Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2022.12.08/ Сүхбаатарын талбайд жагсч байгаа иргэдэд шаардлагынх нь хариуг өгөхөөр Төрийн ордноос гарч ирсэн ч “Нүүрсний хулгай хийсэн хүмүүсийн нэрсийг ил тодоор зарлах ёстой” гэж үзлээ. Мөн Засгийн газар огцрох ёстой гэж жагсагчид орилов.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Ерөнхий сайдад та бүхний тавьсан асуудлыг хэлье. Урьд шөнө Авлигатай тэмцэх газар/АТГ/, Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулаад “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуяг нарын найман хүнийг цагдан хорьсон. Яг одоо АТГ-т нэр бүхий 11 хүнийг дуудан, шалгаж байна. Өнөө өглөө 07.00 цагт ЦЕГ, АТГ-ын 40 хүн Цогтцэций суманд ажиллахаар явсан, яг одоо Дундговь аймаг өнгөрөөд явж байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 2009 оноос хойш Тавантолгойн уурхайд хэчнээн хэмжээний уулын цулыг олборлосон юм бэ гэдгийг хэмжих мэргэжлийн хүмүүс явсан. Хил гаалийн байгууллагууд явсан.
Гаалийн ерөнхий газраас хил гаалиар гарсан бүх нүүрснүүдтэй холбоотой зөрсөн мэдээллийг хуулийн байгууллагад шилжүүлж өгсөн. Нийтдээ 4 удаагийн шалгалтаар 3000 гаруй аж ахуй нэгжийн тээврийн хэрэгсэл гаальд бүртгэлгүй гарсныг шалгахаар болж 22 дахь эрүүгийн хэрэг нээгдлээ.
Манайх хуультай улс учраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байж, нүүрс хэн хулгайлсныг тогтооно.
Мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлээд 21 аймгаас 100 гаруй мөрдөгч гаргаад ажиллаж байна. Хүнийг үндэслэлгүйгээр буруутгаж болохгүй. Эхнээсээ барьж хориод явж байна.
Шаардлагатай гэж үзвэл Эрдэнэс-Тавантолгой, жижиг Тавантолгойн санхүүгийн тайлан мэдээллийг Соёлын төв өргөөнд ил болгочихъё. Санхүүгийн тайлан, хил гаалиар гарсан машин, тээврийн хэрэгслийн бүртгэл, жагсаалтыг ил болгоё гэж байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагаа гэдэг баримт нотолгоон дээр үндэслэж байж хэн нэгнийг буруутгана уу гэхээс биш шууд өөртөө дургүй хүмүүсээ нэрийг нь зоож байгаад энэ бүгд нүүрсний хулгайч гээд зарлаж болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу ажиллагаа хийгдэнэ.
Мөрдөн шалгах ажиллагаа гэдэг заавал баримт нотолгоон дээр суурилах ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиас гадуур хэнийг ч буруутгаж чадахгүй гэдгийг хэлье" гэлээ.
Мөн завшсан хөрөнгө хэнд очиж, бэлэн мөнгө болж байгааг хянадаг программ нэвтрүүлнэ гэлээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Би хоёр зорилготой АНУ-руу яваад ирсэн. Нэг нь НҮБ-ын Терроризмтэй тэмцэх албатай гэрээ байгуулж, программ хангамжийг үнэ төлбөргүй авах ажил байсан. Хоёр дахь ажил нь Вашингтон хотод болж буй 140 орны төлөөлөл оролцож байгаа авлигатай тэмцэх олон улсын хуралд оролцох байсан. Харамсалтай нь, би олон улсын авлигын эсрэг хуралд оролцож чадалгүй буцаж ирсэн. НҮБ-ын орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Терроризмтэй тэмцэх албаны дарга Владимир Воронковтой гэрээнд гарын үсэг зурсан. Мөнгө угаах эрсдэл бүхий этгээдүүдийн олон улсын иргэний нисэхийн байгууллагуудаар зорчсон хөдөлгөөнийг хянадаг “Go Travel” гэх программ хангамжийг үнэ төлбөргүй авахаар болсон. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс манай улс уг программыг ашиглана. Мөн “Go Fintel” гэх НҮБ-ын лицензтэй программыг үнэ төлбөргүй авах саналаа тавьчихаад ирсэн. Удахгүй гэрээ хийнэ. “Go Fintel” нь валютын бүх урсгалыг хянадаг мөнгө угаах гэмт хэргийн эсрэг ашиглаж буй хамгийн том программ хангамж. Сая асуусан ОУВС-гаас анхааруулсан анхааруулгын хүрээнд бид эдгээр ажлыг хийж байна. Үүнийг хэрэглэснээр улстөрийн намуудын санхүүжилт, авлига албан, албан тушаалын давуу байдлаар завшсан мөнгө хаашаа орж, хаанаас бэлэн мөнгө болж байна вэ гэдэг бүх зураглалыг гаргах боломж бүрдэнэ” гэсэн юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ