"Жагсаалд З.Энхболд идэвхтэй оролцох боллоо"

Хуучирсан мэдээ: 2022.12.08-нд нийтлэгдсэн

"Жагсаалд З.Энхболд идэвхтэй оролцох боллоо"

"Жагсаалд З.Энхболд идэвхтэй оролцох боллоо"

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "нүүрсний хулгай"-н хэргийн мөрдөн шалгах ажиллагаа болон ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар мэдээллээ.


Тэрбээр "Нүүрсний хулгай гэх хэрэгтэй холбогдуулж, нүүрсний хулгайн мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгуулсан. Хамгийн эхнийхээ хурлыг өчигдөр хийсэн. Ажлын хэсэг ямар чиг үүрэгтэй ажиллах вэ гэдгийг бид ярилцаад, мөрдөн шалгах ажиллагаанд Засгийн газрын харъяа агентлагуудын мэдээ мэдээллүүдээр түргэн шуурхай хангах, нарийн мэргэжлийн шинжээч экспертүүдийн дүгнэлт гаргахад дэмжлэг үзүүлж ажиллах, Засгийн газар хоорондын эрхзүйн талаар харилцан туслалцах гэрээний үндсэн дээр гадаад улсуудаас хил гаалийн мэдээ мэээллүүдийг гаргуулж ажиллах үндсэн зарчим дээр тохиролцсон.

Ажлын хэсгийн хуралдааны дараа мөрдөн шалгах ажиллагаа эрчимжсэн. Урд шөнө "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг нарын найман иргэнийг хойшлуулашгүй журмаар баривчилсан. "Хишиг арвин индустриал" компанийн Гүйцэтгэх захирал Б.Хишигдорж нарын гурван хүн, "Эрдэнэс Тавантолгой"-н захирал асан Б.Ганхуягийн хамаарал бүхий таван хүнийг хойшлуулашгүй журмаар баривчилсан. Баривчлах болсон үндэслэл нь Б.Ганхуяг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллах үелээ өөртөө давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэсэн нотлох баримтууд мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсныг үндэслэн, цаашид гүнзгийрүүлэн шалгах шаардлагатай гэж үзэн баривчилсан гэдэг мэдээллийг Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын ажлын хэсгээс бидэнд ирүүлсэн.

Өнөөдөр мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Дээр дурдсан баривчлагдсан хүмүүсийн орон байранд үзлэг, шалгалт хийх ажиллагаа үргэлжилж байна. "Хишиг арвин индустриал" компанийн оффист үзлэг, нэгжлэг хийгдэж байна. Баривчлагдсан хүмүүсийн гэр, оффист үзлэг хийж байна. "Хишиг арвин индустриал" компани "Эрдэнэс Тавантолгой" компанийг байгуулснаас хойш хөрс хуулах ажил гүйцэтгэж байжээ. Энэ бол манай томоохон үндэсний, уул уурхайн компаниудын нэг юм" гэв.

Аймаг бүрээс гурван мөрдөн байцаагчийг хянан шалгах ажилд татан оролцуулна. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн экспортын үйл ажиллагаанд ямар ч саад үүсч болохгүйг бид анхааруулсан. Мөн хилийн нэвтрүүлэх хэсэгт ажилладаг гаалийн бүх ажилтныг шалгана. Хүн хүч хэрэгтэй болно. Мөрдөн шалгах ажиллагаа эрчимжиж байна.

Өнгөрсөн өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр нүүрсний гэх хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийг олон нийтэд ил тод болгож зарла гэдэг иргэд, олон нийтийн шаардлагын дагуу мөрдөн шалгах ажиллагаа илүү эрчимжиж байна. Харамсалтай нэг мэдээлэл байна. Сүхбаатарын талбайд үнэхээр зүрх сэтгэлийнхээ дуудлагаар, энэ улс оронд шударга ёс тогтоох, иргэдийн амьдрал ахуйг эрчимтэй сайжруулах, төр засгийн бодлогыг үгүйлж шаардсан дийлэнх иргэдийн чин зүрхний дуудлагаар хийгдэж байгаа жагсаал цуглаан байна.

Үүний хажуугаар захиалгатай, улс төрийн тогтворгүй байдлыг бий болгохыг зорьж байгаа, энэ хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүсийн жагсаал цуглаан байгааг иргэдэд давхар дуулгах нь зөв гэдгийг би ХЗДХ-ийн сайдын хувьд хэлье.

Сүхбаатарын талбайд чин сэтгэлээсээ жагсаж буй иргэдийн хажуугаар хэрэгт холбогдон шалгуулж буй хүмүүсийн гар хөл болсон хүмүүс ч мөн жагсаж байна. Тухайлбал, Монголын оюутны холбооны даргаар ажилласан хэд хэдэн хүн "Эрдэнэс Тавантолгой" ХК-д олноороо ажилласан.

Харамсалтай нь, улс төрийн тогтворгүй байдлыг ашиглаж байгаа, энэ хэрэгт шалгагдаж байгаа нөхдийн жагсаал, турхиралт байгаа гэдгийг иргэдэд давхар дуулгах нь зөв. "Эрдэнэс Тавантолгой"-н удирдлагууд сүүлийн жилүүдэд Монголын оюутны холбооны үе үеийн удирдлага болон бүхий л албан тушаалыг хашиж ажилласан. Тухайлбал, Монголын оюутны холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Ганхуяг, С.Энхтүвшин, Х.Батсайхан зэрэг хүмүүс энэ компанид олноороо ажилладаг. Тэд баг бүрдүүлж ажиллаж байсныг үгүйсгэхгүй.

Жагсаал, цуглаан зохион байгуулахад дээр дурдсан хүмүүсийн төлөөллөөс одоогийн оюутны холбоо, тэр дундаа их, дээд сургуулиудын оюутны зөвлөлийн удирдлагуудад ажиллаж байсан хүмүүсийн дансанд их хэмжээний мөнгө шилжүүлсэн баримтыг эрүүгийн цагдаагийн газраас шалган тогтоох ажил үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, олон нийтийн шударга ёс хүсэмжилсэн жагсаал цуглааныг өөрсдийн нүүрсний хулгайн булхайг дэлгэх, энэ Засгийн газрын шийдвэртэй алхмыг сарниулах, улс төрийн тогтворгүй байдал үүсгэх, магадгүй Төрийн ордон руу дайрч орж, Засаг төрийн хямрал үүсгэх гэсэн ийм бусармаг жагсагчид шударга жагсагчдын дунд байгаа гэдгийг жагсаал цуглаанд ирж буй, оролцож буй иргэд маань илүү хашир хандаж, шаардлагаа тавьж ажиллаарай. Иргэдийн өөрсдийн дуу хоолойгоо өргөх шударга ёсны хүсэмж бусармаг луйварчдын бусармаг үйлдлээр хазайж, улс төрийн хямрал руу явах вий гэсэн болгоомж байгааг энэ дашрамд хэлэхийг хүсч байна.

Монгол Улсын гаалийн байгууллагаас гаалийн хяналт шалгалтыг дөрвөн удаа явуулж, дээр дурдсан бүртгэлгүй нүүрсний мэдээллүүдийг үндэслэн мөрдөн шалгах ажиллагааны нэг баг энэ чиглэл рүү ажиллаж байна.

Бид жагсаж буй иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд халдаагүй. Өнөөдөр морьтой иргэд Сүхбаатарын талбайд ирсэн. Тэднийг саатуулсан нь бусад жагсагчдын аюулгүй байдлыг хангах зорилготой юм. Төрийн ордны хаалгыг эвдсэн, цагдаа нарыг гэмтээсэн, ордны хажуугийн машиныг эвдэлсэн нь үзэл бодлоо илэрхийлж буй хэрэг үү? Та бүхэн энэ талаар бодоорой. Жагсаж буй иргэдээс ажлын хэсэгт орж ажиллахыг урьсан ч хэн ч хүсэлтээ өгөөгүй. Тэгсэн атлаа өнөөдөр 12.00 цагт нүүрсний хулгайч нарыг зарла гэсэн. Ингэх боломжгүй юм.

MCS компани бүх ажилчиндаа ажлаа орхиод, жагсаалд оролцохыг уриалсан байсан. Тус компани нүүрс экспортолдог хамгийн том компаниудын нэг. MCS компанийн нүүрсний агуулахуудтай холбоотой асуудлууд мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгагдаж байна.

Өмнөговь аймгаас иргэдэд мөнгө өгч авчраад жагсаалд оролцуулжээ. Жижиг "Таван толгой" ХК-ийг сайн шалгах шаардлагатай. Энэ компанийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хамаарал бүхий хүмүүс л удирддаг гэсэн мэдээлэл бий. Энэ компанийн удирдлагуудтай холбоотой хэл ам тасардаггүй. "Эрдэнэс Тавантолгой"-н сүүлийн гурван захирлыг шалгаж байна. Тэгэхээр хүнээ солиод нэмэргүй нь. Улс төрийн томилгоо байсаар байхад энэ алдаа дахин гарна. Иймд хуулиа өөрчлөх шаардлагатай. Я.Батсуурь, Д.Ариунболд гээд өмнөх хоёр захирлыг мөн шалгаж байна.

УИХ-ын гишүүн асан Л.Энхболдын өгсөн мэдээллийн дагуу шалгахад 2013-2017 оны хооронд 2527 компанийн 17200 орчим машин улсын хилээр урагшаа хоосон нэвтэрсэн гэдэг мэдээлэл олдсон. 268 мянган тонн нүүрсийг АМНАТ төлөлгүй хилээр гаргасныг гаалийн байгууллага тогтоосон. Улсын хилээр гарсан хүн тээврийн хэрэгслийн бүртгэлийг тулгаж байна.

Манай улсаас гаргасан нүүрсний зарим хувийг урд хөршийн нутгаар дайруулан далайн боомт хүргэдэг. Гашуунсухайтаас гадна Замын-Үүд, Ханги-Мандал, Шивээ Хүрэнгийн боомтоор мөн нүүрс гаргадаг. Ховд аймаг дахь боомтоор гаргадаг "Мон эко" компанийн мэдээлэл мөн зөрсөн. Гэхдээ бид нүүрс худалдан авагчдадаа айдас төрүүлж болохгүй. Учир нь худалдан авагч талууд худалдан авах гэрээгээ цуцалж болзошгүй байна. Энэ бол манай дотоод асуудал тул экспортоо зогсоож болохгүй.

Бид цаашид өдөр бүр 11.00 цагт та бүхэнд мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрсэн шинэ мэдээллийг та бүхэнтэй хуваалцана.

Би АНУ-ын нийслэл Вашингтон хотноо болж буй авлигын эсрэг олон улсын хуралд оролцохоор очсон боловч хурал дуусгалгүй өчигдөр (2022.12.08) 11.00 цагт ирсэн. АНУ-д байх хугацаандаа мөнгө угаахын эсрэг нэг гэрээнд гарын үсэг зураад ирсэн. Удахгүй бид "Go travel" хэмээх программ нэвтрүүлнэ. Улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод харуулдаг энэ программыг бид үнэ төлбөргүй ашиглана. Мөнгө угаагчдад энэ нь муу мэдээ, шударга ёсыг хүсдэг иргэдэд бол энэ нь сайн мэдээ. Энэ программыг мөнгө угаахтай тэмцдэг, төрийн байгууллагууд ашиглана.

Оффтэйк гэрээг нөгөө талтай зөвшилцөхгүйгээр шууд ил болгож болохгүй. Ингэвэл бид гэрээ зөрчсөн болно" гэв.

"Эко соро" компанийн хувьд удахгүй Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас танилцуулга оруулна. Нэхэмжлэл гаргасан, түүний үндэслэл, арбитрын маргаантай холбоотой танилцуулгууд хийгдэнэ. Товчхондоо, УИХ-ын дарга байсан З.Энхболдын хамаарал бүхий "Страто" компанид "Эко соро" компанийн лицензтэй талбай дээр Батсуурь лиценз олгосон юм билээ.

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжээс орон нутгийн өмчит компанидаа лицензээс нь шилжүүлж авч, нэмээд иргэдэд 0.07 га газрыг хэдэн зуугаар нь гаалийн лицензтэй талбай дээр олгосон юм билээ. Энэ дээр нэг их гайхаад байх зүйлгүй. Гаднын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид тийм сонин, болчимгүй шийдвэрүүдийг орон нутгийн удирдлагууд гаргасан.

Энэ жагсаал дээр Зандаахүүгийн Энхболдын идэвхжиж оролцож байгаа бол их сонирхол татахуйц байна лээ. Энэ "Хишиг арвин индустриал" компанитай З.Энхболд маш их хамааралтай гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж