Фанатуудын нойр солигдож, өвлийг хөлбөмбөгтэй давж байна

Хуучирсан мэдээ: 2022.12.08-нд нийтлэгдсэн

Катар-2022

Фанатуудын нойр солигдож, өвлийг хөлбөмбөгтэй давж байна

Фанатуудын нойр солигдож, өвлийг хөлбөмбөгтэй давж байна

Катарт агаарын температур +30 хэмийг зааж байгаа бол Улаанбаатарт -30 хэм байна. Хоёр орны цаг уур, байгаль орчин, соёл, аж байдал эрс тэс. Гэхдээ бүтэн сарын турш бидэнд ижил төсөөтэй нэг зүйл байгаа нь хөлбөмбөг.

Ойрхи Дорнодод хөлбөмбөгийн ДАШТ түүхэндээ анх удаагаа болж байгаа бөгөөд нийт зардал нь 200 тэрбум ам.доллар давжээ. Зуны аагим халуунаас зугтааж өвөл болж буй энэ удаагийн тэмцээн олон ч гайхалтай үйл явдлаар дүүрэн өрнөж буй. Харамсалтай нь зун болдог тогтсон жишиг үгүй болсон учир нэг хэсэгтээ уур амьсгал орохгүй, дасахгүй байлаа. Харин хэсгийн шатны хоёрдугаар тойргоос дэлхий нийтээрээ анхаарлаа хандуулж эхлэв. Саудын Араб Аргентиныг хожсоны дараа Япон Германыг буулган авч цэнхэр гаригийн түмэн олон Катар руу анхаарлаа хандуулах нь тэр. Фаворитууд ээлж дараалан бүтэлгүйтэж, тооцооноос гадуур, ярианд ороогүй улсууд цойлсон. Ингэж л дэлхийн аваргын уур амьсгал орж, энэ өвлийн гол ярианы сэдэв хөлбөмбөг болов.

Энэ удаагийн дэлхийн аварга таван тэрбум хүнийг татах тооцоотой. Монголчууд ч үүний нэг хэсэг болж, тэсгэм хүйтнийг үл ажран нойроо хугаслан байж дэлхийн шилдгүүдийн тулааныг шимтэн үзэж байна. Зуны цагт задгай асарт шорлог, плов зооглон хүйтэн шар айраг шимэн үздэг байсан цаг үе өнгөрч өдгөө халуун пар сахих болжээ.

Найз нөхөд, хамт олон, халуун ам бүлээрээ гадуур цугларч, хайртай тамирчнаа, дэмждэг багаа сэтгэлээсээ дэмжих хүн олон аж. Үйлчилгээний газрууд ч шууд дамжуулах албан ёсны эрхийг нь холбогдох телевизээс нь авч дуу дүрсний өндөр чанартай нэвтрүүлж байна. Өнгөрсөн Япон – Хорват болон Бразил – Өмнөд Солонгосын тоглолтыг гадуур үзсэн хүн их байв. Энэ удаагийн ДАШТ-д шуугиан тарьж, Европын томчуудыг өвдөг сөхрүүлсэн Ази тивийн багуудаа дэмжих монголчууд ганц нэгээр тогтсонгүй. Үйлчилгээний газруудын захиалга дүүрч, гал тогоо нь уртасгасан цагаар ажиллаж байлаа.

Эхний тоглолт Япон, Хорватын хооронд болсон. Японы шигшээ багийн өмсгөлөөр жигдэрсэн фанатууд мэр сэр харагдана. Нэг л дотно төрийн дуулал эгшиглэж, танил царайнууд цэнхэр дэлгэцээр зурайна. Ердөө ганцхан жилийн өмнө Монголын шигшээ баг Японы хүчирхэг багийн эсрэг тоглож байсан гэхээр тамирчдаараа бахархмаар. Тоглолтын эхний гоолыг япончууд оруулахад уушийн газар байсан фанатууд нь баяр жаргалын цэнгэлд умблаа. Гоол ороод удалгүй тоглолт завсарлав. Завсарлагаанаар тамхины өрөөнд фанатууд багуудын тактик, тамирчдын алдсан боломж, хийсэн үйлдэл гээд элдвийг хуучилна. Зарим нь тайлбарт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэх бол зарим нь ар Монголын алдарт тайлбарлагч Э.Балжинням агсныг санан үгүйлнэ. "Балжаа ах байхгүй болохоор тайбар л нэг л уйтгартай юм аа. Арай л их тоо баримт, түүх ярих юм. Гол нь эмоцитой тайлбарлагч бараг л байхгүй байна" гэв. Үнэндээ алдарт тайлбарлагчийн сөөнгө хоолойг мэдэхгүй монгол хүн байхгүй биз. "Гоол" гэж түүнийг орилоход хөлбөмбөг мэдэхгүй хэнбугай ч зог тусан харж, цэцэн цэлмэг басхүү дэггүй яриаг нь сонсох дуртай байсан нь лавтай.

Тоглолтын үндсэн цаг 1-1 гэсэн харьцаатай өндөрлөж, хоёр баг торгуулийн цохилтоор ялагчаа тодруулах болсон. Япончууд торгуулийн цохилтоо алдаж эхлэхэд уушийн газар даяараа халаглаж, хожигдсон хойно нь өмнөөс нь гэмшинэ. "Тэрийг л оруулчихсан бол" гэх өнгөрсний дараах ярианууд энд тэнд сонсогдоно. Япончууд энэ удаагийн ДАШТ-ээр харамсахааргүй тоглолтыг толилуулж, олон хүний хүндэтгэлийг хүртсэн.

Харин дараагийн тоглолт Бразил болон Өмнөд Солонгосын хооронд болоход Неймар тэргүүтэй бразилчууд илт давуу ялалт байгуулав. Энэ тоглолтын үр дүнтэй маргах хүн бараг л байсангүй. Бразил энэ тэмцээнд түрүүлэх зорилготой ирсэн бол Солонгос аль болох хол явах төлөвлөгөөтэй байлаа.

Ийнхүү Азийн багуудаа тултал дэмжсэн хоёр тоглолт өндөрлөж, Улаанбаатарт өглөөний 05.00 цаг болох дөхөв. Энэ удаагийн ДАШТ-ээр олон ч фанатын өдөр, шөнө солигдож, нойрны асуудал үүссэн биз ээ. "Хэзээ нэг манайхан ингээд дэлхийн аваргад орж байх бол оо" гэх залуусын нууцхан мөрөөдөл телевиз унтрахтай зэрэгцэн уушийн газрын хаалганы урд сонсогдох аж. Тэд энэ өвлийг өнтэй бус хөлбөмбөгтэй л давж байна даа.

Дашрамд сонирхуулахад, ДАШТ-ий шөвгийн наймын тоглолтууд маргааш/2022.11.09/ Бразил-Хорват гэсэн тоглолтоор эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж