Азийн сангийн төлөөлөгчид манай оронд ажиллах хугацаандаа орон нутгийн түвшинд ил тод байдал, хариуцлагыг дээшлүүлэх, төвлөрлийг сааруулах, орон нутгийн санхүүгийн чадавхийг сайжруулах чиглэлээр тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлоход туслах үүднээс нийслэл, дүүргийн удирдлагуудтай уулзаж, судалгаа дүн шинжилгээ хийж буй талаар Дэд хорооны даргад танилцуулж, цаашид энэ чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв.
Тус дэд хорооны зорилго, үйл ажиллагааны хүрээнд хамаарах чухал асуудалд Азийн сангийн мэргэжилтнүүд анхаарал хандуулан судалгаа, дүн шинжилгээ хийхээр ажиллаж буйд Д.Загджав дарга талархал илэрхийлээд орон нутгийн эдийн засаг, санхүүгийн эрх мэдлийг өргөжүүлж бие даасан байдлыг хангах эрх зүйн үндсийг боловсронгуй болгох үүднээс дэд хорооноос ажлын хэсэг байгуулж Орон нутгийн төсвийн тухай, Орон нутгийн татварын тухай хуулийн төсөл боловсруулахаар судалгаа хийж буйгаа танилцуулав. Төвлөрлийг сааруулах, сайн засаглалыг бэхжүүлэхэд Азийн сантай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа тэрбээр илэрхийлээд орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлэх, төсөв санхүүгийн бие даасан байдлыг хангах боломжийн талаар зөвлөмж өгөх, тэрчлэн дэд хорооны гишүүд, орон нутгийн удирдлагуудыг энэ талаар ихээхэн туршлага хуримтлуулж дэлхийд загвар орон гэгдэж буй Швейцарь зэрэг улсын туршлагаас суралцахад туслахыг хүслээ.
Уулзалтад оролцсон тус дэд хорооны гишүүн Э.Бат-Үүл орон нутгийн төсөв, татварын асуудлыг тусгай хуулиар зохицуулах, төсвийн дэмжлэгийг орон нутагт тодорхой томъёоллоор өгдөг байхыг дэд хороо чухалчилж буйг дурдаад төвлөрлийг сааруулах, нэгдмэл байдлыг хангах асуудлыг зөв хослуулахад парламентын гишүүд, гүйцэтгэх засаглалын байгууллагад онол, туршлага дутаж байгааг онцолж байлаа.
Төвлөрлийг сааруулах, орон нутгийн бие даасан байдлыг хангахад Дэд хороотой хамтран ажиллах боломжийг эрж хайх болно гэдгээ Азийн сангийн мэргэжилтнүүд уулзалтын үеэр илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.