Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Г.Батсуурь Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Чан Куок Хань тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Монголын талаас Монгол Улсаас БНСВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сэрээжав, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Г.Батсуурь, ХөҮБХЗГ-ын дарга М.Дондогдорж, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Г.Энхмишээл, Жижиг, дунд үйлдвэрийн газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Г.Алтайхүү, Гадаад харилцааны яамны ГХЭЗХАГ-ын зөвлөх Д.Эрдэнэ-Очир, АНДОГ-ын аттеши Давхарбаяр, Вьетнамын талаас БНСВУ-ын АҮХЯ-ны Ази, Африкийн зах зээл хариуцсан ерөнхий газрын дэд захирал, Гадаад худалдааны агентлагийн Дэд дарга, Сурталчилгааны агентлагийн худалдаа, сурталчилгааны бодлогын хэлтсийн дарга, Ази-Африкийн зах зээлийн газрын Зүүн хойд Азийн хэлтсийн дэд дарга, Вьетнамын оёдол, нэхмэлийн группын тэргүүн Лэ Тиен Чуонг, Ханой оёдол, нэхмэлийн группийн гүйцэтгэх захирал Хо Лэ Хунг нар оролцлоо.
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 17 дугаар хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд БНСВУ-ын нийслэл Ханой хотноо зохион байгуулагдсан. Тус хуралдаанаар хоёр улсын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэх зорилтыг тавьж ажиллахаар тохирсон. Энэхүү зорилтод хүрэхэд манай хоёр улс аж үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн бэлэн болон бэлэн бус бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх нь чухал ач холбогдолтойг Дэд сайд Г.Батсуурь уулзалтын эхэнд онцлов.
“Монгол, Вьетнам хоёр орны худалдаа, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх ажлын хүрээнд:
- Монгол Улсад үйлдвэрлэл, технологийн парк барихад хамтран ажиллаж харилцан ашигтай хөрөнгө оруулалт хийх,
- Ээрэх, нэхэх үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах,
- Мод боловсруулах цогцолбор үйлдвэрийн бүтээн байгуулалтад хамтран ажиллах,
- Байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, бүтээгдэхүүнийг Вьетнам Улсын зах зээлд нийлүүлэх асуудлаар хамтран ажиллах,
- Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр багш, ажилчид, оюутнуудыг сургалтад хамруулах, туршлага солилцох, хамтарсан үйлдвэр байгуулах зэрэг ажлыг бодит ажил хэрэг болгох бүрэн боломжтой” хэмээн Дэд сайд уулзалтын үеэр хэллээ.
Холбоотой мэдээ