“Хотжилт ба хүрээлэн буй орчин” зөвлөлдөх уулзалт МУИС дээр дөрөв дэх жилдээ өчигдөр /2022.12.7/ зохион байгууллаа. Тус хурал нь шийдвэр гаргагч нарт тулгамдаж буй асуудлыг ойлгуулах, шинжлэх ухааны шинэлэг мэдлэг, арга зүйг танилцуулах, судалгааны үр дүнд боловсруулсан шийдлийн хувилбаруудыг шийдвэр гаргалтад ашиглахад дэмжлэг үзүүлэх зорилготой аж.
Уг уулзалтад илтгэл тавьсан зарим эрдэмтний байр суурийг хүргэе.
Хөдөө аж ахуйн их сургуулийн агроэкологийн сургуулийн захирал А.Буянбаатар:
-Хүрээлэн буй орчныг хүн тариалан эрхлэх барилга байгууламж барих зэргээр ямар нэгэн байдлаар ашиглаж байна. Тиймээс хүрээлэн буй орчин гэдэг ойлголтод өргөн цар хүрээгээр хамаарна. Хүнсний хангамж аюулгүй байдлын асуудал бүх нийтийн анхаарах асуудал юм. Хүнсний бүтээгдэхүүний 98 хувь нь хөрснөөс гардаг. Монгол орны хүнсний бүтээгдэхүүн 100 хувь нь хөрснөөс гарч бий болно. Хөрсний бохирдолд хот орчимд тарьж ургуулж байгаа газар тариалангийн чанар аюулгүй байдал гэдэг чухал асуудал юм. Хүнс үйлдвэрлэл, хүрээлэн буй орчин эрүүл байх болоод эрүүл хүн амьдрах тухай шинжлэх ухааны үндэслэлийг ярьж байна. Монгол орны хувьд цөлжилт 76,8 хувьтай байгааг тогтоосон байдаг. Нийт хөрсний бүрхэвчийн 31,2 хувь нь доройтолд орсныг тогтоосон. Энэ бүхнээс харахад газрын доройтол, цөлжилт хөрсний доройтол их явагдаж байна. Үүний гол асуудал бид өөрсдөө байгаль хүрээлэн буй орчин, хөрс нь хүнс гэдэг ойлголтыг соён гэгээрүүлэх ажлыг хиймээр байна. Нэг үгээр хэлбэл хүрээлэн буй орчин хөрсөө бид эргүүлээд хүнс болгож хэрэглэдэг гэдгийг ойлгох хэрэгтэй.
Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал М.Бямбасүрэн:
-Малын тоо толгойн асуудал нь бэлчээрийн доройтолд маш их нөлөөлж байна. Сүүлийн 20 жилд хийсэн судалгааны үр дүнгээр дэлхий нийтээр яригдаж байгаа уур амьсгал, хуурайшилтын өөрчлөлтөөс гадна Монгол улсын бэлчээрийн доройтлын хамгийн том хүчин зүйл нь малын тоо толгой гэж гарсан. Монгол орны хөрс маш эмзэг бүтэцтэй. Үүн дээр тариалантай холбоотой хөрсний бохирдол ихтэй. Хотжилт нийгмийн амьдралыг дагасан хамгийн том асуудал бол хөрс агаарын асуудал юм. Агаарын бохирдолтой адил хөрс бас бохирдож байдаг. Ягаад гэвэл хүн өөрөө маш олон янзын хэрэглээтэй. Тухайн хэрэглээд дагаад хог хаягдлын асуудлууд гарч ирдэг. Хог хаягдал дээр хийсэн судлаач нарын судалгаан дээр хар тунгалаг хүнд металлын хэмжээ маш их байна.
НБСШТ-ийн дарга Р.Дагва:
-Энэ судалгааны ажлын үр дүнд хотын тулгамдаж буй асуудалд эрдэмтдийн үгийг сонсох, судалгааны ажлын үр дүнд дахин боловсруулалт хийх. Мөн хотын бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан хотын удирдлагын багийн гаргах шийдвэрийн төслүүдийг бэлдэж өгөх үүрэгтэй ажиллаж байна. Хотын удирдлагын баг өмнө нь асуудлыг намжаах маягаар асуудалд ханддаг байсан. Харин одоо шалтгаан руу нь хандаж шийдвэрлэхийн тулд эрдэмтэд, судлаачдын багийн гаргасан дүгнэлтэд тулгуурлан хотын асуудлыг хэрхэн шийдвэрлэх хувилбаруудыг удирдлагын багт санал болгож байна. Эрдэмтэд дундаас нийтийн тээвэр, ногоон байгууламжийг хотын стандарттай уялдуулж хэрхэн шийдэх, хот төлөвлөлтийг хэрхэн зөв зохион байгуулах талаар санал зөвлөмж тавилаа. Мөн бүх асуудалд шинжлэх ухаанаар хандах хэрэгтэйг хэлж байна. Бүх төвлөрөл Нийслэлд бий болон цугласан. Энэ төвлөрлийг илүү ухаалаг зарчмаар задлах, эерэг уялдалдаатай төлөвлөх асуудлыг ул суурьтайгаар хандаж цаашдаа Богд хан уулыг тойрсон Улаанбаатар хотын төлөвлөлтийг мэргэжлийн багуудтай хамтран бий болгохоор ажиллаж байна.