Иентэй холбоотойгоор Азийн хувьцаанууд унаж байна

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

Иентэй холбоотойгоор Азийн хувьцаанууд унаж байна

Өнөөдөр Азийн хөрөнгийн биржүүдийн индексүүд унаж, Японы Никкей хөрөнгийн биржийн индекс сүүлийн 16 сар байгаагүй доод төвшинд хүрсэн байна. Үүнд АНУ-ын эдийн засаг уналттай байгаа байдал болон Японы иений ханш сүүлийн 15 жил байгаагүй чангарсан явдал нөлөөлсөн байна гэж “Reuters” агентлаг мэдээллээ.

Японы Засгийн газар инеийн ханш чангарч байгааг зогсоохын тулд арга хэмжээ авч байгаа ч иентэй харьцах ам.долларын ханш 10 орчим хувиар унаад байгаа нь хөрөнгө оруулагчдын зах зээлд хандах хандлагыг итгэлтэй бус болгосон байна. “Ам.доллартай харьцах иений ханш 83 болж чангарлаа. Энэ нөхцөл байдлыг нэг Засгийн газар дангаараа тогтоож дийлэхгүй болж байна” гэж Токиод байрладаг “Citigroup Global Markets”-ын эдийн засагч Кийчи Мурашима ярьж байна.

Азийн хөрөнгийн биржүүдээс гадна АНУ-ын хөрөнгийн биржүүдийн индексүүд урд шөнө 1.7 хувиар унасан байна. Үүнд АНУ-ын хаусны зах зээл дээрх арилжаа удааширч байгаа тухай мэдээлэл нөлөөлжээ. Иений ханш чангарсан нь “Honda Motor Co”-гийн хувьцааны ханшийг хоёр хувиар бууруулсан байна. Дэлхийн даяар эрэлт буцаж сэргэж байгаа энэ үед валютын ханш тогтворгүй байгаа нь олон компаниудын бизнест сөрөг нөлөө үзүүлж эхлээд байна.

Гэхдээ тэмдэглүүштэй нэг зүйл бол Азийн эдийн засгууд өсөлт сайтай байгаа нь Европын эдийн засагтай харьцуулбал харьцангуй давуу тал бий болгож байгаа бөгөөд үүний ачаар хөрөнгийн биржүүдийн сүүлийн үеийн савалгааг амжилттай давж байгаа. Зөвхөн Энэтхэгийн хөрөнгийн биржид энэ жил найман тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт хийгдээд байна гэж “Reuters” агентлаг мэдээллээ.

Т.БАДРАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж