"Х.Баттулга Хятадын төмөр замтай уулзах цэгийг зөрүүлсэн лайг нь эдэлж байна"

Хуучирсан мэдээ: 2022.12.08-нд нийтлэгдсэн

Live"Х.Баттулга Хятадын төмөр замтай уулзах цэгийг зөрүүлсэн лайг нь эдэлж байна"

"Х.Баттулга Хятадын төмөр замтай уулзах цэгийг зөрүүлсэн лайг нь эдэлж байна"

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.12.08/ нэгдсэн хуралдаан эхэллээ.


 

15 : 56
2022-12-8

Засгийн газраас Төмөр замын тээврийн тухай хуулийг татан авав

УИХ-аар энэ долоо хоногт Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх байсан ч Засгийн газраас татан авч байгаагаа мэдэгдэв. УИХ-ын дарга Г.Занданшатар энэ тухай уншиж танилцууллаа.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдах болсон тул чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна. 

14 : 36
2022-12-8

"Ерөнхийлөгч асан Х.Баттулга төмөр зам барихад анхнаасаа бидэнтэй хамтраагүй"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Үргэлжлүүлэн Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхэллээ.  

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

-Энэ хуулийг дэмжиж байгаа. Тусгай хамгаалалттай газар дээр байгаа геодизийн цэг, тэмдгийн бүрэн бүтэн байдалд хэн хяналт тавих вэ. Улсын тусгай хэрэгцээний газар байгаа цэг, тэмдгийн бүрэн бүтэн байдлыг байгууллага дарга хяналт тавина гэжээ. Дарга гэж хэн юм бэ. Хилийн цэсийн асуудал 330 суманд маргаантай байгаа. АИХ-ын тогтоолоор баталсан цэг, тэмдэг өөрчлөгдөхгүй байх. Үүнийг баталгаажуулахдаа алдаа гаргасан байдаг. Үүнийг дахин баталгаажуулж, нарийвчлан тогтоох ажлыг яаралтай хийх хэрэгтэй. 

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга А.Энхманлай:

-Шинэ хуулийн төсөлд геодизийн байнгын цэг, тэмдэгтийн талаар нэлээд зохицуулалтыг оруулсан. Цэг тэмдэг устаж байгаа учраас хамгаалалтын бүсийг тогтоож байгаа. Хот суурин газарт 1.5 метр хамгаалалтын зурвас бусад газруудад гурван метр байна. Хариуцаж байгаа байгууллагын дарга энэ асуудлыг хариуцна.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар:

-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 17 аймаг, 154 сум хилийн цэс маргаантай. Зарлиг тогтоолын алдаатай нэг сум бий. Аймаг сумдын хүн амын нягтаршлаас үүссэн 12 сум, газар усны нэршлийн алдаатай гурав, иргэдийн хилийн цэс бодит байдлаас зөрүүтэй байгаа. Орон нутагтай хамтран том ажлын хэсэг байгуулж ажиллана. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Энэ хуулийг дэмжиж байна. Их чухал хууль. Бүх юмны суурь. Хаягжуулалт, дайн байлдаан, барилгын салбарын суурь нь. Иргэд google map гар утсаараа ашигладаг. Гадаадад их өргөн ашигладаг. Үүнийг геодизи зураг зүйн мэргэжилтнүүд хийнэ. Засаг дарга нар газар олгохдоо тэр байшингийн ар талд гурван метр кв гэж барагцаалж олгодог байсан бол одоо бүгд кадастрын зурагтай болсон. Улаанбаатар хотын google map харахаар гэр хороолол нь харагдахгүй, хотын төвийн хэдэн том барилга л харагддаг. 

Нүүрсний хулгай бол төмөр замтай холбоотой. Х.Баттулга гэж хүн төмөр зам бариулаагүй. Тэрнээс болж алдагдсан боломжийн үйл лайгаа эдэлж байна. Мухар төмөр зам нээгээд байгаа. Учир нь Х.Баттулга Хятадын төмөр замтай уулзах цэг кординатыг нь зөрүүлсэн гэж яриад буй. Өндрийг нь хэдэн километр зөрүүлсэн учраас дахиад төмөр зам барьсны дайтай зардал гарна гэж байна. Би геодизийн нарийн мэргэжлийн дарга нараас энийг зөрүүлэхгүй байх суурь хэмжил зүйн ажилд анхнаасаа орж ажиллаагүй юм уу. Ямар учиртай юм бэ?

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга А.Энхманлай:

-Энэ хууль маш чухал. Өөрөөр хэлбэл, газрын харилцаа, хаягжилтыг шийдвэрлэнэ. Тухайн объектын байршлыг нарийвчилж, технологижуулах, мэдээллийн сан үүсгэнэ. Бид үүнийг хэрэгжүүлж ажилладаг Харилцаа холбооны яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газар хувийн хэвшлийн байгууллага, хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага, цагдаа, эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран байршлын системийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Төрийн байгууллагууд дундын мэдээллийн сан үүсгэж, мэдээллээ шинэчлэх байдлаар ажиллана. 

Геодезизураг зүйн хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг:

Төмөр зам барихад анхнаасаа бидэнтэй хамтраагүй. Сүүлийн хоёр жил энэ асуудал сөхөгдсөн. Хятадын тал өөрсдөө 2012 онд төмөр замаа барьчихсан байсан. Бид тэнд нийцүүлэх шаардлагатай байгаа. Одоо төмөр замын өндөр болон байршлын зөрүүтэй болж, асуудал үүсээд байгаа. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Монголчууд төмөр замаа мэргэжлийн байгууллага оролцолгүй барьсан юм байна. Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа зөвлөхөөрөө дамжуулан "Та нар хийчих" гэсээр байгаад баахан ажил хийж, дампуураад. Танай нэг захирал чинь амиа хорлох гэрээслэл бичээд яваад байсан. Энэ юу болсон бэ. Компани нь дампуурч, улсад хэчнээн төгрөгийн хохирол учруулсан юм бэ?

Геодезизураг зүйн хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг:

-Баригдаж байгаа төмөр замууд бүгд зураг төсөлтэй хийгдсэн. Одоо яг Хятадын талтай нийлэх уулзах төмөр замын асуудлыг тайлбарлахдаа "Өмнөх төмөр замыг барих үед зураг хийсэн компаниуд мөнгөө авсан. Тэр ажлууд бүгд зураг төслийнхөө дагуу барьсан.

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. 

УИХ-ын гишүүд С.Чинзориг:

-Гишүүдийн яриад байгаа аймаг дотроо хилийн цэсийн маргаан хаа сайгүй байна. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум, Төв аймгийн сумтай маргалддаг. Аймаг дотроо маргалддаг. Шаардлагатай бол энэ асуудлыг УИХ-д танилцуулж, эрх зүйн орчныг бүрдүүлэх санал оруулмаар байна. 

Хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.

14 : 21
2022-12-8

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний хуулийг Төсвийн байнгын хороонд шилжүүлэв

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2022.10.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ -ийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар танилцууллаа. Төслийн талаар Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Б.Пүрэвдорж танилцуулах байсан боловч чуулганы танхимд ирээгүй учраас УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа. 

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-Энэ хууль бол өнөөдөр ард иргэд, бичил бизнесүүдэд төрийн үйлчилгээг хүргэх өөрчлөлтийг хийж байгаа. Нэмэлт өөрчлөлтөд нэг чухал заалт нь төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдэд татвар хариуцсан ажилтан, мэргэшсэн зөвлөх байна гэж тусгасан. Төрийн өмчит компаниуд дотроо мэргэшсэн татварын зөвлөхтэй байхаас гадна гаднаас мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээ авах боломжтой. 

Нүүрсний хулгай яригдаж байгаа цаг үед мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүс татвар төлөгчтэйгөө буруу үйлчилгээ үзүүлж, нууж хаах үйл ажиллагаанд оролцсон бол татвар төлөгчтэйгөө хамт хариуцлага хүлээнэ. Тиймээс татвар тайлан тооцооны нээлттэй байдлыг хангахад институцлэгдсэн өөрчлөлт орж байгаа юм шүү. Ийм дорвитой өөрчлөлт орж, сэргийлж чадна. 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Анхны хэлэлцүүлгээр нарийвчлан харахгүй бол МХАҮТ, Жижиг дунд бизнес эрхлэгчдийн саналыг сайтар тусгахгүй бол эргэлзээтэй заалтууд байна. 

Хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

14 : 12
2022-12-8

Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах хуулийг хаалттай хэлэлцэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан нарын 3 гишүүн 2021.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Дараагаар нь Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг,/ хаалттай хэлэлцсэн юм. 

12 : 58
2022-12-8

"ОХУ-аас 280 вагон түлш ирж байгаа"

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2021.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ хийв. Хуулийн төслийг бэлтгэсэн талаар Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцууллаа. 

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Газрын тос, нүүрс, зэс, алт гээд олон асуудлын орж ирдэггүй орлого түгээмэл байна. Нийгэмд шүгэл үлээж, Засгийн газар мэдэгдэл хийсэн нь үнэн. Өчигдрөөс Х.Нямбаатар сайд, эрх баригчид 40 их наяд гэж хаана байгаа юм бэ, уучлал гуй гэж байна. Үүнийг Б.Пүрэвдорж гишүүн дэмжиж, жагсана ч гэж байх шиг. МАН-ын захиалгаар хэн нь эсрэг юм ярьж байна вэ. Ардчилсан нам ХҮН бидний орон зайг эзлэх гэж байна гэдгээ болих хэрэгтэй. Бүгдээрээ сөрөг хүчин бол сөрөг хүчин шиг бай. Би өнөөдрийг хүртэл УИХ дахь Ардчилсан намын бүлэг рүү нэг ч үг хэлж үзээгүй.

Энэ хулгай болохгүй байгаа ч ярьсан нь үнэн. Г.Ганболд дарга тоогоо өгөхдөө 6.4 сая тонн байна гэж ярьснаа 2.3 сая тонн болчихсон явж байна. Та нар болилдоо. Тоо бодвол 40 их наяд төгрөгийг анх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ярьсан шүү. Монгол Улсын эдийн засаг, ДНБ 40-45 их наяд шүү. Тооцооллоор 40-45 их наяд төгрөгийн орлогоо алдсан нь үнэн. Түүнд ногдох 10 их наяд төгрөгийн татварын орлогыг алдсан гэдгийг би нотолж чадна. Ямар нэгэн юм гуйвуулаагүй. Засгийн газарт бас тооцоо байгаа байх. Битгий санаа зов.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Тэр 40 их наяд төгрөгийг хулгайлсан хүмүүсийнхээ нэрийг зарла. Хуулийн байгууллагад нотлох баримтаа гаргаж өг Т.Доржханд гишүүн ээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Нүүрсний хулгайг тал талаас анхаарч, шийдэх байх. ХҮН, АН-ынхан улс төрийн ашиг сонжоо битгий хайгаасай. Улсын хэмжээнд дизель түлшний хүрэлцээ хангамж сайжирч байна уу. ОХУ болон Хятадаас түлш оруулж ирж байгаа гээд байсан. Энэ асуудлыг шийдсэн юм уу. АИ-92 шатахууны үнэ тогтвортой байгаа нь сайшаалтай ч дизель түлшний үнэ ямар ч хяналтгүй байна. Орон нутгийн иргэдэд түлшний хэрэгцээ их байдаг. Олон аймгийн малчид оторлож байна. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал:

-Дизель түлшний хомсдолтой холбоотойгоор Эрчим хүчний яамнаас ажлын хэсэг гарч хуралдаад, экспортоо хязгаарлах, дундын зуучлагчаар дамжуулан экспортоо хязгаарлах шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбоотойгоор Монголын дизель түлшний нийт хэрэгцээний 65-70 хувийг "Росснефть", бусад хувийг зуучлагчдаас хангадаг. Зуучлагчдаас орж ирэх нийлүүлэлтэд доголдол гарсан. "Роснефть" компаниас гэрээний хүрээнд нийлүүлэлтээ ихэсгэх, Хятадаас нэмэлт дизель түлш авахаар захиалгаа өгч баталгаажуулсан. Одоогийн байдлаар ОХУ-аас 16800 тонн буюу 280 вагон түлш ирж байна.

Хятадаас 21040 тонн түлшийг захиалж, 9350 тонн дизель түлш орж ирсэн. Ингэхээр нөөцийн хэмжээ өсч, энэ долоо хоногоос тогтворжиж, 12-16 хоног болж сайжирсан. Цаашдаа Хятадаас 10 мянга орчим тонн түлш орж ирнэ. "Роснефть" компаниас сарын 83 мянган тонныг захиалсан. Дизель түлшийн үнийн хувьд "Роснефть"-ээс таван хувийн хямдралыг авч байгаа. Дараа жил 10 хувь хямдруулна. 

Дизель түлшний нөөцийн хувьд улсын хэмжээнд 45.919 тонн буюу 34 хоногийн нөөц бий. Хууль батлагдсанаар төрийн өмчит "Эрчис ойл" болон "Роснефть айро" хоёр компани 60/40 хувийн хамтарсан компани байгуулах боломжтой болно. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Ардчилсан нам 2012-2016 онд засаг барьж байхад нүүрсний үнэ 27 ам.доллар байсан. Тэрийг хэн ч сонирхдоггүй. Нүүрсний тээвэр нь гурван сая төгрөг байсан. С зөвшөөрлийг хэн ч тоодоггүй цаас байсан. Энэ анхнаасаа хүнд суртлыг бий болгож, улирлын хоёр сая төгрөгийн авлигатай болгож, хүч чадалтай Хятадын машинуудыг авдаг болсон. Тийм учраас 2016 оноос нүүрсний хулгайг ярих ёстой. 

Монгол Улс 10 төсөвтэй болсны нэг шалтгаан нь "Эрдэнэс Тавантолгой". Эрх баригчдын том бялуу энэ компани болсон. Тиймээс өнөөдөр ийм асуудал гарч байна. Оффтейк гэрээгээ Засгийн газар нээх сонирхолгүй, УИХ-ыг тараах сонирхолтой байгаа. Ч.Хүрэлбаатар сайд Засгийн газар дээрээ ажиллаж, оффтейк гэрээгээ ил болго. Ажлаа хий л дээ. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-УИХ хариуцлагатай хандаж, гишүүд хуулийн байгууллагад мэдээллээ өгөх хэрэгтэй. Олон улсын санхүүгийн байгууллагаас Монгол Улсыг оффтейк гэрээгээр нүүрс гаргаж байна гэдэг мэдээллийг анх гаргаж ирсэн шүү. Дизель түлшний чанар муудсан гэх мэдээлэл байна. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал:

-Монгол Улс оргил үедээ хоёр сая тонн газрын тосны бүтээгдэхүүн гарган авсан. Тодруулбал, 2020 онд 1.9 сая, 2021 онд 1.8 сая тонн газрын тосны бүтээгдэхүүнийг импортолдог. Мөнгөн дүнгээр авч үзвэл 800 саяас 1.1 тэрбум ам.долларын газрын тосны бүтээгдэхүүн гадагшаа урсдаг гэсэн үг. 2022 оны байдлаар 1.5 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Баруун аймгуудад Цагааннуур, Боршоо боомтоор газрын тосны бүтээгдэхүүнүүд орж ирдэг. Харин "Роснефть" компанийн бүтээгдэхүүнд Сүхбаатар, Наушикийн боомтоор орж ирдэг. 

Баруун аймгуудад АИ92 шатахуун 2400-2900 төгрөгий үнэтэй байгаа. Ховд аймагт АМГТГ-ын салбарыг байгуулж, үнийн тал дээр анхаарч, илүү ажил хийхээр төлөвлөж байна. 

УИХ-ын гишүүн Б.Бейсен:

-Урагшаа гарч байгаа газрын тос улсын төсөвт хэчнээн төгрөг төвлөрүүлсэн бэ?

УУХҮЯ-ны хэлтсийн дарга н.Хишигдалай:

-Газрын тосны экспорт 2022 оны эхний зургаан сард экспорт хийгээгүй. Хятад улс хил гаалиа хаасан. Зургадугаар сарын 18-наас хойшоо өнөөдрийн байдлаар 240 орчим мянган тонн газрын тос экспортолсон. Үүний төсвийн гүйцэтгэл 40 орчим хувьтай байна. Монгол Улсын хувьд нийт 2 сая газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэдэг. Экспортолж байгаа тос жилд 500 мянга орчим тонн байдаг. Энэ хоёрын хооронд нэлээн зөрүү байгаа. 

Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй холбоотойгоор 24 хувийг авч байгаа. Үүнтэй холбоотойгоор улсын төсөвт төвлөрдөг. Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор 100 хувь дотоодын хэрэгцээг хангана. Газрын тосны үйлдвэрээс гарсан онгоцны түлшийг тэргүүн ээлжид дотооддоо хэрэгжүүлэхээр ажиллана. "МИАТ", дотоодын иргэний нисэхийн компаниудад хэрэглэж, гадаадаас түлш авах хэрэглээ буурна. Хадгалах байгууламжийг зөвхөн "Эрчис ойл" компанид эзэмшүүлэхээр явж байгаа. Цаашид бусад компаниудад "МИАТ"гэхгүйгээр "Хүннү эйр", "Аэро Монголиа" гээд компаниудад хүссэн хэмжээгээр нийлүүлэхээр төлөвлөж байгаа

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2021.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. 

12 : 36
2022-12-8

"Чалко" компанийн 100 машин өдөр бүр гарч байгаа нь үнэн"

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

-Бөмбөлөг тээвэртэй холбоотойгоор "Чалко" компанийн 100 машин явж байгаа. Тэр үнэн. Оочергүй өдөр болгон гардаг. Бид "Чалко" компани нүүрсний өрөө төлж дууссан гэж ойлгож байгаа. Тэр компаниас ямар хүсэлт ирж, хэн хүлээж авсан бэ гэдгийг Боомтын зөвлөл, ажлын хэсгүүдэд гаргасан. Нийт 300 гаруй бөмбөлөг үүсч, 10 гаруй мянган тээврийн хэрэгсэл оочерлож, нэг сард 2-3 удаа гарч байхад 100 машин өдөр бүр гарна гэдэг асар том давуу эрх. Үүнийг жолооч нар дургүйцэж байгаа. Нээлттэй сонсголоор тодорхой мэдээлэл өгнө. 

Оффтейк гэрээнүүдэд хоёр тал харилцан зөвшилцөж байж гэрээг ил болгоно гэж тусгасан юм билээ. Гэхдээ бид Хятадын талаас ямар хариу өгөхийг мэдэхгүй ч боломжтой гэрээнүүдийг ил болгох хүсэлтийг Засгийн газарт тавьсан.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

-Түр хорооны ажиллах хугацааг сунгаж ажиллахдаа хурдтай, зоригтой, тодорхой мэдээлэл өгч ажиллаасай. Ард иргэд хариуцлага тооцдог төрийг хүсч, шаардаж байна. Үнэхээр нүүрсний хулгай хийсэн хүмүүсийн нэрийг нь мэдэж байгаа бол зарламаар байна. Нэгмөсөн зарла. Энэ дунд бас хэлмэгдүүлмээргүй байна. Нүүрсний хулгай дээр ард түмний тэвчээр барагдаж байгаа болохоос олон салбарт хулгай нүүрлэсэн. Хоёр жил нэг аймгийг тоносон хулгайч нарт хариуцлага тооцоод өгөөч гэсэн. Тэр битгий хэл хүүхдийн мөнгөний найман тэрбум төгрөгт хумсаа шигтгэсэн хүмүүс байна. Оффтейк гэрээг хэзээ нууцаас гаргах вэ. Т.Доржханд гишүүний 44 их наяд төгрөг үнэн юм уу?

УИХ-ын гишүүн, түр хорооны дарга Г.Ганболд:

-Хятадын талаас мэдээлэл авахад хугацаа шаардаж байгаа учраас хугацаагаа сунгах гэж байгаа юм. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-УИХ хариуцлага тооцохыг байнга шаардаж байгаа. Тийм учраас нүүрсний асуудлыг анхаарч, ажиллаж байна. Түр хорооны үйл ажиллагаа сайжирч байгаа. Цаг хугацаа алдсан ч оффтейк гэрээтэй холбоотой асуудлыг арваннэгдүгээр сарын 15-нд Төсвийн тухай хуулийг хэлэлцэж байхдаа гаргаж, чиглэл өгсөн. Тийм учраас УИХ-аас арга хэмжээ авч ажиллаж байгаа. Цаашдаа ч энэ чиглэлээр том арга хэмжээ авах ёстой. 

УИХ-ын гишүүд үг хэлж дууслаа. Байнгын хорооны саналаар Хянан шалгах түр хорооны ажиллах сунгах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлав. Түр хорооны ажиллах хугацааг 2022 оны зургадугаар сарын 10-ны өдрийн УИХ-ын 31 дүгээр тогтоолоор байгуулсан ажиллах хугацааг 2022 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрөөс зургаан сараар сунгаж, арванхоёрдугаар сарын 8-наас эхлэн дагаж мөрдөнө.

11 : 08
2022-12-8

"Сонсгол дээр нүүрсний хулгай хийсэн хүмүүсийн нэрсийг зарлана"

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. Дараагаар нь Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Доржханд танилцууллаа.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Миний бие 2022 оны зургадугаар сарын 3-ны өдөр УИХ-ын гишүүнийхээ хууль санаачлах бүрэн эрхийн хүрээнд Хилийн боомтын үйл ажиллагаа, нүүрс тээвэрлэлттэй холбоотой ажлыг шалгах, УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн дагуу түр хороо байгуулахаар 26 гишүүнээр гарын үсэг зуруулж, байгуулсан. Энэ хугацаанд нүүрсний хулгай, оффтэйк гэрээтэй холбоотой олон ажлыг хийж, судалгаа, дүгнэлт хийсэн. Энэ асуудал өнөөдөр нийгэмд олны анхаарлыг татаж байна. Одоо энэ асуудалд ард түмний шаардлагаар анхаарах цаг болсон.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай асуудлыг дэмжиж байна. Гэхдээ бид амаргүй нөхцөлд ажиллаж байна. Жагсагчид нүүрсний хулгайн төлөө зогсч байна. Энэ түр хороо байгуулаад зургаан сар өнгөрсөн. Энэ хугацаанд түр хороо ямар ажил хийж, үр дүнд хүрсэн бэ. Одоо хийж чадахгүй байгаа, УИХ болон парламентаас дэмжлэг авах ямар асуудал байна. Нууцлалын гэрээ хэчнээн байна вэ. Төмөр замын бүтээн байгуулалтаар үнийн асар их зөрүүтэй асуудлыг ярьдаг.

Гашуунсухайтын төмөр зам нь нэг километр нь таван сая ам.доллар. Богд хаан төмөр зам нь километр нь найман сая ам.доллар. Гэтэл Хангийн төмөр зам нэг километр нь 1.7 сая ам.долларын үнэ өртгөөр найман сарын хугацаанд босголоо.

Энэ төмөр замын гэрээ нууц байгаа юм уу. Ер нь түр хорооны гишүүд үнэн бодитой мэдээллийг өгөхгүй байна вэ. Т.Доржханд бараг 40 их наядын нүүрсний хулгайг хийсэн гэж яриад байх юм. Түр хороо бүрэлдэхүүнээрээ олон нийтэд мэдээлэл өгч болохгүй юу. Гишүүд нь өөрсдөө улс төр хийж байна уу гэж хардаж байна.

Түр хорооны дарга Г.Ганболд:

-Манай түр хороог УИХ-аас байгуулсан гурав дахь түр хороо. Өмнөх түр хороодуудыг сунгаад явж байгаа. Бид нотлох баримт цуглуулах, гэрч дуудаж байцаах гээд цаг хугацаа их орж байна. Хянан шалгагчид ажиллаж, байцаагч нар цуглуулсан материал дээр сууж байна. Тиймээс бид шууд зарлахад эрт байна. Түр хорооны хугацааг сунгах асуудлыг ярьж байна. Өмнө нь УИХ-ын гишүүд нүүрсний хулгайг  хэлж байсан ч хэн ч тоогоогүй. Нууц гэрээ учраас УИХ-ын гишүүд ч үүнтэй танилцах боломжгүй байгаа. Харин УИХ-ын түр хороо нууц гэрээтэй танилцах боломжтой. Хяналтын ерөнхий сонсгол хийх ажлын хэсэг байгуулагдаж, нууц гэрээнүүдийг ил болгож арванхоёрдугаар сарын 21-нд хэлэлцэнэ. Энэ бол түр хорооны хамгийн том үр дүн. Нууц гэрээний цаана төмөр замуудыг хэчнээн төгрөгөөр байгуулж, үр дүнд нь хэчнээн тонн нүүрсийг ямар үнээр авсныг ил болгоно. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд 44 их наяд төгрөгтэй холбоотой мэдээлэл хийсэн. Энэ гишүүн түр хорооны гишүүн боловч хуралдаа нэг ч суугаагүй. Түр хороон дээр 44 их наядтай холбоотой мөнгөн дүнгийн асуудал яриагүй. Өнөөдөр нийгмийн талцуулж байгаа мэдээллийнхээ төлөө Т.Доржханд хариуцлагаа хүлээх ёстой. Үүнийгээ тайлбарлах ёстой. Өвлийн хүйтэнд ард түмэн 44 их наядын төлөө жагсч байхад түр хороон дээр өнөөдөр 2.5 сая тонн нүүрсний хулгайн нотлох баримт цуглуулах тухай ярьж байгаа. Ард түмнээс, цагдаагийн алба хаагчдаас уучлалт гуйх ёстой. 

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

-Түр хорооны ажиллах хугацааг сунгахыг дэмжиж байна. Эрх зүйд нийцэж ажиллах боломжийг нь бүрдүүлж өгөх ёстой. Бид Үндсэн хуульд тодорхой үг хэллэг байгаа. Урьдчилж хэн нэгнийг гэм буруутай гэж ярих боломжгүй. Энэ түр хороо нууцын зэрэглэлтэй байгаа материалыг олон нийтэд ил нээлттэй мэдээлэх боломж байгаа юм уу. Анх байгуулагдаж байгаа түр хороо, одоо ажиллаж байгаа түр хорооны үйл ажиллагааны чиглэлийг тодорхой болгох шаардлагатай.

УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Г.Ганболд:

-Оффтейк гэрээтэй танилцах боломж байгаа ч Засгийн газраас шийдвэр гаргаснаар олон нийтэд ил тод мэдээлэх боломжтой. Бид Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын даргад ил болгох хүсэлт тавьж, арванхоёрдугаар сарын 21нд мэдээлнэ. Тэгснээр хүмүүсийн нэрс тодорхой болно. Хэдэн төгрөгийн гэрээ хийснийг ч мэдэхгүй байна. Нийгмийн хүсэн хүлээж буй нэрс гарч ирнэ гэж итгэж байна. 

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

-Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах хэрэгтэй. Энэ цөмийг хариуцан шийдвэрлэх гол түр хороо. Ард түмэн биднээс мэдээллээ ил тод байлгаж, хариуцлага хүлээлгэхийг хүсч байна. 

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

-Бид хилийн мэдээлэл, гаалийн бүрдүүлэлт хоёрын зөрүүг тогтоохоор оролдож байна. Өнгөрсөн 2013 онд анх илэрсэн Хятад, Монголын гаалиар тогтоогдсон зүйлийг тухайн үед нь хууль шүүхийн байгууллагууд шийдсэн бол өнөөдөр ийм хулгай даамжрахгүй байсан. Тэрийг хэрэгсэхгүй болгосноор энэ асуудал даамжирсан. Үүнийг тогтоохын тулд цаг хугацаа их орж байна. Зургаан сарын хугацаанд нотлох баримт цуглуулсан. Үнэхээр хоосон гарсан гээд байгаа 22.664 машин Хятад руу нүүрстэй гарсан гэдгийг нэг талын мэдээллээр нотлох боломжгүй. Тэр утгаараа Хятадын холбогдох байгууллагууд руу удаа дараа Монголын гаалиас хоосон гарсан гэх мэдээлэлтэй машинууд Хятадын гаалиар нүүрстэй орсон уу гэдгийг нотлохоор бичиг явуулсан ч Хятадаас хариу өгөөгүй. Тиймээс ГХЯ-аар дамжуулан Хятадын Хөгжил шинэтгэлийн хороо руу албан бичиг явуулж, хариу ирсэн. Дахин гаалийн байгууллага руу албан бичиг явуулсан. Энэ чиглэлээр олон байгууллагаас төлбөртэй мэдээлэл авч, бодитойгоор УИХ-д тайлагнана. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Цар тахлын хатуу хорио цуцлагдаж, УИХ-ын чуулган биечилж хуралдах боломжийг анхаарах ёстой. Яагаад гэвэл жагсаал цуглаантай холбоотойгоор цахимаар хуралдаж, гар утсаараа оролцсон. Миний хувьд санал хэлэх боломж гараагүй. Би онц байдал тогтоохтой холбоотойгоор санал хэлэх боломж олдоогүй. Хуулийн лавлагаа авах шаардлагатай байна гээд. Түр хороог сунгаж ажиллуулах ёстой. Тавантолгой орд хөдөлгөөнд орж, 10 гаруй жил явсан ужгирсан асуудал. Засгийн газар яаралтай арга хэмжээ авч, БЭТ төлөөлөгч томилж, үр дүнтэй ажиллаж байгаа. Одоогийн асуудал нүүрс тээвэрлэлттэй холбоотой гэж ойлгож байна. Нийт 9000 машины ард ямар нууц асуудал байна вэ. 

УИХ-ын гишүүн, түр хорооны дарга Г.Ганболд:

-Нүүрс тээвэрлэлтэд маш олон асуудал байна. С зөвшөөрлийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас өгч байсан. Одоо боомтын зөвлөл өгч байна. Цаашдаа нүүрс экспортолж байгаа аж ахуйн нэгжүүд нь зөвшөөрөл өгөхөөр болж байгаа. Тийм учраас С зөвшөөрлийг 6000 машинд өгдөг. Наана нь 15 мянган машинд зөвшөөрөл өгөх хэрэгцээ байдаг. Тэгэхээр бид С зөвшөөрлийг хүндрэлгүй өгдөг болохыг анхаарч байна. Бөмбөлөг тээврийн асуудал нэг үеэ бодвол хүрдний тогтолцоонд орсон. Мөн олон машины жолооч машиндаа хонож, архидан согтуурдаг асуудлыг цэгцэлсэн. 

Мэдээжийн хэрэг тухай үед "Эрдэнэс Тавантолгой" компанийн удирдлагаар ажиллаж байсан хүмүүс үүнийг тогтоохгүй бол гэрээн дээрээ улстөрчдийн нэр байхгүй. Ямар нэгэн аж ахуйн нэгжийн нэр байдаг. Үүнийг тогтоож, санхүүгийг нь шалгах ёстой. 

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ:

-Түр хорооны хугацааг сунгах хэрэгтэй. Энэ ажил нэлээн эр зориг шаардсан ажил. Ард түмний амьдрал хэцүү байна. 1072 хувьцааны ногдол ашиг хэрг байна вэ. "Эрдэнэс Тавантолгой", "Тавантолгой" ХК гэдэг хоёр өөр компани. Тэгэхээр манай эрх баригчид шүүхээр нотлогдоогүй байхад хэний ч сөрөг хүчний А.Адъяасүрэн бид хоёрын нэрийг хаа хамаагүй хэлж байгаа нь хууль зөрчиж байгаа юм биш үү. Үүнийг хувь хүнийхээ үүднээс сайн бодоорой. Оффтейк гэрээний асуудлыг нээлттэй ярилцаж байж жагсагчдад тодорхой мэдээлэл өгнө. Чалко компанийн давуу эрхтэй машины талаар яагаад ярихгүй байна. Орон нутгийн "Тавантолгой" ХК-д би тодорхой хувьцаа эзэмшдэг нь үнэн. Энэ компани энэ жил нэгж хувьцаандаа 2500-3000 төгрөг тараах юм. Энэ жишгээр 1072 хувьцааг тараах боломж байна. 

10 : 10
2022-12-8

"Нээлттэй сонсголыг арванхоёрдугаар сарын 21-нд хийнэ"

Чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр горимын санал хэллээ. Тэрбээр, Бид далд эдийн засгийн талаар хангалттай ярьсан. Холбогдох арга хэмжээг тухай бүр нь аваагүйгээс өнөөдрийн айхтар асуудал гарч байна. Нүүрс болон экспортоор гарч буй бусад бүтээгдэхүүнд энэ асуудал гарч байна. Ажлын хэсэг гарч, хуулийн байгууллагатай хамтран шалгаж байна. Үүнээс гадна алт дээр асар их хэмжээний хулгай бий. Олборлож байгаа алтныхаа хагасыг тушааж, ченжүүдээр дамжуулдаг. Аж ахуйн нэгжийн албан татвараас зугтдаг. АМНАТ-аас зугтдаг. Лиценз тойрсон луйвар байна. Нийт 6200 лицензийг хоорондоо шилжүүлж, ихэнх нь худалдагдсан. Хувийн хэвшлээ дэмжиж байна гээд хулгайг дэмжиж байна. Эхний ээлжинд Авлигатай тэмцэх хууль, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Үүнээс гадна жолоодлогогүй болсон ханшийн уналт, инфляци, төлбөрийн тэнцэл, урсгал дансны алдагдлыг бууруулж, ажлын байрыг нэмэгдүүлэх, эрчим хүчний эрсдэлээс сэргийлэх гэх мэт олон асуудал хуримтлагдсан. Эдгээр нь ҮХНӨ болон сонгуулийн хуулиас илүү ач холбогдолтой. Магадгүй энэ асуудал 10 дахь асуудал байж магадгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Ингээд үзэхээр монголчууд 30 жилийн хугацаанд өөрсдөө хөгжүүлээгүй.

Хулгай хийж байгаа хүмүүсийн ихэнх нь тавиулууд. Тавьсан эздийг нь ил тод зарлах хэрэгтэй. Эзэд нь тодорхой байгаа шүү дээ. Уул уурхайн биржийн хуулиа шинэчлэх ёстой. Бид нэг литр тосоо 200 төгрөгөөр экспортолж, бензинээ 4000 төгрөгөөр худалдаж авдаг. Нэг тонн төмрийн хүдрээ 100 ам.доллараар гаргаж, 1000 ам.доллараар армотураа худалдан авч байна. Иймээс Худалдааны хуулиа яаралтай гаргах ёстой гэв.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Нүүрсний асуудал үүсч эхэллээ. Би энийг хоёр жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Харамсалтай нь, намайг ярьж байхад УИХ-ын гишүүд хашгиралдаад яриулдаггүй байсан. Хоёрдугаарт, хулгай байна гэдгийг хэлээд байхад ЭТТ-н захирал асан Б.Ганхуяг намайг хоёр удаа цагдаад өгч байсан. Тэрбээр "Манай компани цэвэр ариун компани" гэж. Өнөөдөр үнэнд гүйцэгдэж байна. Нүүрсний хулгайгаар 6.4 сая тонн нүүрс гарч, өртөг нь 6.5 тэрбум ам.доллар гэж Т.Доржханд гишүүн хэлсэн. 6.4 сая тонн нүүрсийг 1000-аар үржүүлж, 64 мянган машинаар зөөж байж, 6.5 тэрбум ам.доллар болно. Тэнд байгаа бүх 9000 жолооч нүүрсний хулгайч болох уу. 1000 ам.долларын үнэтэй нүүрс гэж хаана байна. Эрх баригчидтай нийлж баахан өндөр тоо тавьдаг. Энэ нүүрсний хулгайг замхаруулах юм руу орж байна. Үүний ард эрх баригчид тээврийн хулгай, оффтейк хулгай, гэрээний хулгайг нууж байна. Тээврийн хулгайд, Цагаанхадаас Ганцмод хүртэл хамгийн ихдээ 120 сая төгрөг буюу 250 ам.доллараар тээвэр хийснээс 125 ам.долларыг Хятадын компани, 125 ам.долларыг эрх баригчид авдаг. Энэ жилийн тээврийн зардалд долоон их наяд төгрөгийн зөрүү гарсан. Үүнийг би Б.Жавхлан сайдаас асуухад хариулт авч чадаагүй. 

Оффтейк хулгайгаар Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх замыг "Голомт"-ын Д.Баясгалан хоёр сая ам.доллараар барьчихаад 4.5 сая ам.доллараар оффтейкийн гэрээ байгуулсан. Дээрээс нь нүүрсээ 60 ам.доллараар авчихаад цаашаа хэдэн зуун ам.доллараар зарсан. Ямар их шунал вэ.

"Нээлттэй сонсголыг арванхоёрдугаар сарын 21-нд хийнэ"

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Цаг үеийн нөхцөл байдал амаргүй, ханшийн өсөлт, инфляци, үнийн өсөлт, иргэдийн амьжиргааг доройтуулж, шударга ёс алдагдаж, баялгийн хулгайтай тууштай тэмцэх асуудал иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Залуучууд төв талбай дээр тав дахь өдрөө жагсч байна. Энийг үл тоомсорлох ёсгүй. Тэдний шаардлага бол зүй ёсны гэж үзэж УИХ-аас ажлын хэсэг байгуулсан. Нүүрсний хулгайн асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах саналыг Эдийн засгийн байнгын хороонд оруулж, хуулийн дагуу 14 хоногийн бэлтгэл хангаж, арванхоёрдугаар сарын 21-нд нээлттэй сонсгол хийхээр шийдвэрлэлээ.

Ард иргэдийн саналыг сонсч, холбогдох гэрч, албан тушаалтан, шүгэл үлээгч, үнэлгээ тогтоосон, мэдээлэлтэй байгаа УИХ-ын гишүүд оролцож мэдээлэх үүрэгтэй. Тэгэхгүй бол эрүүгийн хариуцлага хүлээх болно. Хууль хяналтын байгууллагууд мэдээллээр хангах ёстой. Жагсагчдын төлөөллийг оролцуулж, нээлттэй сонсголыг үр дүнтэй зохион байгуулах хэрэгтэй байна. Нийт 21 эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэж, ил тод зарлах хэрэгтэй. Эзэн биегүй хулгайн хэрэг яриад хэрэггүй. 

09 : 36
2022-12-8

Чуулганы хуралдаан эхэллээ

Чуулганы хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хууль зэрэг дараах хуулийн төслийг хэлэлцэнэ.

 

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

·      Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·      Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан нарын 3 гишүүн 2021.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      “Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, хаалттай/

·      Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      ““Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2022.10.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн 2022.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн 2022.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Дархан арьс ширний цогцолборын үйл ажиллагааны талаар” тавьсан асуулгын хариуг сонсох

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж