Жагсаалын жинхэнэ “ялагчид”

Хуучирсан мэдээ: 2022.12.08-нд нийтлэгдсэн

Жагсаалын жинхэнэ “ялагчид”

Жагсаалын жинхэнэ “ялагчид”

Дөрвөн өдөр жагссан жагсагчдаас илүү энэ удаагийн “тоглоомын” ялагч нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан гээд хэлэхэд нэг их буруудахгүй болов уу. Гэхдээ үйл явдлын өрнөл хэсгийг харвал тэр ганцаараа ч “ялагч” биш. Том зургаараа МАН-ын ах нар энэ үйл явдлыг далимдуулж, хэн нь эрх мэдлийг гартаа авах вэ, хэн нь илүү их хуваарилалт хийх вэ гэдэг дээр санал зөрөлдөж, өөр өөрсдийн эрх ашгийн төлөө улс төрийн тоглолт хийв. Үйл явдлын өрнөлийг сийрүүлэхийг оролдоё.

ҮНДСЭН ХУУЛЬД ГАР ХҮРЭХ “ХҮСЭЛ”

Эрх баригч МАН 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн. Үүний дараа МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн эрхийг гартаа авч, түүнд бүх эрх мэдэл төвлөрсөн. Энэ өөрчлөлтөөр хийж чадаагүй нэг үйлдэл бол Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж чадаагүй явдал нь өнөөдрийг улс төрийн энэ олон өрнөлийн шалтгаан болсон. Тиймээс 2020 оны сонгуулиас хойш сонгодог парламентын тогтолцоог хэрэгжүүлэхэд Үндсэн хуульд дахин гар хүрэхээс өөр сонголтгүй болсон, эрх баригчид.

Харин олон нийтийн зүгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дахин хийх, нэг нам дангаараа байх үедээ хоёр ч удаа, ойрхон хугацаанд Үндсэн хуульд гар хүрэх нь буруу гэсэн шүүмжлэлтэй байсан учраас өнөөдрийг хүртэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх ажлыг эрчимжүүлж, алхам хийж чадаагүй явсаар дөрвөн өдөр үргэлжлэх жагсаалтай золгов.

Парламентын засаглалтай, гүйцэтгэх эрх мэдлээ хэрэгжүүлж байгаа Л.Оюун-Эрдэнийн хувьд генсек Д.Амарбаясгалангаа дэргэдээ авчирсан нь улс төрийн хувьд хүч хавсрах хувьсгалын тохироогоо бүрдүүлсэн ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж чадахгүй байсан учраас ийн энэ удаагийн жагсаалаар далимдуулж, өнгөрсөн 30 жилийн алдаа завхралыг засахын тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой гэдгийг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлж амжив. Намын Удирдах зөвлөл нь ч түүнд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх улс төрийн эрхийг өгсөн гэдгийг ч тэр тодотгов. Одоо Л.Оюун-Эрдэнэ улс төрийн намуудтай зөвшилцөж, сонгуулийн холимог тогтолцоог оруулснаар жижиг намуудад боломж олдоно, УИХ-ын гишүүдийн тоог нэмснээр жижиг намуудад болон бусад улс төрийн хүчнүүдэд боломж олдоно гэдэг пи-арын төлөвлөгөөний дагуу Үндсэн хуульд, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулна. Энэ бүхэн ирэх өдрүүдэд өрнөж, хэрэв тэдний хүссэн өөрчлөлтүүд хуульд орж чадвал 2023 оны зун ээлжит сонгууль зохион байгуулахаар тооцоолж байна. Сонгодог парламентын засаглалтай болох ёстойг амны уншлага болгосон МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эцэст нь Үндсэн хуулийн өөрчлөлт хийх, өнгөрсөн 30 жилийн завхралыг арилгах ажлаа гартаа оруулж, “ялагч” болов.

Д.АМАРБАЯСГАЛАН ХЭСЭГТЭЭ ГЕНСЕКЭЭ ХАВСАРНА

Хэрэв Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Сонгуулийн хуулиудыг өөрчилж чадвал МАН дотор эрх мэдлийн хуваарилалтыг хэн хийх вэ гэдэг чухал асуудал гарч ирнэ. Энэ хувиарлалтыг МАН-ын дарга болон Ерөнхий нарийн бичгийн дарга нар хийнэ. Өөрөөр хэлбэл, сонгуульд хэн нэр дэвших, сонгуулиас өмнө хэнийг нэр дэвшүүлэхгүй байх, намын жагсаалтыг хэнийг багтаах вэ, хэн нь УИХ-д олон суудалтай “болох” вэ гэдгийг шийдэх эрх мэдэлтэй хүн хэрэгтэй болно. Чухам ийм учраас МАН-ын Бага хурал зарлагдсан өдрийн өмнөх өдөр олон хоног үргэлжлэх жагсаал эхэлсэн юм.

Жагсаал, үймээнтэй учир МАН Бага хурлаа ч хойшлуулсан. Ирэх хавар хүртэл МАН Бага хурлаа хийнэ гэдэг юу л бол. Тиймээс одоогийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан генсекийн албаа нэг хэсэгтээ давхар хашина гэсэн үг.

Түүний хувьд анхнаасаа энэ албаа хавсрах хүсэлтэй байсан ч намын дүрмийн дагуу генсек нь өөр ажил хавсрах боломжгүй учраас Бага хурал товлогдож, Ерөнхийлөгчийн зүгээс Тамгын газрын даргаа энэ албанд томилох тохироо хийгдэж эхэлсэн. Гэвч Бага хурал болох хүртэл тохиролцоо хийгдэж чадаагүй учраас жагсаал далим болж, Бага хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм. Угтаа бол Д.Амарбаясгалан генсекийн ажлаа хэсэг хугацаанд хавсарч байгаад нам доторх хувьсгалын тохироогоо бүрдүүлээд сонгуулийн өмнө энэ ажлаа өгөх хүсэлтэй байсан ч Ерөнхийлөгчийн зүгээс “шахалт” ирсэн учраас Бага хурал товлогдсон. Гэхдээ өнөөдөр эцсийн “ялагч” нь Д.Амарбаясгалан болов.

АРД ТҮМНЭЭС СОНГОГДСОН СҮҮЛЧИЙН, ПАРЛАМЕНТААС СОНГОГДОХ АНХНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ “ХҮСЭЛ”

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн бол У.Хүрэлсүх. Түүний хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу зургаан жилээр нэг удаа сонгогдох эртэй Ерөнхийлөгч болов. Гэхдээ түүнд энэ хангалтгүй учир ард түмнээс сонгогдсон “сүүлчийн” Ерөнхийлөгч нь У.Хүрэлсүх болов уу гэдэг асуулт дагуулсан юм.

Бид ч энэ талаар тухайн үед бичиж байв. 

Холбоотой мэдээ

Ард түмнээс сонгогдох “сүүлчийн” Ерөнхийлөгч тодров

Ард түмнээс сонгогдох “сүүлчийн” Ерөнхийлөгч тодров

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт яригдах бүрт сонгодог парламентын засаглалын дагуу Ерөнхийлөгчийг парламентаас сонгох ёстой гэдгийг эрдэмтэн судлаачид хэлдэг. Тиймээс ч МАН Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ удаад хийж чадвал Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, мөн нэг удаа улираах зэрэг заалтууд оруулах болов уу гэсэн хүлээлт улс төрийн хүрээнд бий. Ийм шахалтыг ч Ерөнхийлөгч хийж байгаа болов уу. Тэрбээр түүхэнд ард түмнээс сонгогдсон сүүлчийн, парламентаас сонгогдсон анхны Ерөнхийлөгч болох “автор”-ын эзэн болох хүсэл нь биелэх, хүслийг нь МАН биелүүлэх болов уу.

Түүний энэ хүсэл өчигдрийн Ардын намынхныг, хуулийн байгууллагын удирдлагыг өрөөндөө дуудаж загнасан уулзалтаас илүү их “үнэртсэн” юм.

Эцэст нь, олон жил яригдсан нүүрсний асуудлыг хуулийн байгууллага шалгаж, олны хэлдгээр хэдэн “жараахай” шалгагдаж, ял авч дуусна, дуусгана, МАН. Харин үүнийг “ашиглаж” Ерөнхий сайдын Үндсэн хуулийн өөрчлөлт, гишүүдийн тоо нэмэх, холимог тогтолцоогоор явуулах хүсэл, Ерөнхийлөгчийн эрх мэдлээ нэмэх хүсэл, Д.Амарбаясгалангийн ирэх сонгуулийн хувиарлалт хийх хүсэл дээр дөрөөлсөн жагсаал өнөөдөр ч үргэлжлэх нь.

Улс төрд мөнхийн дайсан гэж байдаггүй, мөнхийн эрх ашиг л байдаг хойно, МАН-ын ах нар эвлэрэх цаг хугацаа л энэ бүх нэгтгэнэ, энэ хугацаа ч удахгүй биз ээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж