“Нүүрсний хулгайтай холбогдсон бол түдгэлзэхэд бэлэн”

Хуучирсан мэдээ: 2022.12.07-нд нийтлэгдсэн

“Нүүрсний хулгайтай холбогдсон бол түдгэлзэхэд бэлэн”

“Нүүрсний хулгайтай холбогдсон бол түдгэлзэхэд бэлэн”

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.


-Таны нэр нүүрсний хулгайн асуудалтай холбогдож, та өчигдөр тайлбар өгсөн байна лээ. Яагаад энэ асуудалтай холбогдох болов. Хэрэв нэр холбогдвол та гишүүнээсээ түдгэлзэхэд бэлэн гэж хэлж байсан үнэн үү?

-Төрийн өмчит ялангуяа “Тавантолгой” тойрсон нүүрсний асуудал олон жил яригдаж байна. Үүнийг яриад байдаг, шийдэгдэггүй. Ер нь жинхэнэ утгаараа бүлэг буюу мафижсан улс төр бизнес, Хятадын талаас оролцсон тал талаасаа нийлсэн бүлэг хүмүүсийн үйл ажиллагаатай холбоотой нүүрсний хулгай өдийг хүртэл явагдсан. Нүүрсний хулгайн асуудал өнөөдөр бий болоогүй. Энэ асуудалд миний нэрийг холбогдуулж, гүтгэсэн, гүжирдсэн мэдээлэл хэвлэл мэдээллээр явж байна. Би үүнд нэг их ач холбогдол өгөөгүй. Гэхдээ яагаад энэ асуудал идэвхэжсэн бэ гээд харахаар УИХ-аас нүүрсний хулгайн асуудлаар олон нийтийн нээлттэй сонсгол хийж, Засгийн газар, төрийн байгууллагаас мэдээллийг гаргаж олон нийтэд ил болгож тодруулах ажлын хэсэгт би орсон. Үүнтэй давхцаж байгаа нь мэдээллийг ил тод болгох үйл ажиллагаанд саад болох гэсэн ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс ард нь байгаа гэж бодож байна.

-Таны “Аспайр майнинг” компанийн эзэмшилтэй холбоотойгоор нүүрсний асуудалтай холбож тайлбарлаж байгаа байх. Хөвсгөл аймгийн иргэд ч гэсэн таныг Могойн голын уурхайг эзэмшиж, нүүрс зөөж байна гэж шүүмжлээд байсан шүү дээ?

-Нүүрсний асуудлыг надтай холбоотой гэж яриад байгаа нь Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийн хувьцааг эзэмшдэгтэй хольж яриад байх шиг байна. Энэ компани нэг ч үйл ажиллагаа явуулаагүй, нэг ч нүүрс гаргаагүй, үйлдвэрлэл явагдаагүй. Тэрэнтэй эндүүрч хүмүүсийг төөрөгдүүлж, холбоход амархан болгож харагдуулж байна. Тэрнээс надад өөрөөр нүүрстэй холбогдох ямар нэгэн шалтгаан байхгүй. Дээрээс нь “Тавантолгой” гэх компанийн төрийн компаниас завшдаг, хулгайлдаг үйл ажиллагаанд оролцох нь байтугай “Тавантолгой” компанийн төмөр замын нээлтэд энэ жил анх удаа очиж үзсэн. Яах вэ олон тайлбар тавих хэрэггүй. Ер нь хууль хүчний байгууллага албан ёсоор шалгаж буй асуудал байхгүй. Үүнийг прокурорын байгууллага мэдэгдэнэ биз. Энэ талаарх мэдээлэл өгөхийг прокурорын байгууллагаас шаардана.

-Засгийн газраас нүүрсний хулгай асуудлыг оруулж ирж, олны анхаарлын төвд оруулж, иргэд хүртэл жагсч байна. Ер нь энэ нүүрсний хулгайн асуудал хаанаас эхлэлтэй, ямар учиртай асуудал юм бол гэдэг дээр та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Би өчигдөр хэвлэл мэдээллийнхэнд хэлсэн. Хэрвээ нүүрсний хулгай надтай холбоотой юм байвал би УИХ-ын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр татгалзана гэдгээ тодорхой хэлсэн. Ялангуяа манай тойргийн Завханы ард түмэн бол надад итгэл хүлээлгэж, намайг сонгосон. Би өдийг хүртэл төртэй холбоотой хулгай хийх нь битгий хэл, төртэй хамтарч бизнес хийж үзээгүй. Тэгэхээр яаж хулгай хийдгийг би мэдэхгүй байна. Хулгайг нарийн мэддэг хүмүүс нь надтай холбох аргаа мэдээд, намайг холбоотой болгох сонирхол их байх шиг байна. Тэд нарт зориулж хэлэхэд хуурамч мэдээллээр хол явахгүй. Хэрвээ намайг одооноос гүжирдэж олон нийтийг үнэн зөв мэдээллээр хангахад УИХ-аас гаргаж буй ажлын хэсгийн ажилд саад болж, намайг хойш ухарна гэж харж байгаа бол тэгж горьдсоны хэрэггүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж