Эх орноо тонож, ард түмний боломжийг хулгайлагчид

Хуучирсан мэдээ: 2022.12.08-нд нийтлэгдсэн

Эх орноо тонож, ард түмний боломжийг хулгайлагчид

Эх орноо тонож, ард түмний боломжийг хулгайлагчид

Иргэд жагсав. Захиалгат эсэх нь падлийгүй. Жагсах нь зүй ёсны хэрэг. Болж байгаа зүйл даргын аманд байж болох ч амьдрал дээр алга. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярианд онцлохоор тодорхой хариулт, бүрэн гүйцэт утга санааг илэрхийлсэн ганц өгүүлбэр байсангүй. Хоёрдмол утгатай мэдэгдлийг нь хоёр гартай Д.Амарбаясгалан тогтсон “зохиолын” дагуу тодруулж өгөв.  Эрх мэдэл нь байсаар байтал өөрийн асуудлыг шийдэж чадахгүй байж Л.Оюун-Эрдэнэ эртнээс нэг үгийг давтаад буй нь дуулиант хэргийг шүүх хэрхэн шийдэхийг харах тухай. Ийн эртнээс өөрсдийнх нь хүссэнээр шүүх шийдэхгүй бол шүүхийг буруутгах нүхээ ухаад эхэлсэн. Эцэстээ энэ хэргийг шүүсэн хэдэн шүүгчийг золигт гаргахыг үгүйсгэхгүй. Түүнээс өмнө МАН-ын дотоод зодооны ялагч тодрох ёстой…

ТӨР БУРУУТАЙ

Өнгөрсөн хугацаанд тэрбум, их наядаар төрийг тоносон тонуулчдын дуулиан тасраагүй ч улам бүр гаарсаар буйн цаана хэргээр хэрэг наймаалцах, хэн нэгнээ барьцаалдагтай холбоотой. Өнөөгийн Ерөнхийлөгч 2019 онд нүүрсний хулгайг зарлаж л байсан. Монголчуудын тэвчээрийн тэлээ тасрахад ойрхон байна. Түүнээс ч өмнө УИХ-ын гишүүн асан Н.Энхболд илчлээд л байсан. Өчигдөр ч Ерөнхийлөгч дахин сануулж, нэрсийг нь зарла гэж зандарлаа. Арван жил нүүрсний хулгай үргэлжилсэн юм бол яагаад зогсоогоогүй юм бэ? Өнгөрсөн арван жилийн хугацааны зургаад нь зуун жилийн түүхтэй эрх баригчид сандаалсан. Юугаа хийсэн хэрэг вэ? Энэ бүхэн нүүрсний хулгай үнэхээр өм цөм ашиг олдог, өөрийн хүнийхгүй орооцолдсон гэдгийг хэлээд байна.

Тиймээс хариуцлага нэхэх тоолонд хадны мангаа ярьж айлгаад өнгөрдөг нь тэд энэ асуудалд ямар гүн гүнзгий орооцолдсон бэ гэдгийг хэлээд өгнө. Гүйцэтгэх засаглал авлига, гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй. Тэр үүргээ биелүүлэхгүй байгаа бол хамсаатан л болж таарна. Хулгайчид хулгай хийх боломж олгосон бол төр буруутай. АН нь уу, МАН нь төр барьсан нь хамаагүй. Хулгайг хаацайлсан бол төрийн эрх баригчид буруутай. Арван жил үргэлжилсэн хэрэг юм бол зургаад нь МАН лавтайя лаа бариад зогсож байж. Өнөөгийн төр бол МАН юм.

МАН БУРУУТАЙ

Ажил гүйцэтгэсэн төлбөртөө маш хямд үнээр нүүрс авах оффтейк гэрээ байгуулж, нууцалсан тухай хэдэн сарын турш ярьцгаалаа. Гэхдээ тэрхүү яриа нь бусдыгаа аятайхан байгаарай гэсэн сануулга болохоос хулгайг зогсоох хүсэл тэдэнд байсангүй. Төмөр замын хулгай, нарийн өргөн царигийн хулгайн талаар бишгүй баримтууд байсаар л байна. Тэдэнд боломж олгосон цаг хугацааг тооцвол хөдөлбөргүй МАН-ын Засгийн газар буруутай. Ганцхан жишээ татахад “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг хэзээ байгуулав. Гүйцэтгэх захирлаар нь Н.Удаанжаргалыг хэзээ, хэн томилсон, хэн шагнасан, хэн түүнтэй гар нийлсэн гээд эргээд харахад л учир утга нь аяндаа ойлгогдоно.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэхүү компанийг татан буулгаж буйгаа Н.Удаанжаргалыг оргон зайлсны дараа мэдээлсэн. Яагаад зугтах боломж олгож, хэргийн ул мөрийг баллах мэт татан буулгаж, өөр төрийн өмчит компанид шилжүүлэв?! Хулгайчдад зориулж төр компани байгуулж өгдөг. Хулгайч нь хулгайгаа хийгээд Монголын төрөөс ч биш Монгол Улсаас зугтаасны дараа байгуулсан компанийг нь үүргээ гүйцэтгэсэн гэж татан буулгадгийн ганцхан жишээ нь энэ. Гэтэл өнөөг хүртэл Н.Удаанжаргалд хэрэг үүсгэсэн эсэх нь эргэлзээтэй байна.

Одоог хүртэл МАН-ын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нар ямар ч нэрс гаргахгүй байгаа нь хэнийгээ золигт гаргаж, хэнийгээ хамгаалах, хэрхэн өөрсдөө огцорчихгүй үлдэх… Тэгэхийн тулд хэн юугаар наймаалцах вэ гэдгээ тогтоогүйтэй холбоотой болохоос Д.Тогтохсүрэн даргын хэлээд байгаа шиг МАН-ын гишүүд холбогдоогүй гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Нарийн царигаар төмөр зам барих УИХ-ын тогтоолыг “Үндсэн хууль зөрчиж байна” гэж Цэцэд хандсан иргэн нь оргон зайлсан Н.Удаанжаргал. Цэцийн шийдвэр гарахаас өмнө Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замыг өргөн царигаар барьж эхэлсэн хурдан хүн мөн л Н.Удаанжаргал. Түүнийг энэ бүхнийг хийхийг зүгээр хараад зогсохгүй Цэцийн дүгнэлтийг маш түргэн хүлээж авсан парламент нь МАН-ын бүдүүн бүлэг. Тэгэхээр тэд оролцоогүй зууны онигоо. Хулгайчид одоо унавал хамтдаа унана гэж амаа билүүдэж суугаа. Ерөөөс салгаж болохгүй хоёр зүйл бол нүүрсний хулгай, төмөр замын гацаа. Энэ хоёрыг салгавал Монголыг хорлогчдыг өршөөснөөс өөрцгүй.  Тиймээс л Ерөнхий сайд нь  битүү хатуу бувтнаж, УИХ-ын дарга учраа олохгүй самгардаж,  Ерөнхийлөгч загнаж, зандраад эхэллээ.

ӨМНӨӨС БА ХОЙНООС…

Үйл явдлын өрнөлтэй зэрэгцээд Хятадын Гадаад харилцааны яамны албан ёсны төлөөлөгч Мао Нин маш аюултай мэдэгдэл хийсэн нь “Монголын талаас хүсэлт гаргавал БНХАУ-ын эрх бүхий байгууллагууд хуулийн дагуу шаардлагатай тусламжийг үзүүлнэ” гэв. Өөрөөр хэлбэл, хэрэг нь байгаа ч хэнийгээ яллахаа мэдэхгүй байгаа бол бид туслая гэж байна.

Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Хятадын Засгийн газартай мэдээлэл солилцох хүсэлтээ явуулсан, хариу хүлээж байна” гэсэн бол нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.Ариунболд нь “Мөрдөх байгууллага, прокуророос БНХАУ руу хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу хүсэлтээ хүргүүлсэн” гэсэн нь айдас төрүүлэв. Ямар хууль, эрх зүйн туслалцаа вэ? Үүнийг хятадууд монголын хулгайчдыг зааж өгөх нь гэдгээс өөрөө юу гэж ойлгох вэ? Хууль, хүчний салбарыг удирдаж буй хүмүүс нь ийм юм яриад сууж байна. Өөрсдийнх нь хэлдгээр гадны заавраар хөдлөхгүй гэх баталгаа алга.

Төрд итгэх иргэдийн итгэл алдарсан, бүгдийг нь урвагч, хулгайч, дээрэмчин, тонуулчин, улсаа худалдагч гэж харж буй ахуйд тэд хэнийг зааж өгөх бол… Заасныг нь шоронд хийж, шонд өлгөх үү? Ийм цаг дор тэд бидэнд өөрсдийнх нь бодлого шийдвэрт тушаа бологчийг чичилж өгөх болов уу, аялдан дагагчаа зааж өгөх болов уу?

АН-ын гишүүдийг нь зарлаад МАН-ын гишүүдээ дарах уу?

… "Нэг бүс нэг зам", "Талын зам", "Эдийн засгийн коридор", хийн хоолой гээд хоёр хөрш маань бидэнд байнга санал тавьдаг. Тэгсэн атлаа Ерөнхийлөгчийг айлчлах үеэр наймхан км үлдээд буй төмөр замыг яаралтай холбох санал гаргахад БНХАУ-аас “ойрын үед…” гэх хариултыг өгсөн. Таван мянган жилийн түүхтэй, ямар хугацаа өнгөрөх нь хамаагүй ямх ямхаар барьцаа ахиулна гэх философитой тэдэнд “ойрын үед” гэдэг нь хэдэн ч жил байж мэднэ…

Бидний өөрсдөөсөө ч  илүү “хайрладаг” оросууд Эгийн голын усан цахилгаан станцыг гацаасан шиг зүйл болохгүй гэх баталгаа байна уу? Монгол-Хятадын нүүрс тээвэрлэлтийг шийдэх бодлогын асуудалд ийн байр суурьтай байгаа нь хачирхалтай биш гэж үү?

Бусдын үгээр үг хийдэг монголчууд л мухар гээд байгаа болохоос угтаа бол энэ төмөр зам нүүрсний хулгайг цэгцэлж, Монголын эдийн засгийг өөд татахад хамгийн том ач холбогдолтой зам. Харин нүүрсчдэд бол ашиггүй зам… Уул уурхайн бизнес далайд гарцгүй Монголд төмөр замын тээвэргүйгээр шийдэгдэхгүй. Тийм гэдгийг нүүрсний хулгай харууллаа. Хэдэн мянган машин нийлүүлээд хэн, хэрхэн завшсаныг бид харлаа.

Зүхдэг ч гэлээ уул уурхай бидний хөгжил гэдэг нь батлагдчихлаа. Өөрсдийгөө үгүйсгээд үлгэрлэгч Оросыг харсан ч уул уурхайнхаа хүчинд л дэлхий ертөнцийн хоригийг тэсвэрлэж байна. Орос ч бай, Хятад нь ч бай хэзээ ч биднийг бодохгүй гэдгийг бид эхлээд ойлгомоор байна. Тэд өөрсдийнхөө эрх ашгийн тулд бидэнтэй харилцана. Тэгэх нь ч зүйн хэрэг. Биднийг толхилцож, амин хувиа бодох зуурт тэд бидний бодлогод оролцоход бэлэн байгаагаа улайм цайм мэдэгдээд эхэллээ. Өнгөрсөн зуунд оросын заавраар сортойтой бүхнээ цааш нь харуулсан бол удахгүй урдаас заавар авч мэдэх нь. Үндэсний аюулгүй байдал үнэнээсээ хэцүүхэн болсны илрэл нь тэдний удаа дараагийн мэдэгдлүүд болов.

ХЭН БУРУУГҮЙ ВЭ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсийг 60 ам.доллароор борлуулдаг гэх хэр нь цаанаа 120-130 ам.доллароор борлуулдаг байсан. Зөрүү 60-70 ам.долларыг завшдаг улс төрийн бүлэглэл байгаа. Зөвхөн энэ далд эдийн засаг цэгцрэхэд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин тэлнэ” гэж хэзээ хэлснийг эргээд нэг санамаар… Гэтэл нүүрсний хулгайн нарийн тоог хэлсэн хүн нь УИХ-ын гишүүн Т.Доржханд гэж Х.Нямбаатар сайд сүүлийн өдрүүдэд хэлээд зогсохгүй нэр хэлж мэдэхгүй байна гэсэн атлаа А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ гэх нэрсийг ахин дахин давтаад буйн цаад учрыг бодууштай. Өөрөө ямар банк, яаж нууц гэрээ байгуулан төлбөртөө маш хямд үнээр нүүрс авахаар гэрээ байгуулсан гэж хэлж байсныг нь сануулах хэрэгтэй.

…Нүүрсний хулгай, нүүрсчдийн нам гэж ярьж эхэлснээс хойш ямар цаг хугацаа өнгөрөв. Иргэд нь гуйлгачин, идэх хоолоо авах чадал нь өдөр ирэх тусам муудсаар байхад эрх баригчид энэ бүхэнтэй эвлэрээд явсаар өдийг хүрсэн нь цаашдаа юунд ч хүргэж мэдэх нь. Ийм мэдэгдэл хийчхээд хэнд ч хариуцлага тооцохгүй, албан тушаалаа хоохойлоод яваа нь иргэдийн бухимдлыг улам л дэвэргэж байна. Залуус бухимдаж байна. Бухимдал хэзээд буруу зам руу хөтөлдөг. Өнгөт хувьсгалууд ингэж л эхэлдэг. Гэтэл төр засгийн зүгээр тайвшруулах тариа хийхийг санаархаж байгаа нь байдлыг улам дордуулж байна. Хэрэвзээ улсаа, Монголоо боддог л бол аминч бодлоо хойш тавиад асуудалд бодитой хандаж, хэлсэн шигээ журмын нөхөдтэйгөө тэмцмээр байна… Чихэн дээр цэцэг ургуулан “Нүүрсний хулгай МАН-тай холбоогүй” гэдэгт итгэх эрүүл ухаантай хүн Монголд байтугай энэ дэлхийд үгүй.

Онц байдал зарлах саналыг та нар гаргасан шүү гэдгийг Ерөнхийлөгч маш тодорхой өчигдөр хэлсэн. Санал гаргасан хүн нь Х.Нямбаатар гээд буй. Тэгвэл түүнийг нь хаалттай хуралдаанаар дэмжиж санал өгч, залуусыг хүчээр нугачин дарахыг санаархсан хонины арьс нөмөрсөн боохой шиг гишүүд хэн байсныг ч  зарлахыг шаардах хэрэгтэй.

Хэн нэгнээр туг тахиад өнгөрмөөргүй байна. Туг тахих хоёр ч хүний нэрийг сайдтан хэлээд буй. "Хэвлэлээс харснаар" гэх тайлбартайгаар нохойтож байгаа. Буруутай нь олонх болохоор тийм л зүйл рүү хөтлөхийг хичээх нь ч гарцаагүй. Бугшсан, ялзарсан нийгмээс буруугүй цөөнхийг олно гэдэг бухал дундаас зүү хайх шиг хэцүү…  Бидний тэнэглэл тэднийг дээш гаргадаг. Тэд ашиг олохын тулд холбох гэсэн замаа хүртэл зөрүүлдэг байсан бол өдгөө улсаа хүртэл гөлөг шиг төөрүүлэхэд бэлэн байна. Мандуулна гэсэн МАН Монголын маанийг унших вий…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж