Бразилын шигшээ баг Өмнөд Солонгосыг буулган авч, аварга авахад нэг алхам ойртлоо. Одоо тэднийг 2018 оны мөнгөн медальт Хорват хүлээж байна. Мэдээж ялагч нь Аргентин эсвэл Нидерландтай хүчийг үзнэ. Өнгөрсөн тоглолтод Неймар бэртлээсээ эргэн ирсэн нь тэдний хувьд сайн, өрсөлдөгч нарынх нь хувьд таагүй мэдээ байлаа. Өдгөө 30 настай түүний бэлтгэлжилт, форм өндөр түвшинд байгаа. Үүнийгээ ч тоглолтоороо харуулж, Бразилын бүхий л довтолгоог зохион байгуулж, залуусаа удирдан чиглүүлж буй.
Неймар Бразилын бүх цаг үеийн мэргэн бууч болоход хоёр гоол дутуу. Тэрбээр одоогоор 76 гоол оруулаад байгаа бол домогт Пеле 77 гоол оруулжээ. Магадгүй энэ ДАШТ-ий үеэр Неймар уг амжилтыг эвдэх боломжтой.
Бразил хамгийн сүүлд 2002 онд тав дахь удаагаа ДАШТ-д түрүүлсэн түүхтэй. Түүнээс хойш 20 жил өнгөрчээ. Энэ талаар Неймар “Мэдээж, одоо улам цааш явах цаг нь ирсэн. Бид энэ цомыг мөрөөдөж ирсэн нь тодорхой шүү дээ. Гэхдээ алхам алхмаар урагшлах хэрэгтэй. Солонгос бидний дөрөв дэх учраа байлаа. Бидэнд гурван тоглолт үлдлээ. Бид маш сайн бэлдэж, алтан дагины төлөө бүрэн төвлөрсөн. Рекорд эвдэх бол миний хувьд бахархах зүйл. Би хэзээ ч эвдэнэ гэж бодоогүй амжилтуудаа эвдлээ. Үүндээ баярлаж байна” гэжээ.
Неймар ДАШТ-ий нээлтийн тоглолтдоо шагайндаа бэртэл авч ард түмэн, хөгжөөн дэмжигчдээ сандаргаад амжсан. Өмнө нь 2014 онд тэрбээр нурууны бэртлийн улмаас мөн л ДАШТ-д түрүүлэх мөрөөдлөө биелүүлж чадаагүй. Тиймээс энэ удаад бэртлээс хол байж, багтаа туслахыг хичээж байгаа нь лавтай.
Энэ улирал ПСЖ-ийн өмсгөлтэй 20 тоглолтод 15 гоол, 12 гоолын дамжуулалт толилуулаад буй Неймар “Бэртэл аваад айсан. Учир нь би гайхалтай улирлыг өнгөрүүлж байлаа. Бэртэл авах үнэхээр хэцүү. Би шөнөжин уйлсан. Гэр бүл маань мэдэж байгаа. Азаар одоо бүх зүйл зүгээр. Хэрэв энэ аяллаа ялалтаар өндөрлүүлвэл өвдөлт, зовлон шаналал бүр минь үнэ цэнтэй байна” гэж ярив.
Мөн эдгээр өдрүүдэд домогт Пелегийн биеийн байдал тааруу, эмнэлэгт хэвтэж буй. Тэгвэл түүний талаар Неймар “Пелег юу үзэж, туулж байгааг хэлэхэд хэцүү байна. Би түүнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсч л чадна. Түүнийг аль болох хурдан тэнхэрээсэй гэж найдаж байна. Бидний энэ ялалт түүнд бага ч болов дэм өгсөн болов уу” гэжээ.
Холбоотой мэдээ