Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ /2022.12.06/ сонгуулийн тогтолцооноос болж парламентын чадамж муудаж байгаа талаар мэдээлсэн. Тиймээс Сонгуулийн хуульд өөрчлөлт хийж, холимог тогтолцоог оруулахыг дэмжих үү гэсэн асуудлаар хуульчдын байр суурийг сонслоо.
"СОНГУУЛИЙН СИСТЕМЭЭ ХОЛИМОГ БОЛГОЖ, ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХ ЁСТОЙ"
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, хуульч Ч.Өнөрбаяр:
-Монгол Улс 1992 онд Үндсэн хуулиа батлахад нийт сонгогчийн тоо 1.3 сая орчим байсан бол одоо 2.3 сая болсон. Үүнээс харахад УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэх ёстой. Жижиг давжаа парламент дотор таван гишүүн бүлэг болж үймүүлдэг байдал хэвийн үзэгдэл боллоо. Ийм улс төрийн савалгаанаас гарахын тулд парламент олон УИХ-ын гишүүнтэй байх ёстой. Хоёрдугаарт, бид УИХ-ын гишүүнийг дарга гэж ойлгодгоо болих хэрэгтэй. Дэлхийн бусад улс орнуудад парламентын гишүүн нь төрийг төлөөлдөггүй, бие дааж гэрээ хэлцэл хийдэггүй, нэг үгээр хэлбэл мандаттай иргэн байдаг. Харин хамтын шийдвэр гаргахаараа хүчтэй болдог.
УИХ-ын гишүүнийг энэ талаас нь харж чадвал их зөв. Тэгэхгүй өнөөдөр 76 дарга шиг аяглаж байгаа нь маш буруу. Миний хувьд Үндсэн хуулийг өөрчлөхдөө сонгуулийн тогтолцоог хамтад нь өөрчлөх ёстой.
Нэг нам үнэмлэхүй олонх болдог сонгуулийн тогтолцоо ямар буруу вэ гэдэг нь одоо харагдаж байна. Хариуцлага гэж зүйл алга. Нэг нам үнэмлэхүй олонх болсноор сонгуулийн тогтолцоо нь гажиж, парламент чадамжгүй болж хувирдаг. Үүнийгээ дагаад парламентад суудалтай улс төрийн намуудын нэр хүнд унадаг. Үүнтэй зэрэгцээд сайн удирдагч, дарангуйлагчийг хүсэмжлэх сэтгэл зүй дээр Ерөнхийлөгчийн засаглал байгуулах хүсэл босч ирдэг. Тиймээс парламентын засаглалыг бэхжүүлэх нь зөв. Ингэхдээ сонгуулийн системээ холимог болгож, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх ёстой гэж бодож байна.
"БОЛОХГҮЙ ЮМ БҮХНИЙГ ҮНДСЭН ХУУЛЬ РУУ ЧИХЭЖ, БОЛОХГҮЙ"
"Онч нүүдэл” хуулийн фирмийн өмгөөлөгч, хуульч Ө.Эрдэнэ-Очир:
-Хүн амынхаа өсөлттэй уялдуулан парламент дахь УИХ-ын гишүүдийн тоог нэмж болно. Гэхдээ яг одоо нэмэх ёстой юу. Одоо 2024 оны сонгууль дөхчихсөн, энэ цаг хугацаанд үүнээс наана Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, ээлжит бусаар сонгууль хийх боломжгүй.
Нэг жилийн өмнө ганцхан өдрийн дотор давхар дээлтэй холбоотойгоор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.
Аль ч парламент сонгуулийнхаа жилдээ дүнгээ тавиулж, дараагийн сонгуульд өрсөлддөг. Эрх баригчид тэр дүнг ард түмнээр тавиулахгүйгээр наана нь завсарын сонгууль зохион байгуулна гэвэл утгагүй. Парламентын тогтолцоог өөрчилж, УИХ-ын гишүүдийг тоог нэмээд сонгууль хийвэл Засгийн газар, УИХ хариуцлагаас зугтаж байгаа нэг арга. Болохгүй юм бүхнийг Үндсэн хууль руу чихэж, нэмэлт өөрчлөлт оруулдаг байж болохгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан бол уг нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш найман жилийн дотор дахин нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж тусгасан байдаг.
"МОНГОЛД НҮҮРЛЭСЭН ЭНЭ ИХ ХУЛГАЙГ ҮХНӨ ХИЙХ ЗАМААР Л ЗАСАХ БОЛОМЖТОЙ"
ХҮН-ын Хууль, эрх зүй хариуцсан нарийн бичгийн дарга, хуульч Д.Үүрцайх:
-Ерөнхий сайдын хийсэн мэдэгдлийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой хэсгийн хэлсэн үг, өгүүлбэр бүрийг би дэмжиж байна. Учир нь өнөөдөр хурцаар яригдаад байгаа "нүүрсний хулгай" гэх асуудлын, ер нь бидний хөгжлийн боломжийг боогдуулж улс орныг доош татаад байгаа авлига, хулгайн гол шалтгаан бол хулгайч төрүүлдэг, сайн хүнийг ч хулгайч болгодог сонгуулийн тогтолцоо, төрийн эрх мэдлийн хуваарилалтын алдаанд байгаа юм. Ерөнхий сайд асуудлын голыг зөв харж, зөв шийдэл санал болголоо гэж хэлэх байна.
Монголд нүүрлэсэн энэ их хулгай, худлыг зөвхөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх замаар л засах боломжтой. Өнөөдрийн манай парламентын ардчилал ажиллахгүй, дүр эсгэсэн ардчилал, авилгын үүр уурхай болчихоод байгаагийн гол шалтгаан бол төрийн эрх мэдлийн хуваарилалтад байгаа хамгийн том алдаа буюу Ерөнхий сайдын мэдэгдсэнчлэн монголчууд бид Үндсэн хуулиараа хүчтэй Ерөнхий сайд бүхий парламентын ардчилсан тогтолцоог зөв тогтоож чадаагүй байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл, хууль тогтоох дээд эрх мэдлийг өөртөө хадгалж, Засгийн газрыг хянаж байх ёстой Улсын Их Хурал маань өөрөө ямар ч хариуцлага хүлээдэггүй, зөвхөн өөрөө өөрийгөө тараадааг зохицуулалттай учраас Монголын төр бүх шатандаа хариуцлагагүй болж, та бид гучин жилийн хөгжлийн боломжоо алдчихаад байна.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт яригдахаар энэ суурь алдааг засахгүй хойш суудаг, хоосон болгоомжилдог, Монголын төр цэгцэрч урагшлахад садаа болдог хэсэг байсан бас байдаг. Харин Ерөнхий сайд асуудлын голыг зөв, зоригтой илэрхийллээ. Одоо бодит үйлдэл хийх хэрэгтэй. Сонгуулийн тогтолцоог хувь тэнцүүлэн сонгох хувилбартай болгох, УИХ-ын гишүүдийн тоог дэлхийн улсуудын жишигт хүртэл нэмэгдүүлэх, хүчтэй Ерөнхий сайд бүхий парламентын ардчилсан тогтолцоотой болгох гэх мэт Үндсэн хуулийн өөрчлөлтүүдийг зайлшгүй хийх ёстой. Үүнийг мөн төрийн эрхийг барьж буй УИХ дахь МАН-ын бүлгээс хүлээн зөвшөөрч, баталгаажуулах шиг боллоо.
УИХ-ын 2022 оны 54 дүгээр тогтоолоор Засгийн газарт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг энэ ондоо багтаан боловсруулж, өргөн мэдүүлэхийг үүрэг болгосон. Үүнд хэдийгээр сонгуулийн тогтолцоо, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудлыг тусгасан боловч энэ нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг илүү өргөн хүрээнд, иж бүрэн хэмжээнд боловсруулан оруулж ирэхийг хязгаарласан асуудалд биш. Тиймээс Засгийн газарт хуулийн хүрээнд төслөө бүрэн, сайн боловсруулах, өргөн мэдүүлэх эрх нь нээлттэй байгаа. Тиймээс бид боломжтой эсэх тухай биш хэрхэн зөв, бүрэн хийх вэ гэдэг асуудлыг л хөндөх ёстой. Мэдээж гадна, дотны эсэргүүцэгч хүчин, бүлэглэл, ард олны ойлголтыг буруу залгах зорилготой этгээдүүд байгаа. Бид тэднийг хамтдаа давж, төрөө цэгцэлж байж л урагшилна.
Сөрөг хүчин сөрөхийн тулд сөрдөг байж болохгүй. Зөв зүйлийг бол дэмжээд явдаг байх ёстой. ХҮН нам анхнаасаа эдгээр асуудлуудыг гарган тавьж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бүрэн гүйцэд зөв хийхийг шаардаж ирсэн.
Холбоотой мэдээ