Бичил биетний тэсвэржилтийн тандалт, үнэлгээний сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2022.06.23-нд нийтлэгдсэн

Бичил биетний тэсвэржилтийн тандалт, үнэлгээний сургалт боллоо

 

Бактери, мөөгөнцөр, вирус, шимэгч зэрэг нь бичил биетний эсрэг эм, бодист тэсвэртэй болохыг "бичил биетний тэсвэржилт" гэнэ. Хүн, амьтан, ургамалд бичил биетний эсрэг эм бэлдмэлийг зохисгүй хэрэглэснээр үүсдэг байгалийн үзэгдэл ч гэж ойлгож болно. Бичил биетний тэсвэржилтийн эсрэг яаралтай арга хэмжээ авч өсөлт, тархалтыг бууруулахгүй бол 2050 он гэхэд дэлхий дахинд жил бүр 10 сая хүний амь нас эрсдэлд ороод зогсохгүй эдийн засгийн ихээхэн хямрал болох аюул нүүрлээд байгааг ДЭМБ-аас мэдээлсэн. Зарим улс орнуудад хүн эмнэлгийн салбарт бичил биетний тэсвэржилтийн тандалтын систем хэрэгжиж байгаа хэдий ч хүнс, хөдөө аж ахуйн салбарт энэхүү тандалтын систем хөгжөөгүй байна.

Тиймээс НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн байгууллага нь 2015 онд улс орнуудын хүнс, хөдөө аж ахуйн салбарын бичил биетний тэсвэржилтийн тандалтын үндэсний системийг үнэлэх, сайжруулах зорилгоор “Бичил биетний тэсвэржилтийн тандалтын систем болон лабораторийн үнэлгээний аргачлалыг”-ыг боловсруулсан байна. Энэхүү аргачлалыг  үнэлгээ, хяналтын стандарт болгон өргөнөөр ашиглаж байгаа нь бүс нутгийн болон дэлхийн түвшинд тандалтын системүүдийг уялдуулах, зохицуулалт хийх, хамтран ажиллахад хувь нэмрээ оруулж байна.

Тус үнэлгээний зорилго нь:
1.Хүнс, хөдөө аж ахуйн салбарын лабораторийн үндэсний сүлжээ зураглал гаргах, бичил биетний тэсвэржилтийг илрүүлэх шинжилгээний чадавхийг үнэлэх,
2.Бичил биетний тэсвэржилтийн тандалтын мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, засаглал, харилцаа холбоо, тогтвортой байдал зэрэг үндэсний хэмжээний бичил биетний тэсвэржилтийн эсрэг үйл ажиллагааг зураглах, үнэлэх
3.Лабораториудыг сайжруулах шаталсан арга замыг ашиглан ирээдүйн хөгжил рүү хөтлөх алхмуудыг тодорхойлох суурь мэдээллээр хангахад оршино.

Үнэлгээ хийгдэх лабораториуд
Манай улсад дараах лабораториудад үнэлгээг хийнэ:
1.    Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори (УМЭАЦТЛ)
2.    Мал эмнэлгийн хүрээлэн (МЭХ)
3.    МХЕГ-ын харьяа Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори (ХАБҮЛЛ)
4.    Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори (МЭЭСБУЛ)
5.    Төв аймгийн мал эмнэлгийн газрын лаборатори (Төв МЭЛ)

Улаанбаатар хотноо “Бичил биетний тэсвэржилтийн тандалтын систем болон лабораторийн үнэлгээний аргачлалыг” (ATLASS)-ыг холбогдох байгууллагын мэргэжилтнүүдэд сургах үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө. Тус сургалт, уулзалтад ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Мал эмнэлгийн ерөнхий газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Мал эмнэлгийн хүрээлэн, Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори, Биокомбинат, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эрүүл мэндийн яам зэрэг олон байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Энэ удаагийн сургалтаар бэлтгэгдсэн үндэсний мэргэжилтнүүд, ажилтнууд дараах аймгуудын мал эмнэлгийн лабораториудын үнэлгээг бие даан гүйцэтгэх юм. Мөн олон улсын хоёр үнэлгээний мэргэжилтэн алсаас онлайнаар дэмжлэг үзүүлж ажиллана.
-Ховд аймгийн мал эмнэлгийн газрын лаборатори
-Хэнтий аймгийн мал эмнэлгийн газрын лаборатори
-Архангай аймгийн мал эмнэлгийн газрын лаборатори
Эдгээр 3 аймгийн мал эмнэлгийн газрын лабораторийн ажилтнууд Улаанбаатар хотод сургалтад хамрагдсан.

Хүлээгдэж буй үр дүн
1.Лабораторийн үнэлгээг хариуцах ажилтнуудыг сургаж, хяналт үнэлгээ болон тандалтын талаар мэдлэг олгосон байна.
2.Үнэлгээнд хамрагдсан лаборатори тус бүрийн бичил биетний тэсвэржилтийг шинжлэх чадавх, үнэлгээний үр дүн, зөвлөмж тоймлон гарсан байна.
3.Оролцогч талуудын үнэлгээний аргачлалын талаарх мэдлэг, ойлголт сайжирсан байна.

ДЭЛХИЙ ДАХИНД БИЧИЛ БИЕТНИЙ ТЭСВЭРЖИЛТ ӨНДӨР ХУВИАР НЭМЭГДЭЖ БАЙНА

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн "Хүнсээр дамжих бичил биетний тэсвэржилтийг хянаж бууруулахад Кодексын стандартыг хэрэгжүүлэх нь" (АСТ) хөтөлбөрийн зохицуулагч Питер Фланаланаас манай улсад хэрэгжүүлж байгаа төслийн талаар тодрууллаа.

-НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас манай улсад хэрэгжүүлж байгаа төслийн талаар танилцуулахгүй юу?
-“Бичил биетэн, нянгийн тэсвэржилт нь дэлхий дахинд нэмэгдэж байна. Хүн, мал ямар нэгэн өвчин туслаа гэхэд шууд антибиотик хэрэглэдэг. Үүнтэй холбоотойгоор бичил биетний тэсвэржилт үүсдэг. Хэн нэгэн хүн ханиад хүрэнгүүтээ шууд антибиотик хэрэглээд байх тусам хүний бие эм, антибиотикт тэсвэржилттэй болсноор дараагийн удаад өвчлөлийг нь эдгээхэд хүндрэлтэй болдог. Малд ч гэсэн ялгаагүй. Дэлхий дахинд бичил биетний тэсвэржилт өндөр хувиар нэмэгдэж байна. Ингэж нэмэгдэх тусам хүн, малыг эмчлэхэд хүндрэлтэй болж байгаа юм. Тиймээс яг одооноос үүнд хяналт тавьж, зогсоох нь маш чухал ач холбогдолтой.

“Бичил биетний тэсвэржилтийн тандалтын систем болон лабораторийн үнэлгээний аргачлал” (АTLASS) нь нянгийн тэсвэржилтийг үнэлэх, илрүүлэх, лабораторийн чадавхийг сайжруулах үндсэн зорилготой. Үүнийг нийт 6 улсад хэрэгжүүлж байгаагаас Азид хэрэгжүүлэх сонирхол өндөр байна. Эдгээр 6 орны 4 нь Азийн улс. Үүний нэг нь Монгол орон юм. Монголыг сонгосон шалтгаан нь нэгдүгээрт, мал аж ахуйн орон учир хүнсэнд малын махыг маш ихээр хэрэглэдэг. Мөн малын тоо толгой их учир өвчлөлтэй хэрхэн тэмцдэгийг судлах нь сонирхолтой байсан. Хоёдугаарт, Монгол орны үндсэн нөхцөл нь төсөл хэрэгжүүлэхэд тааламжтай гэж би боддог. Үүнээс гадна шийдвэр гаргагчид энэ төслийг хэрэгжүүлэхэд дуртай хүлээж, ач холбогдол өгсөн нь бидэнд таатай байсан учир сонгосон.

-Төслийн үр дүнг та хэрхэн харж байна?
Энэ төсөл үндсэн гурван зорилготой. Нэгдүгээрт, бодлого боловсруулагчид, тариаланчид, малчид, нийт иргэдийн бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг мэдээллийг сайжруулах, олон нийтэд илүү тодорхой, хүртээмжтэй байдлаар түгээх юм. Хоёрдугаарт, хоол хүнсэн дэх бичил биетний тэсвэржилтийг тандах лабораториудын чадавхийг сайжруулах, хүн амын хэрэглэж буй хүнсийг илүү аюулгүй байлгахад нь ямар бодлого шийдвэрийг хууль эрх зүйн орчинд хийх шаардлагатай талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх гэсэн үндсэн гурван зорилготой. Энэ төсөл 5 жилийн турш хэрэгжих бөгөөд бусад ижил төстэй зорилго бүхий төслүүдтэй хамтран ажилласнаар дээр дурдсан зорилгодоо хүрнэ гэж бодож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж