Орон нутгийн өмчийг төрийн  нэрээр “Булаах” эрх баригчдын санаархал идэвхжилээ

Хуучирсан мэдээ: 2022.12.07-нд нийтлэгдсэн

Орон нутгийн өмчийг төрийн  нэрээр “Булаах” эрх баригчдын санаархал идэвхжилээ

Орон нутгийн өмчийг төрийн  нэрээр “Булаах” эрх баригчдын санаархал идэвхжилээ

-Төрийн мэдэлд очсон бүхэнд луйвардуулж, төр оролцсон бизнес болгон дампуурдаг. Тавантолгойн ордын 95.5 хувийг эзэмшч “ЭТТ” ХК-иас ашиг хүртээж чадахгүй яваа эрх баригчид, уг ордын ердөө 0.4 хувиас орон нутагтаа ашгаа хүртээж ядаж буй жижиг “Тавантолгой” ХК-ийг төрийн мэдэлд авах нь хэр зохимжтой вэ? –

Улстөрийн том нүүдэл бүрийн өмнө хөөсөрдөг Тавантолгойн ордыг тойрсон улстөр энэ удаа УИХ, ЗГ-ыг тараах хэмжээнд хүрч өндөр авлаа. Олон жил яригдсан ч батлагдаж, нотлогдсон зүйлгүй өнөөг хүрсэн “Нүүрсний хулгай” гэх асуудал босч ирэх бүртээ орон нутгийн өмчит буюу жижиг “Тавантолгой” ХК-ийг төрийн мэдэлд авах нэрээр хувьдаа булаах гэсэн улстөрчдийн далд сонирхол нэвт ханхалдаг болоод уджээ.

Хэдийгээр Монгол Улс ардчилсан парламентын тогтолцоотой гэж дэлхийд зарладаг ч, хувийн хэвшлийг үзэн яддаг эрх баригчид харин, хөрөнгө оруулагчдаасаа эхлэн боомилж, бүхнийг хаана бооно, хянана цагдана, торгоно хорино гэдэг зарчмаар сүрдүүлж, ялладаг болсон. Ийм л аргаар үйлдээгүй хэргийнх нь төлөө сошиалоор яллаж, эцэст нь бүхнийг төрийн мэдэлд нэрээр өөрсдийн эзэмшилд шингээдэг тогтолцоонд мэргэшээд удаж байна. Тэгвэл эрх мэдэлд хүрсэн улстөрчид болгон яагаад заавал жижиг “Тавантолгой” ХК-д нүдний хор гүйлгэж, шүлсээ савируулдаг шалтгааныг товчхон сийрүүлье.

Тавантолгойн бүлэг ордын 95.5 хувьд төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК, 4.1 хувьд “Энержи ресурс” ХХК, 0.4 хувьд орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК үйл ажиллагаа явуулж байна. Харин орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-ийн 51 хувийг Өмнөговь аймаг, 49 хувийн хувьцааг орон нутгийн иргэд болон гадаад, дотоодын 2300 орчим хувьцаа эзэмшигч эзэмшдэг. Өөрөөр хэлбэл байгалийн баялаг ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн заалтыг амьдрал дээр хэрэгжүүлж буй хамгийн анхны бөгөөд цорын ганц хувьцаат компани гэдгийг олон нийт тэр бүр анзаардаггүй. “Тавантолгой” ХК-ийн 51 хувийг эзэмшигч Өмнөговь аймгийн ногдол ашиг нь жилд 40-50 тэрбум төгрөгөөр хэмжигдэж, аймгийн төсвийн 70 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг. Тэгвэл Монгол Улсын хамгийн өндөр төсөвтэй аймгийн санхүүжилтийн эх үүсвэрт гар дүрж, төрийн мэдэлд авах нэрийдлээр улстөрчид эрхшээлдээ авах оролдлого энэ удаа ч идэвхийлэн давтагдаж байна.

Төрийн мэдэлд орсон бүхэнд луйвар явагдаж, төр оролцсон бизнес болгон дампуурдаг олон жишээг бид мэднэ. Ядаж л Тавантолгойн ордоос монголчуудыг тэжээх учиртай “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа өнөөдрийг хүртэл “амилж”, ашгаа өгч чадалгүй явсаар улстөрчдийн халаасны компани болж хувирсан. Тэгвэл Тавантолгойн бүлэг ордын 95.5 хувийг эзэмшч энэ аварга компаниас монголчуудад ашиг хүртээж чадахгүй яваа эрх баригчид, уг ордын ердөө 0.4 хувиас орон нутагтаа ашгаа хүртээж ядаж буй орон нутгийн өмчит жижиг “Тавантолгой” ХК-ийг төрийн мэдэлд авах нь хэр зохимжтой вэ.

Өмнөговь аймгийн нутагт Оюутолгой, Тавантолгой, Нарийн сухайт бүлэг орд гээд улсын төсвийг бүрдүүлж буй том ордууд бий. Хэдийгээр хамгийн баялагтай аймаг боловч хамгийн том хохирол амсаж буй аймаг. Угтаа бол улсын эдийн засгийн төлөө хангалттай золиос гаргаж яваа Өмнөговийн иргэд нь, малчид нь, аймгаараа хангалуун амьдрах боломжтой. Харамсалтай нь байдаг бүхнийг нь хил давуулан экспортонд гаргаж байгаа хэр нь, үлдсэн ганцхан хувьцааны эзэмшлийг нь төрийн нэрээр булаахаар зэхэж буй нь дэндүү гачлантайг иргэд нь халаглаж сууна. Шударгын дүр эсгэгч эрх баригчдын аман дээрээ хэлдэгчдэн тав алхаад л газар нутгаа төнхүүлж, эцэстээ эзгүй хонхор сахиад үлдэх энэ нутгийн иргэд яагаад байгалийн баялагаасаа ашиг хүртэж болохгүй гэж …

 МӨРГӨЦӨГИЙН “ХУЛГАЙ” ҮҮССЭН НЬ …

Тавантолгойн ордын 0.4 хувьд үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК, тус ордын 95.5 хувийг эзэмшигч “Эрдэнэс тавантолгой” ХК-иас 268 мянган тонн нүүрс хулгайлсан тухай УИХ-ын гишүүн Л.Энхболд дэлгэж, нийгмийг шуугиулж байлаа. Бүхэл бүтэн уулаар нь хулгайлж, мөргөцөг цавчсан гэх уг мэдэгдэлдээ, “Өмнөговь аймгаас сонгогдсон гишүүний хувиар, аймгийнхаа иргэдийн эрх ашгийг хамгаалж, хуулийн байгууллагад хандана” хэмээн зарлаж байв. Гэтэл үнэндээ гишүүн асан Л.Энхболд эсэргээрээ Өмнөговь аймгийнхаа иргэдээс хулгай хийж, ногдол ашгаас нь зулгаасан үйлдэл болж хувирсан юм.

Тодруулбал, Тавантолгойн бүлэг ордыг тойрсон асуудал болгон улстөрчдийн халаастай уягддаг тул эрх баригчдын дэглэлтээр явсан Л.Энхболдын мэдэгдэлийн дараа Засгийн газраас ажлын хэсэг байгуулав. Тагнуул, цагдаа, прокурор, мэргэжлийн хяналт, аудит гээд хянаж шалгах чиг үүрэгтэй 10 гаруй агентлаг ээлж дараалан хоёр жилийн турш шалгасан. Ингээд шалгалтын явцад хуулийнхан ямар ч хулгай олоогүй бөгөөд уулын технологийн ажлаас үүдэлтэй маргааныг хоёр компани дотоод журмаараа шийдэх нь зөв гэж үзсэн байдаг.

Өөрөөр хэлбэл “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хилийн зааг нь “Тавантолгой” ХК-ийн хилийн заагтай тулдаг хэсэг дэх нүүрстэй мөргөцөгийг нураах явцад үүссэн 268 мянган тонн нүүрсийг хоёр тал дотоод журмаараа технологийн дагуу шийдэх боломжтой байжээ. Гэвч нэг орд дээр үйл ажиллагаа явуулдаг бүхий л компаниудад үүсдэг технологийн ажиллагааг Л.Энхболд улстөржүүлсэнээрээ хэдэн жилийн турш дээрх хоёр компанийг эдийн засгийн алдагдалд оруулж, 10 гаруй төрийн байгууллагын ажил дээр ажил нэмж цаг гарзадсан гэж үзсэн.

Тэгвэл Засгийн газрын хэмжээнд хүртлээ өндөр авсан мөргөцөгийн маргаан юунаас эхэлсэн бэ  гэдэг нь бүр ч сонирхол татна. Анх мөргөцөг хулгайлсан гэх дүгнэлтийг “Эрдэнэс тавантолгой” ХК болон орон нутгийн өмчит жижиг “Тавантолгой” ХК-д ажиллаж байсан, тухайн үеийн мэргэжлийн хяналтын байцаагч Батсайхан гэгч гаргажээ. Улмаар ажиллаж байсан компаниуддаа өс санахдаа үндэслэлгүйгээр үйлдсэн дүгнэлтээ “мөнгө болгож”, УИХ-ын гишүүн Л.Энхболдод танилцуулсан байна. Мэдээж эрхэм гишүүнд ч олон нийтийн анхаарлыг татах улстөр хэрэгтэй тул хэзээнээс л жижиг “Тавантолгой” ХК-ийг онилдог эрх баригчдад дамжуулсан нь илэрсэн. Улмаар өөрт ч хэрэгтэй, өрөөлд ч ашигтай Л.Энхболдын улстөр өндөр авч, 268 мянган тонн нүүрсний мөргөцөг дээр төр бүхэлдээ хөдөлсөн билээ. Эцсийн дүндээ яаж ч мухарлаад хулгай гэж буруутгахаар зүйл олдоогүй тул Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 255 тоот тогтоолоор хэргийг хаасан байдаг.

Мэдээж Засгийн газар нь тэргүүлж, 10 гаруй агентлаг хоёр жил шалгачихаад юу ч олохгүй бол ичгэвтэр. Тиймдээ ч, Л.Энхболдын эхлүүлсэн улстөрийн үр дүнд Өмнөговь аймгийн өмчит буюу орон нутгийн жижиг “Тавантолгой” ХК 268 мянган тонн нүүрс дээр нэмж алдагдал хүлээн, нийт 340 мянган тонн нүүрс “Эрдэнэс тавантолгой” ХК-д төлөхөөр болсон. Энэ зөрүүг үнэлвэл, орон нутгийн жижиг “Тавантолгой” ХК-ийн 51 хувийг эзэмшигч Өмнөговь аймгийн хоёр жилийн ногдол ашиг болох 100 тэрбум төгрөг болно. Байнд ч үгүй, банзанд ч үгүй хоцорсон Өмнөговийн экс гишүүн Л.Энхболдын эхлүүлсэн бужигнааны үр дүнд “Тавантолгой” ХК хуваарийн дагуу “Эрдэнэс тавантолгой” ХК-д одоогоор 58 мянган тонн коксожсон нүүрс олгоод байна. Ингэж ирээдүйн карьераараа дэнчин тавьж, эрх баригчдын дэглэлтээр “шоудсан” экс гишүүний улстөр эцэстээ өөрийгөө “булшилахад хүргэж”, ивээлд нь багтах эзэн ч үгүй, итгэж сонгох иргэд ч үгүй хоосон хоцорсон түүхтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж