил эрх мэдэлтэйгээ зууралдаж, амьдралаа тэтгэх амин дэм нь дээрх аян гэдгийг нотлох ирээдүйн сурталчилгаа. Хаана хэн хэрхэн амьдарч байгаагаас илүүтэй хаана хэн хэрхэн ялалт байгуулж, хаана хэн хэнийг хэрхэн хуурах вэ гэдэгтээ нийцүүлэн бодож олсон улс төрийн са­наачилга. Түүнээс бус бидний өдөр тутмын амьдралд ямар ч тус үгүй.

Тэгээд ч үнэхээр дээрх дэмж­лэ­гийн тус дэмээр өнгөрсөн онд дотоо­дын буудайн хэрэгцээний 97 хувийг дотоодоос хангалттай хэмжээнд нийлүүлэх боломжтой болсон юм бол яагаад гурилын үнэ буурахгүй байгаа юм бэ. Анхандаа “Атар III аян”-ыг гурилын үнийг бууруулж чадна гэдгийг Засгийн газар ха­риуц­лагатай мэдэгдэж байсан. Гэ­тэл өнөөдөр хамгийн сүүлчийн өсөл­төөр гэхэд кг гурил тутамд нь 100 гаруй төгрөгөөр нэмээд байгаа. Цаа­шид ч дээрх өсөлт үргэлжлэх нь тодорхой. Энэ онд гэхэд л дээрх 97 хувийн хангамж нь 100 хувьд шилжиж, монголчууд гадаадаас буу­дай гуйх хэрэггүй болсон гэж байгаа. Гэтэл үр дүн нь нөгөө л өсөлт, өсөлт, бас дахин өсөлт байна. Үүнийг бид хэзээ ч нурааж дийлэхгүй. Тэгэхэд улс тө­рийн худлаа шоугаар гурил зуурч тоглох со­нирхлоо хязгаарлавал яасан юм бэ.

Уйтгартай санагдах, жүжиглэлт нь хэтэрсэн энэ хөтөлбөрийн цаа­на хөлжих нь хөлжиж, хөдлөх тэн­хэл­гүй туйлдах нь туйлдсаар байгаа. Ийм байхад улстөрчид шиг иргэндээ хайртай хүн байхгүй хэ­мээн жүжиглэж, улс төрийн ашиг хон­жоогоо оройн хоолны хольц мэтхэнээр олоод байвал энэ нь эмгэ­нэлтэй биш гэж үү. Сүүлд гэхэд л нийслэлийн дүүргүүдэд тодорхой цэг ажиллуулан кг нь 450-480 төгрөгийн үнэтэй гурил зарж эхэлсэн. Бас цааш нь зарим нэг хүнийг ашиг хонжоо хайхаас сэргийлж нэг хүнд бага хэмжээтэй өгөх гэнэ. Өрөвдмөөр биш гэж үү. Төрийн хайр ивээлээр та­раасан цагаан будаа, элсэн чи­хэр нь ерөнхийдөө идэхийн ар­гагүй амттай, элдэв хольц, хөгц энэ тэртэй байх нь бий гэдэг. Ийм бай­хад дээрх гурилыг чанарын шаардлага хангана гэж хэн батлах юм. Баталж байна гээд Хүнс, хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас цаашид өдөр бүр энэ мэтийн хямд үнэтэй гурил за­раад байж чадах уу. Хий дэмий л С.Баяр даргын болон бидний санаачилсан ажилд иргэд муу үг унагах вий гэсэндээ иймэрхүү хуурамч жүжиглэлт хийх хэрэг юу байна. Үнэхээр ингэж хямд гурил зарж болох юм бол заруулсан шиг зараад эс бол зүгээр л шоудахаа боль. Учир нь иргэдэд өнөөдрийн авсан ца­лингаа дараагийн цалин хүртэл хэрхэн зохицуулах өрхийн тооцоо чухал байдгаас бус та нарын худлаа ам­лалт, худлаа хөтөлбөрт найдаж гурилын үнэ буурна гэсэн хий хоо­сон итгэл хэрэггүй шүү дээ. Ийм нөх­цөлд УИХ-ын гишүүн С.Баярын нэр төр бүр ч хэрэггүй. С.Баяр “Атрын III аян”-ыг санаачилсан байлаа гээд амьдралд хүргэсэн тус байхгүй гэд­гийг мэддэг хүмүүс нь мэддэг бол­чихсон байна, цаана чинь.

Г.ОТГОНЖАРГАЛ. УЛС ТӨРИЙН ТОЙМ СОНИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж