Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тогтолцооны өөрчлөлт хийхээ мэдэгдсэн. Ингэхдээ улс төрийн намуудтай зөвшилцөж, Үндсэн хууль, сонгуулийн тогтолцоог өөрчилнө гэдгээ илэрхийлсэн. Үүнийг та дэмжих үү?
-Сонгуулийн тогтолцоог өөрчилье гээд өнөөдөр ярьсан юм биш. Сүүлийн хоёр жил ярилаа. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь илүү шударга ёс тогтооё гэсэн үг шүү дээ. Ил тод болгоё, шударга болгоё л гэж байгаа юм. Сонгуулийн тогтолцоо ярихаас гадна, сонгуулиа хийдэг дүрэм, журмаа өөрчлөх хэрэгтэй. Цаашдаа хар машинаар сонгуулиа хийх юм уу, хийхгүй юм уу, хар машин шударга байж чадав уу. Сонгогчдын эрх үүргийг хамгаалж чадав уу. Сонгуулийн луйвар хийж байна уу гэх мэт асуудлаа ярьж шийдэх ёстой. Дээр нь сонгуулиар иргэд авлига авдаг явдлыг болиулах хэрэгтэй. Авлига авсан иргэнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг, төрийн эсрэг хандаж байна гэж үзэх ёстой. Иргэн болгон заавал сонгуулиа өгдөг, хэрвээ сонгуулиа өгөөгүй бол төрийн үйлчилгээ үзүүлдэггүй болох хэрэгтэй. Сонгууль өгөх нь хүн болгоны үүрэг байх хэрэгтэй. Тэрнээс сонгуулиар хашааныхаа орой дээр гарч зогсчихоод “мөнгө өгвөл танай намд очиж саналаа өгнө” гэж шантааж хийдгийг болиулах ёстой. Оюутнууд бөөн бөөнөөрөө очиж 100 мянган төгрөг аваад, Монгол дээл өмсөөд саналаа өгдөг юм билээ. Үүнийг ч зогсоох шаардлагатай.
-Та иргэдийн жагсаалыг юу гэж харж байна. Тэмцэл нь үр дүнд хүрэх болов уу. Нөгөөтэйгүүр, жагсаалын ард нүүрсний бүлэглэл байгаа гэж Ерөнхий сайд мэдэгдлийнхээ үеэр онцолсон?
-Монгол Улс ардчилсан орон. Өчигдөр гадаад дахь найз нар "Танайд юу болоод байгаа юм бэ? Төрийн эргэлт гараад байгаа юм уу. Бослого гараад байгаа юм уу"гэдэг юм ярьж байна. Би юу гэж хариулсан гээч “Манайх ардчилсан орон. Манай иргэд үзэл бодлоо нээлттэй илэрхийлэх хэрэгтэй. Тиймээс ийм жагсаал цуглаан болж л байдаг юм. Болох ч ёстой гэж бодож байгаа. Төр засгаасаа шударга ёсыг шаардаж байна. Байдаг л зүйл. Энийг далимдуулаад зориуд бусдын өмч хөрөнгөд халдах, бусдын эрхэд халдах үйлдэл гаргаж буй иргэдтэй хууль хяналтын байгууллага хатуу тэмцэх хэрэгтэй. Соёлтой жагсч сурах хэрэгтэй. Тэмцэнэ гэдэг чинь далимдуулж үймээн дэгдээхийг хэлж байгаа юм биш шүү дээ. Европын холбооны улсад зөндөө л жагсаал болдог юм билээ. Герман, Швед цалингаа нэмүүлнэ энэ, тэр гээд зөндөө жагсдаг. Гол төлөв үймээн болж буй орнууд бол хөгжиж буй орон байдаг. Тэгэхээр жагсаалыг далимдуулж үймээн гаргаж буй нөхдүүдтэй хатуу тэмцэх хэрэгтэй. Энэ бол ардчиллаас ухарч буй үзэгдэл. Би ардчилсан үзэлтэй учраас жагсаал цуглаан болох ёстой гэж үздэг. Ардчилсан үнэт зүйлсийг бид өөрсдөө хамгаалах хэрэгтэй.
Жагсаал цуглааныг турхирдаг террористуудтай иргэд өөрсдөө тэмцэх ёстой. Би ч гэсэн маргааш 100 мянган хүн цуглуулаад жагсаал хийж чадна шүү дээ. Төр улсгүй улс оронд амьдарч байгаа юм шиг даналзах хэрэггүй.
Төргүй улсад амьдаръя гэж бодож байгаа бол Африкийн ширэнгэн ойд очиж амьдраач дээ. Тийм л сайхан юм бол.
Соёлт иргэншилт нийгэм, бүх улсад төртэй. Үүнээс гадна, оюутан залуус, иргэдийнхээ улс төрийн ухамсрыг нэмэгдүүлэх хэрэгтэй.
-Нүүрсний хулгайг эрх баригчид илрүүлж чадах болов уу?
-Тавантолгой гэж яриад байна. Ер нь хулгай луйваргүй юм байгаа юм уу энэ улсад. Ноолуур гэхэд ченжүүд, малчид ноолуураа бүгдийг нь урагшаа аччихдаг юм билээ. Дараа нь мөнгөө хятадуудаас авдаг. Энд нэг хятад байдаг юм билээ. Бүх ноолуурын бизнесийг зохион байгуулдаг, “баздаг”. Тэр нь Ажнайн Д.Бат-Эрдэнийн баруун гар гэсэн. Ноолуурыг базсаар байгаад аж үйлдвэргүй болох гэж байна. Ноолуурын салбарт ажиллах хүн байхгүй болж эхэллээ. Арьс ширний үйлдвэрийг яг ингэж байгаад байхгүй болгосон. Ерөөсөө арьсыг үнэтэй авч байгаад үйлдвэрүүдэд арьс ширийг авах боломж өгөхгүй байсаар байгаад үйлдвэрүүд ажиллахгүй болж, үүдээ хаагаад сүүлдээ ажилчид нь гадаад дотоод яваад ингээд мэргэжлийн ажилчин албан хаагчгүй болсон. Өнөөдөр үхэр, хонины арьс 1000 төгрөг байна. Түүнийг зүгээр л хаяж байна. Яг тэрэнтэй адилхан ноолуур ч гэсэн тийм болно. Энэ бизнесийг санаатайгаар зохион байгуулалттай нурааж байна.
ЯГ АРД ТҮМЭН ЖАГСААД БАЙНА ГЭХЭЭР ҮГҮЙ, МӨНГӨӨР ЖАГСАГЧИД ХАРАГДААД БАЙНА
-Нүүрсний хулгайг зогсоохын тулд яах ёстой вэ. Та бизнес эрхлэгчийн хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Нүүрсэн дээр юу болж байна вэ. 23 км цаашаа бүс байгаа. Тэнд нэг тонн нүүрс 520 юань байх жишээтэй. Тавантолгойгоос хил хүртэл 400 км-т нэг тонн нүүрс 120 юань байна. Ачааны машиныг хэн оруулж ирээд байгаа юм. Улстөрчидтэй холбоотой компаниуд хуваагаад авчихсан оруулж байна. Машинуудын дийлэнх нь Хятадын машин. Тэнд өдөр, шөнөгүй хүйтэнд Монгол хүнийг хөлсөлдөг. Хил дээр нүүрснээс мөнгө олох хэцүү байгаа. Тэгвэл цаана нь 23 км-т мөнгө олж байна. Баяннуур аймгийн хятадууд манай тодорхой бүлэг этгээдтэй нийлээд тээврийн хөлсөөр мөнгө хийж байгаа юм. Нүүрснээс 3-4 дахин их тээврийн хөлстэй байхад яаж нүүрс гарах юм. Дээр нь нүүрсний чанарт их асуудал байна. Кокс нүүрс 160-170 ам.доллар бол эрчим хүчний нүүрс 36 ам.доллар байна. Тэгэхээр эрчим хүчний нүүрс нэрийн дор кокс нүүрс гаргаад байгаа байхгүй юу. Ойлгож байна уу. Энэ чанарын зөрүү, тээврээр мөнгө хийж байна.
Жижиг Тавантолгойг устгах ёстой. Үхсэн баасны 20 гаруй жил хулгай хийлээ. Орон нутгийн мэдэлд байсан жижиг Тавантолгойгоор хэн баяжсан юм. Тэнд байгаа Засаг дарга нар баяжсан. Энэ асуудлыг цэгцэлмээр байна. Ер нь уул уурхай, ашигт малтмалаас олж буй ашгийг орон нутгийг хөгжүүлэх санд төвлөрүүлээд 18 аймагтаа яг тэнцүү хувааж өгдөг болох хэрэгтэй. Гэхдээ хөрөнгө оруулалтад зарцуулах ёстой. Тэгэхгүй бол ашгаас нь зөвхөн Өмнөговь аймаг авах ёстой юм гэнэ.
Ер нь хулгай луйвар ганцхан манайд гараад байгаа юм биш л дээ. Дэлхий даяар зөндөө л гардаг. Хулгайг таслан зогсоож, дуусгамаар байна. Жагсаалыг харахад яг ард түмэн жагсаад байна гэхээр үгүй байна. Дандаа мөнгөөр жагсагчид харагдаад байна. Нийгмийг бухимдуулах утгаар төрийн өмч хөрөнгөд халдаж, зориуд бухимдал үүсгэж байна.
Яг үнэндээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нүүрсний хулгайтай тэмцэхээр ажлын хэсэг гарган шалгаж байна. Тэрийг нь эсэргүүцэж байгаа хэрэг. Хулгайчууд мөнгө өгөөд хөдөөнөөс баахан залуучуудыг сандарсандаа гаргаад ирчхэж. Тэрэнд автаад сүржигнээд байх хэрэггүй.
Л.Оюун-Эрдэнэ өшөө чанга, ажлаа сайн хийх хэрэгтэй. Ард түмний төлөө ажил хийж байгаа төр засгаа ард түмэн бүчиж аваад хамгаалдаг юм. Л.Оюун-Эрдэнэ ард түмэнтэй байх уу, хулгайч нарын талд байх уу гэдгээ шийдэх хэрэгтэй. Би бол ард түмний талд байгаасай гэж бодож байна.
-Гишүүдийн тоог нэмэхийг та зөвшөөрөх үү. Ингэж байж л сонгодог парламентын тогтолцоо бий болно гэж зарим хуульчид үзэж байгаа?
-Би бол дэмжихгүй. Одоо энэ 76 гишүүн ээ маллахад хэцүү байгаа биз дээ. Тэмий тэнээд хуралдаа суухгүй алга болчихно. Эсвэл хувийн бизнес хөөцөлдөөд алга болчихно.
Харин хоёр танхимтай байвал яасын гэж бодож байна. Их танхим, бага танхимаас бүрдсэн АНУ-ын танхим шиг.
Засгийн газар ажлаа ил тод явуулдаг, төрийн өмчит компани гурав дахь хүчний компанийг оруулж хяналт тавих хэрэгтэй. Өөрөө өөрсдийгөө хянана гэхээр худлаа болчхоод байна. Нийтээрээ зөв сонгуулиа хийдэг, хулгай луйваргүй болчихвол аятайхан амьдрах боломжтой улсад бид амьдарч байна. Өөрсдөө хариуцлагүйгээс болоод хүнд хэцүү байдалд орчхоод байна.