Дайныг эсэргүүцэж, Казахстан руу дүрвэсэн орос цэргийн офицер саатуулагджээ. Түүнийг Москвад хүлээлгэн өгөх эсэх асуудлаар Казахстаны эрх баригчид шийдвэрт хүрч чадаагүй л байна. 36 настай хошууч Жилин Оросоос гарах хориотой байсан. Түүнийг Украин руу илгээх нь есдүгээр сард тодорхой болсон тул тэр Казахстан руу хууль бусаар нэвтэрсэн аж.
Дайн эхэлний дараа хэдэн зуун мянган орос иргэн Казахстан болон бусад хөрш орон руу дүрвэсэн. Тэдний олонх нь энгийн иргэн байсан бөгөөд дайчилгаанаас зугтаж хууль ёсны дагуу хилээр гарчээ.
Офицерийн ар гэрийнхний мэдээлснээр түүнийг Оросын хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлээр Казахстанд саатуулжээ. Тодруулбал, ОХУ-ын эрүүгийн хуулийн зүйл ангиудыг зөрчсөн, улсын хилийг хууль бусаар давсан гэж цагдаагийн баримт бичигт дурдсан байна. Тэр дүрвэгчийн статус хүссэн боловч Казахстан эл хүсэлтийг няцаажээ. Эндээс харахад Казахстан улс түрэмгийллийг дэмжихгүй ч худалдааны гол түншээсээ тийм амар салах боломжгүй нь илт байна.
Жилинд зургаан сарын тэнсэн харгалзах ял оноож, ОХУ руу албадан буцаах асуудал яригдаж байна. Тэр ОХУ руу буцахаас зайлсхийхийн тулд Астана дахь Канадын консулын газарт цаг товлохоор оролдсон ч бүтэлгүйтсэн. Үүнийхээ дараа Армен руу нисэх гэж оролдсон боловч онгоцны буудал дээр саатуулагджээ. Тэрбээр одоо шүүхийн шийдвэрийг хүлээж байна.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ