Атомын цахилгаан станцтай болох Узбекистаны мөрөөдөл

Хуучирсан мэдээ: 2022.12.08-нд нийтлэгдсэн

Атомын цахилгаан станцтай болох Узбекистаны мөрөөдөл

Атомын цахилгаан станцтай болох Узбекистаны мөрөөдөл

ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин өнгөрсөн долоо хоногт Узбекистанд айлчилсан. Тэрбээр энэ айлчлалынхаа үеэр цөмийн эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг чухал гэдгийг онцлоод, Узбекистаны нутаг дэвсгэрт атомын цахилгаан станц хамтран барихаар төлөвлөж буйгаа дурджээ.

Узбекистан ураны нийлүүлэлтээрээ дэлхийд долдугаарт ордог ч тус улсад атомын цахилгаан станц байдаггүй. Төв Азийн хамгийн олон хүн амтай тус улсын хувьд эрчим хүчний асуудал нэн тэргүүнд тавигддаг. Тиймээс Ташкент цөмийн эрчим хүчийг хэрэглээнд оруулахаар эрмэлзэж байна.

Хоёр улс 2018 онд Узбекистанд хоёр цөмийн реактор барих хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиёев 2018 онд анх гэрээнд гарын үсэг зурахдаа атомын цахилгаан станцыг 2028 он гэхэд барьж дуусгахаа хэлсэн. Улмаар 2019 оны тавдугаар сард “Росатом” буюу Оросын төрийн цөмийн корпораци реактор барих газраа сонгожээ. Ингэхдээ Жиззах мужийн Айдаркул нуурын ойролцоо газар сонгосон бөгөөд 2020 юм уу 2021 онд барилгын ажил эхэлнэ гэж мэдэгдэж байв. Хэдэн сарын дараа байрлалаа өөрчилж, Жиззах мужийн Фаришский дүүргийн Тузкан нуур руу шилжүүлжээ. Анх хоёр реактор төлөвлөж байсан ч мөн оны зун дөрвөн реактор төлөвлөж буй тухайгаа Узбекистаны албаны хүмүүс мэдэгдэв.

2018 онд 10-11 тэрбум ам.долларын гэрээ яригдаж эхэлсэн. Тодруулбал, Узбекистаны тал буюу төрийн өмчит эрчим хүчний “Узбекэнерго” компани зардлыг 10 тэрбумаар тооцсон бол “Росатом” илүү өндөр үнээр тооцож байсан юм. “Росатом”-ын мэдээлснээр санхүүжилт ихэвчлэн Оросын зээлээр хийгдэнэ гэж байв. “Росатом”-ын гүйцэтгэх захиралАлексей Лихачев 2019 оны аравдугаар сард мэдэгдэхдээ үйлдвэр барих үндсэн гэрээг оны эцэс гэхэд Узбекистантай байгуулна гэж байв.

Гэвч тийм зүйл болоогүй юм. Тэр үеэс хойш хоёр тал үргэлжлүүлэн хэлэлцсээр байсан ч тодорхой ахиц дэвшил гараагүй, хүмүүс ч төслийн талаар юм олж дуулаагүй.

Атомын цахилгаан станцыг дагаад зардал, аюулгүй байдал, цөмийн хаягдал, байгаль орчин зэрэг олон асуудал сөхөгдөнө. Анх төлөвлөсөн хоёр реактор бүхий атомын цахилгаан станц нь нийт 2.4 гвт хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн байсан. Гэтэл Ташкент 2050 он гэхэд 400 гвт цахилгаан эрчим хүч хэрэглэнэ гэж тооцоолж буй.

“Аливаа улс үндэстний хувьд цөмийн технологитой байх нь нэр хүндийн асуудал. Энэ нь тэднийг дэвшилтэт технологи бүхий элитүүдийн нэг гэдгийг харуулах юм” гэж Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх судалгааны төвийн судлаач Маргарита Калинина Поль хэлсэн. Узбекистаны хөрш Казахстан л гэхэд өөрийн гэсэн атомын цахилгаан станцын төслийг хэрэгжүүлж буй. Дэлхийн цөмийн холбоо 2021 онд энэ чиглэлд 13 тэрбум ам.доллар зарцуулжээ.

Харин Узбекистаны хувьд төслийн зардлыг оновчтой болгох хүсэлтэй байна. “Байршилаа сонгосон, станцын технологио сонгосон. Технологио суурилуулах явцад зардал гарна. Бидэнд үнийн тохиролцоо хараахан гараагүй байна. Бидний бодлоор энэ маш үнэтэй болно. Тэгэхээр төслийн зардлыг оновчтой болгох шаардлагатай” гэж Узбекистаны Эрчим хүчний дэд сайд Шерзод Ходжаев хэлсэн.

Хоёр улс цөмийн дэд бүтцийг хөгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан. Үүнд, багш нарыг сургах, Оросын атомын цахилгаан станцуудаар техник аялал хийх, Росатомын техникийн академи болон Олон улсын хамтын ажиллагаанд Узбекистаны мэргэжилтнүүдийг оролцуулах зэрэг багтана. Гэвч энэ санамж бичигт цаашдын хамтын ажиллагааны тухай бичсэнээс бус үнийн асуудлыг шийдэх гарцыг заагаагүй.

Нэн тэргүүнд санхүүгийн асуудал нөлөөлж буйгаас гадна Орос, Украины дайн ч тодорхой хэмжээнд хүндрэл үүсгэсэн нь дамжиггүй. Хориг арга хэмжээний шуурга одоогоор “Росатом”-ыг хараахан дайраагүй байна. Гэхдээ дайн 11 дэх сардаа ойртож буй тул цаашид юу болохыг хэлж мэдэхгүй. “Росатом”-д хориг тавьбал холбогдох технологи болон бусад зүйлд хүндрэл учруулж магадгүй юм.

Төсөл ямартай ч хаягдчихаагүй байна. ОХУ-д уг төслийг эцэслэн хэрэгжүүлэх эдийн засгийн болон улс төрийн шалтгаанууд бий. Ташкент 2030 он гэхэд цөмийн эрчим хүчээр улсын нийт хэрэгцээний 15 хувийг хангана гэж найдаж буй. Тэгэхээр Узбекистанчууд дайн дуусахыг хүлээж чадах уу, нөгөө талд Москва тэвчээртэй байж чадах уу гэдэг л гол асуудал болжээ.

Эх сурвалж: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж