Тэжээсэн бяруу тэрэг эвдсэн түүх

Хуучирсан мэдээ: 2022.12.08-нд нийтлэгдсэн

Катар-2022

Тэжээсэн бяруу тэрэг эвдсэн түүх

Тэжээсэн бяруу тэрэг эвдсэн түүх

Атлантын далай, Гибралтарын хоолой, Газар дундын тэнгисийн эрэгт орших Марокко улс дэлхийн аваргаар Испанийг хожиж багагүй шуугиан дэгдээгээд байна. Баярлаж, хөөрсөн Европ даяар тархан суурьшсан марокко иргэд Франц, Бельги, Испанид үймээн дэгдээж, цагдаа нартай мөргөлдөөд амжжээ. Ерөнхийдөө мароккочууд Европ руу ихээр цагаачилж, сайхан амьдрал руу тэмүүлдэг аж.

Тус улсын хөлбөмбөгийн шигшээ багийн гарааны 11 тоглогчийн ердөө гурав нь Мароккод төрсөн гэнэ. Харин бусад нь Европт төрж, тэндээ боловсрол эзэмшиж хожмоо Мароккогийн шигшээ багт дуудагджээ. Тэдний нэг бол Ашраф Хакими.

Хакимиг өнөө цагийн дэлхийн шилдэг баруун жигүүрийн хамгаалагч нарын нэг гэдэгтэй хэн ч маргахгүй. Боруссиа Дортмундад боломжоо ашиглаж, Интер Миланд өөрийгөө нотолсон тэрбээр өдгөө ПСЖ-д Месси, Неймар, Мбаппегийн арыг дааж буй. Уг нь Испанийн эзэн хааны Реал Мадридын бүтээгдэхүүн шүү дээ.

Хакими 1998 онд Испанийн Мадрид хотноо мэндэлжээ. Түүний эцэг эх Мароккогоос Испани руу цагаачилсан гэнэ. Тэрбээр Испанид сурч боловсорч, найман настайдаа Реал Мадридын хүүхдийн академид элсчээ. Харин 2016 онд 18 насандаа Реал Мадридын төлөөх анхны тоглолтдоо оролцож, бидний мэдэх өнөөдрийн түүх нь эхэлсэн юм.

Хакимигийн эхнэр нь Хиба Абук гэх испани жүжигчин.

Ашраф Хакимид Испанийн төлөө тоглох боломж байсан ч тэр үүнийг хүсээгүй. Угаасаа Испанийн шигшээд багтахын төлөөх өрсөлдөөн залуу хүүд дэндүү хэцүү. Тиймээс тэр Мороккогийн 17 хүртэлх насны шигшээ багаас эхлэн бүх шатанд нь хүчин зүтгэжээ.

Испанийн төлөө тоглоогүй талаар Хакими “Надад Испанийн залуучуудын багт тоглох боломж байсан. Надтай холбогдож байсан. Би Испанийн шигшээ багийн бэлтгэл дээр очиж байлаа. Лас Розаст хэдэн өдрийг өнгөрөөсөн. Гэвч надад тохирох газар биш юм шиг санагдсан. Гэртээ байгаа юм шиг мэдрэмж төрөөгүй. Би Араб соёл, марокко хүн байхыг илүүд үзсэн. Би энд байхыг хүссэн” гэв.

Хакими бага насныхаа талаар “Ээж минь айлын гэр цэвэрлэж, аав минь гудамжинд хоол зардаг байлаа. Бид өдрийн хоолоо залгуулах гэж өдөр бүр завгүй ажилдаг энгийн л айл. Өнөөдөр би тэднийхээ төлөө өдөр бүр шаргуу тэмцэж байна. Тэд миний төлөө өөрсдийгөө золиосолсон. Ах нар минь намайг амжилтад хүргэх гэж олон зүйлээсээ татгалзсан” гэв.

Ийнхүү Испанид төрж, өсч, боловсрол эзэмшиж, хөлбөмбөг заалгасан Ашраф Хакими эцэст нь Испанийг хожиход чухал үүрэг гүйцэтгэж, хожлын гэж хэлж болохуйц сүүлийн торгуулийн цохилтоо алдалгүй гүйцэтгэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж