Хэл ам таталсан “Чингис” бонд өгөөжөө өгсөн үү?

Хуучирсан мэдээ: 2022.12.08-нд нийтлэгдсэн

Хэл ам таталсан “Чингис” бонд өгөөжөө өгсөн үү?

Хэл ам таталсан “Чингис” бонд өгөөжөө өгсөн үү?

Монгол Улсын Засгийн газрын гадаад бондын эргэн төлөлт 2021 оноос эхэлж, 2024 он хүртэл үргэлжилнэ. Монгол Улс  2012 оноос хойш нийт 7 удаа бонд гаргасан. Тодруулбал, 2012 онд "Чингис" бонд, 2015 онд "Димсан" бонд, 2016 онд Мазаалай бонд гаргасан. Өөрөөр хэлбэл, 2012-2016 онд 2.2 тэрбум долларын бонд гаргаснаас хойш 2016 онд "Хуралдай" бонд, 2017 онд "Гэрэгэ" бонд, 2020 онд "Номад" бонд, 2021 онд "Century" бонд гээд нийт 3 тэрбумын ам.долларын бонд гаргасан.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2022 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр 136 сая ам.доллар буюу “Чингис” бондын үлдэгдэл төлбөрийг барагдуулав. Эхний өр болох 500 сая ам.долларыг “Гэрэгэ” бондоор 2018 онд төлсөн билээ. Улсын түүхэнд хамгийн өндөр буюу 1.5 тэрбум ам.долларыг олон улсын зах зээлд арилжаалсан нь маш их шүүмжлэл дагуулсан. Тухайн үеийн Засгийн газар “Чингис” нэртэй бонд босгоод, ямар ч үр ашиггүй их хэмжээний мөнгө үрэн таран хийсэн гэж муулуулж байв.

Улсын эдийн засгийн өсөлт 2011 оны дүнгээр 17.3 хувь хүрч байсан бол 2014 оны эхээр 7 хувь хүртэл буурч, цаашид ч агших нь тодорхой байжээ. “Чингис” бондыг эдийн засгийн хямралын жилүүдэд ард иргэдээ ажилтай орлоготой байлгах, үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгжүүдээ дэмжих, төсвийн орлогыг тасалдуулахгүй байх зэрэг асуудлыг шийдэхэд зориулан босгосон бөгөөд багагүй үр дүн авчирсан гэж зарим эдийн засагчид үздэг.

“Чингис” бондыг 2012 онд худалдан авах саналыг 627 захиалагч ирүүлсэн нь 15.5 тэрбум ам.долларт хүрч, “рекорд” тогтоожээ. “Чингис” бондыг гаргах үед нэг ам.доллар 1300-1400 төгрөгтэй тэнцэж байв.

“Чингис” бонд монголчуудад үр өгөөжөө өгчээ. Тус бондыг 2012 онд босгож, “Их бүтээн байгуулалт” хийгээгүй бол эдийн засаг хямрах байсан талаар тухайн үед Сангийн сайд асан Ч.Улаан хэлсэн нь бий.

Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээлснээр, анх гаргасан бондуудын зарцуулалт эдийн засгийн үр өгөөжгүй, валютын нөөцийг нэмэгдүүлж чадаагүй тул дараагийн өр тавьж төлөхөөс өөр аргагүйд хүрсэн байна. Долоон удаагийн бондоор босгосон нийт 5.2 тэрбум ам.доллараас зөвхөн "Чингис" бондоор л төсөл арга хэмжээнүүдийг санхүүжүүлжээ. Түүний дараагийн хоёр удаагийн бондоор төсвийн алдагдлыг санхүүжүүлсэн бол үлдсэн бондоор өмнөх бондуудын өрийг дарсан байна.

"Чингис" бондын хөрөнгөөр дотоодын 1660 гаруй төслийг санхүүжүүлсэн статистик мэдээлэл бий. Түүнээс авто зам, дэд бүтцийн салбарын төслүүдэд 1.39 их наяд төгрөг зарцуулсан бол аймгийн төвүүдийг нийслэлтэй холбох авто замын төсөлд 570 тэрбум төгрөг хуваарилж, нийтдээ 1.800 км зам барьжээ.

Мөн “Гудамж” төсөлд 200 сая ам.доллар, "Шинэ төмөр зам" төсөлд 200 сая ам.доллар, “Тавантолгойн цахилгаан станц” барихад 50 сая ам.доллар, “Ноолуурын салбарт технологийн шинэчлэл” хийхэд 68.8 сая ам.доллар, “Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт”-д 200 тэрбум төгрөг, “Байшин үйлдвэрлэх комбинат”-ыг сэргээхэд 14 сая ам.доллар, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд 27.7 сая ам.доллар, хүлэмж байгуулахад 17.7 сая ам.доллар, ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 45 сая ам.доллар, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд 13.5 сая ам.долларын санхүүжилт тус тус олгосон байна.

"Эрдэнэс Тавантолгой", ТОСК-гоос гадна Иргэний нисэх, Амгалангийн дулааны цахилгаан станц, ТЭЦ-3, 4 станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл, Нүүрснээс синтетик хий үйлдвэрлэх төсөл, Геологийн төв лаборатори гэх мэт улсын хэмжээний томоохон төслүүдэд 1.95 их наяд төгрөг олгосон байна.

Монгол Улс анх удаа “Боинг-767” онгоц худалдаж авахад “Чингис” бондоос санхүүжилт хийсэн. Тогтоолоор батлагдсан дүн нь 115.0 сая ам.доллар бол эргэн төлөлтийн дүн 81.3 сая доллар болжээ. “Буянт Ухаа” хороолол баригдаж, 260 мянга иргэн орон сууцтай болсон байна.

Нийт 33 уулзварын төсөл хэрэгжүүлжээ. Улаанбаатар хотод баригдах хурдны хоёр замын техник эдийн засгийн үндэслэлийг хийж, Туул голын даланг дагуулан барих хурдны замын ажилд 1.9 сая ам.доллар олгосон байна.

Үйлдвэр хөдөө аж ахуйн таван салбарыг дэмжиж, 64 хөтөлбөр санхүүжүүлжээ. Өөрөөр хэлбэл Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Голомт банктай хамтран таван салбарт санхүүжилтийн гэрээ байгуулж, төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй 64 зээлдэгчид зээл олгожээ.

ИРЭХ 2023 ОНЫ ТАВДУГААР САРД “ГЭРЭГЭ”, ЕСДҮГЭЭР САРД “САМУРАЙ” БОНДЫН ТӨЛӨЛТ ХИЙНЭ

Монгол Улс ирэх 2023 онд нийт 1.2 тэрбум ам.долларын гадаад зээл төлнө. Түүнээс ирэх тавдугаар сард “Гэрэгэ” бондын 530 сая ам.долларын төлбөр төлөх юм. Монгол Улсын Засгийн газар 2017 онд олон улсын зах зээл дээр эрэлт өндөр байсан тул 800 сая ам.долларын бондыг төлөвлөж байснаас бага хүүтэй буюу 5.625 хувийн хүүтэй, 5.5 жилийн хугацаатай босгосон. “Чингис” бондын хүүгээс 1.5 хувийн хүүгээр өндөр энэхүү бондыг гаргаж, өрийг өрөөр төлсөн.

“Гэрэгэ” бондоор “Чингис”-ийн 500 сая ам.долларыг төлснөөс гадна “Дим Сам” бондын нэг тэрбум юанийн зээлийн эргэн төлөлтийг хийнэ. Өөрөөр хэлбэл, өмнөх бондоо шинээр санхүүжүүлж, өрийн менежмент хийж буй юм. 2012 онд “Гэрэгэ” бондыг худалдан авахаар 5.5 тэрбум ам.долларын захиалга ирж байжээ.

Ирэх есдүгээр сард Хөгжлийн банкны 500 сая ам.долларыг төлнө. Монгол Улсын Хөгжлийн банк 2013 онд Засгийн газрын баталгаатай, 10 жилийн хугацаатай, жилийн 1.5 хувийн хүүтэй 30.0 тэрбум иенийн тус бондыг олон улсын зах зээлд арилжаалсан. Энэхүү бондын үндсэн төлбөрийг ирэх онд буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр төлөх хуваарьтай.

Хөгжлийн банкнаас олгосон зээлийн эргэн төлөлтийг 2022 оны нэгдүгээр улирлаас эхлэн Монголбанкин дахь Төрийн сангийн иений тусгай дансанд байршуулаад буй. “Самурай” бондын үндсэн төлбөр болох 30.0 тэрбум иен өнөөгийн ханшаар нийт 762.3 тэрбум төгрөг бөгөөд Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөр бондын үндсэн төлбөрийг бүрэн төлөх боломжтой болжээ.

2022 он гарснаас хойш ам.доллартай харьцах иенийн ханш 20-иод хувиар суларч, 1990 оноос хойших түүхэн доод түвшинд хүрсэн нь иен худалдан авах таатай нөхцөлийг бүрдүүлж буй юм. “Самурай” бондын үндсэн төлбөрийг төлөхөд шаардлагатай иений нөөцийг бүрдүүлснээр иений ханшийн эрсдэлийг удирдах зорилгоор гадаадын банк, санхүүгийн байгууллагатай байгуулдаг санхүүгийн үүсмэл хэрэгслүүдийн зардлыг хэмнэж ажиллах боломж бүрджээ. Түүнчлэн “Самурай” бондын төлбөрийг бүрдүүлснээр хөрөнгө оруулагч болон Монгол Улсын Хөгжлийн банкинд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтойг албаныхан хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж