Нүүрсний хулгайн асуудлаар иргэд гурав дахь өдрөө жагсч, Засгийн газар, парламент үүнд онцгой анхаарал хандуулж байна. Мөн нүүрсний хулгайн асуудлаар АТГ, цагдаа, төрийн байгууллага, иргэд олон нийтийн төлөөллөөс бүрдсэн өргөн хүрээний хэлэлцүүлгийг энэ сарын 21-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Уг олон нийтийн сонсголыг дөрвөн хүрээнд зохион байгуулна.
Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэлдээ “УИХ нүүрсний асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахаар ажиллаж байна. Нүүрсний хулгайтай холбоотойгоор нэгдүгээрт, опптейк гэрээг ил болгох, хоёрт тээвэрлэлт олборлолт, хил гаальд байгаа гэрээг нээлттэй болгох. Гуравт үнийн зөрүү, статистик мэдээллийг хөрш орнуудтай хамтарч ажиллан тогтоох. Миний ойлгосноор Улсын ерөнхий прокурорын газраас гаргасан саналд үндэслээд Хууль зүй дотоод хэргийн яам хэлэлцээд, Гадаад харилцааны яамаар дамжуулаад Хятадын талд хүсэлт явуулсан гэж ойлгосон. Нээлттэй сонсголоор тодорхой мэдээлэл авна. Хятадын тал бүх талаар хамтарч ажиллах боломжтой гэдэг саналаа хэвлэлээр дамжуулан гаргасан гэдэг мэдээллийг ажлын хэсэг өчигдөр надад өгсөн. Ажлын хэсэг өчигдөр орой болтол хуралдсан. Нээлттэй сонсгол зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа” гэсэн юм.