2023 оноос хэрэгжиж эхлэх хуулиуд

Хуучирсан мэдээ: 2022.12.08-нд нийтлэгдсэн

2023 оноос хэрэгжиж эхлэх хуулиуд

2023 оноос хэрэгжиж эхлэх хуулиуд

Цар тахлын хугацаанд хэрэгжиж байсан хуулийн хоригуудын хугацаа дууссанаар аж ахуй нэгж, иргэд бүсээ чангалах шаардлага тулгарч байна. Тухайлбал, иргэд ипотекийн зээлээ төлж эхлэх бол Төрийн хэмнэлтийн хууль чангарч, халамжийг бууруулах арга хэмжээ хэрэгжих болж буй. Ингээд шинэ оноос хэрэгжих хуулиудыг танилцуулъя.

ИРЭХ САРААС ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ ҮРГЭЛЖИЛНЭ

Ирэх 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс ипотекийн зээлийн эргэн төлөлт хэвийн үргэлжилнэ гэдгийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнгөрсөн арваннэгдүгээр сарын 21-нд мэдээлсэн. Цар тахлын тухай хуулийн дагуу хоёр жилийн хугацаанд хойшлуулаад байсан ипотекийн зээлийн төлөлтийг дахин хойшлуулах хүсэлтийг иргэд гаргасан ч Монголбанк, МИК, УИХ-ын гишүүд болон салбар яамны аль нь ч дэмжээгүй.

УИХ-аар 2023 оны Мөнгөний бодлогыг хэлэлцэх үед УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг ипотекийн зээлийн төлөлтийг 2023 оны долдугаар сар хүртэл хойшлуулах талаар судалж буйгаа мэдэгдэж нийгэмд хүлээлт үүсгээд байсан ч талаар болсон юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ипотекийн зээлийг хойшлуулахаар дараа дараагийн зээл олголтод сөргөөр нөлөөлж байгаа. Иймээс УИХ Төрийн мөнгөний бодлогыг батлахдаа 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ипотекийн зээлийг хуучнаар нь төлөлт хийхээр баталсан” гэсэн юм.

ХҮҮХДИЙН МӨНГИЙГ НИЙТ ХҮҮХДИЙН 91 ХУВЬД ОЛГОНО

Ирэх оны улсын төсөвт Хүүхдийн мөнгийг зөвхөн нийгмийн халамж шаардлагатай өрхүүдэд өгөхөөр тусгаж оруулж ирсэн юм.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд үндэслэн өрхийн амьжиргааны түвшинг харгалзан 0-18 насны нийт хүүхдийн 91 хувьд хамаарах хүүхдүүдэд сар бүр улсын төсвөөс энэхүү мөнгөн тэтгэлгийг олгохоор тооцсон.

Үлдсэн есөн хувь нь өндөр хэрэглээтэй өрхөд хамаарч байгаа юм. Хүүхэд бүрийг хамруулдаг мөнгөн тэтгэмжээ Засгийн газар эцэг эх, гэр бүлийнх нь орлогоос хамаарч олгохоор болсон нь нэг талаар эдийн засгаа дэмнэж байгаа ч нөгөө талаар ялгаварласан хэрэг болоод буй.

АРХИАР ШАХАЖ БАЙГАА ХҮНД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тус хуулийн шинэ зохицуулалтын талаар УИХ-ын дарга Г.Занданшатар "Монгол Улс архины хэрэглээгээрээ дэлхийд хамгийн өндөр түвшинд байгаа улсуудын нэг. 2013 онд үйлдвэрлэсэн архины хэмжээ 3.1 литр байсан бол 2015 онд оргил үедээ буюу 11 литр хүрсэн. Одоо 8.2 литр байгаа нь дэлхийн дунджаас хэд дахин өндөр үзүүлэлт юм.

Архидан согтууралтаас үүдэлтэй зуурдаар нас баралт манай улсад дэлхийн түвшнээс хоёр дахин их байна.

Мөн архинаас үүдэлтэй өвчлөлт их байна. "Намайг алгас" хэмээх аян өрнөж байгааг та бүхэн мэднэ. Намайг алгас гэж байхад шахаад түүний улмаас тухайн хүн ямар нэгэн гэмт хэрэг, зөрчил гаргавал шахсан хүн нь хариуцлага хүлээнэ. Архи уу гэж шахаж байгаа хүн ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хариуцлага хүлээнэ.

Тодруулбал, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 28.2-т Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно.

Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтуурсны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулж болно гэж заасан хэмээн заасан" гэсэн юм.

ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ШИНЭ ХУУЛЬ ХЭРЭГЖИНЭ

Бизнес эрхлэгч болон аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд ихээр нөлөөлөх Зөвшөөрлийн тухай шинэ хууль ирэх 2023 онд хэрэгжиж эхэлнэ. Одоо мөрдөгдөж буй 2021 онд батлагдсан аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хүчингүй болж оронд нь шинээр батлагдсан Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлнэ.

Энэ хууль бизнесийнхэнд тулгардаг олон янзын зөвшөөрлийн төвөгтэй процесс, түүнийг тойрсон төрийн хүнд суртал, хээл хахуулийг бууруулна гэсэн хүлээлт үүсгээд байгаа юм.

Хууль санаачлагчид нь ч тус хууль хэрэгжсэнээр төрөөс олгодог 1600 орчим зөвшөөрөл 360 орчим болж буурна гэсэн тооцоолол буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж