Сүүлийн өдрүүдэд хүн бүр “нүүрсчид” болоод буйд эдийн засагчид шүүмжлэлтэй хандаж байна. Үнэндээ нүүрс гэдэг бол олборлохгүй бол үр ашиг, өгөөжөө өгөхгүй зүгээр шороо. Харин эдийн засгийн зөв эргэлтэнд оруулж чадвал үр өгөөжөө хэрхэн өгч болдгийг орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-иас харж болохыг эдийн засагчид ийнхүү тайлбарлаж байна.
Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн хувьд сонгодог бүтэцтэй компани гэдгээрээ бусад уул уурхайн компаниудаас ялгардаг бөгөөд 51 хувийг нь тухайн орон нутаг нь эзэмшдэг, 49 хувийг нь Монголын хөрөнгийн биржийн нээлттэй худалдаагаар хувьцаагаа худалдаж авсан монголчуудаас гадна дэлхийн 23 орны 2600 гаруй хувьцаа эзэмшигч эзэмшдэг. Товчхондоо ийм орон нутаг болон хувьцаа эзэмшигчдийн хатуу хяналттай атлаа нээлттэй үйл ажиллагаатай уул уурхайн компани Монголд байтугай дэлхийд ховор болохыг Дэлхийн уул уурхайн ассоциациас онцлон тэмдэглэсэн байдаг. 1966 онд үүсгэн байгуулагдаж, говийн бүсийн хэдхэн аймгуудаа хэрэглээний нүүрсээр хангадаг байсан бол урт удаан хугацааны олборлолтын явцад коксжсон нүүрсээ экспортолж эхэлсэн нь манай улсын нүүрсний салбарт эргэлт болсон билээ. Азаар Тавантолгой орд газар маань хилээс 200 гаруйхан км-ийн наана байгаа нь манай улсад таатай нөхцөл болж, урд хөрш рүү сайн чанарын коксжсон нүүрсээ экспортлох боломж бүрдсэнээр эдийн засагт ч үсрэнгүй хөгжил бий болсон юм. Үнэхээр ч үүнийг батлах мэт Монголын хөрөнгийн биржээс гаргасан ногдол ашиг олголтоороо тэргүүлдэг хувьцаат компаниудын жагсаалтыг харахад, бүх цаг үеийн ногдол ашиг олголтоор орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК 1995 оноос хойш 554 тэрбум төгрөгийн ногдол ашиг хувьцаа эзэмшигчдэдээ олгосноороо манай улсын бүх хувьцаат компаниудыг тэргүүлжээ. Тус компанийн ард “АПУ” компани 425 тэрбум төгрөгөөр, Говь компани 20 тэрбум төгрөгөөр удаалсан байна.
Харин нүүрсний салбараас сүүлийн 3 жилийн хугацаанд улсын төсөвт төвлөрүүлсэн татвар хураамжаар тэргүүлэгч 10 татвар төлөгчийг жагсаахад, хамгийн их татварыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК өгсөн ч харамсалтай нь 1072 ширхэг хувьцаа эзэмшигч болох монголчууддаа ногдол ашгаа өгдөггүй. Сонгуулийн жил сүр дуулиантайгаар 1072 хувьцаа эзэмшигчиддээ 60 гаруйхан мянган төгрөг өгснөөс хойш хувьцаа эзэмшигчдээ мартсан гэхэд болно. Гэтэл хөрш зэргэлдээ орших 200 гаруйхан га талбайтай орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК улсын төсөвт төвлөрүүлсэн татвар хураамжаараа 10 шилдэг компани болоод зогсохгүй жил бүр ногдол ашгаараа тэргүүлсээр байгаа юм. Мөн нүүрсний салбараас орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн татвар хураамжаар “Тавантолгой” ХК Өмнөговь аймагт онцгой хувь нэмэр оруулдаг бөгөөд зөвхөн сүүлийн 3 жилээр тооцоход аймгийнхаа жилийн төсвийн 45-85 хувийг дангаараа бүрдүүлж өгчээ. Үүнээс харахад, зөв менежмент, зөв бодлого хэрэгжүүлж чадвал жижиг ч гэлтгүй хувьцаат компани хэрхэн үр өгөөжөө өгч болдог нь батлагдаж байна. Харин төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” ХК жилээс жилд олборлолт нь нэмэгдэж байгаа ч 1072 ширхэг хувьцаа эзэмшигч иргэддээ өнөөг хүртэл ногдол ашгаа өгөхгүй байгаа нь аливаа бизнест төр хэтэрхий хутгалдаж орж буйн илрэл гэж эдийн засагчид үзэж байна.
Орон нутгийн өмчит “Тавантолгой” хувьцаат компанийн хувьцаа өнөөдөр ч Монголын хөрөнгийн биржээр арилжаалагдаж байгаа бөгөөд хүссэн хүн бүр хувьцаа эзэмшигч нь болох нь нээлттэй. Мөн Монголын хөрөнгийн биржээс гаргасан судалгаагаар, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн нэгж хувьцаа хамгийн тогтвортой бөгөөд өсөлттэй хувьцаагаар шалгарсан байна.
Б.БАТ
Холбоотой мэдээ