Тэрбумтны охин, Ерөнхий сайдын гэргий

Хуучирсан мэдээ: 2022.12.08-нд нийтлэгдсэн

Тэрбумтны охин, Ерөнхий сайдын гэргий

Тэрбумтны охин, Ерөнхий сайдын гэргий
Их Британийн Ерөнхий сайд Риши Сунакийн эхнэр Акшата Муртиг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа онцолж байна. 

Энэтхэгийн баян бизнесмений охин Акшата өнгөрсөн аравдугаар сард Их Британийн ерөнхий сайд болсон нөхрөөсөө ч илүү олны анхаарлыг татсан.  Түүний амьдрал гурван тив дамнан өрнөжээ. Тэрбээр амьдралынхаа ихэнх хугацааг АНУ, Энэтхэгт өнгөрүүлсэн. Акшата эцгийнхээ үүсгэн байгуулсан "Infosys" компанийн 700 сая фунт-стрерлингийн хувьцааг эзэмшдэг. Тиймдээ ч нөхөр нь цар тахлын үеэр Их Британийн сангийн сайдаар ажиллах хугацаанд Акшатагийн бизнес хэвлэлийн топ сэдэв, сул төрийн мэтгэлцээний гол асуудал байв. Тухайлбал, тус компани нь Москвагаас Украинд дайн эхлүүлснээс хойш ч ОХУ-д үйл ажиллагаа явуулсаар байсан бөгөөд Акшата гадаад орноос олсон орлогоосоо Их Британид татвар төлдөггүй гэх асуудлууд сөхөгджээ.
Түүний эцэг, программ хангамжийн инженер Нараяна Мурти 1981 онд ганц охиноо төрсний дараа эхнэрээсээ зээлсэн 250 долларыг ашиглан мэдээллийн технологийн компани байгуулжээ. Үүнээс хойш 40 жилийн хугацаанд интернэтийн хөгжил дэлхийг өөрчилсөн бөгөөд Муртигийн фирм Энэтхэгийн том компани болон өргөжсөн аж. Өдгөө Муртигийн үүсгэн байгуулсан компани  дэлхийн 50 орчим оронд 300 мянга гаруй ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнчлэн "Infosys" компани нь Их Британийн засгийн газар, компаниудад "IT" үйлчилгээ үзүүлдэг. Гэхдээ олон асуудалд орсоор иржээ. Тухайлбал, 2013 онд тус групп АНУ-ын засгийн газрын визийг зохисгүй ашигласан гэх иргэний нэхэмжлэлд 34 сая ам.доллар төлсөн байна.

Тус компанийн амжилт нь Муртиг Энэтхэгийн хамгийн чинээлэг хүмүүсийн нэг болгосон. Гэхдээ тэрбээр Энэтхэгийн элитүүдийн нэг болохыг хүсдэггүй бөгөөд 76 нас гарч, тэтгэвэртээ суусан ч суултуураа өөрөө цэвэрлэдэг гэнэ.

Муртигийн энэ зуршил нь Энэтхэгийн кастын системийг эсэргүүцсэн үйлдэл бөгөөд үр хүүхэддээ ч энэ дадлаа суулгажээ. Энэтхэгт нийгмийн доод давхаргынхан суултуур цэвэрлэдэг байна. Эцгийнхээ үлгэрлэлээр Акшата даруухан амьдралын хэв маягтай. Түүний эх Судха нь Энэтхэгийн хамгийн том автомашин үйлдвэрлэгч компанийн анхны эмэгтэй инженер байжээ. Тэрбээр  хүүхдүүд нь төрсний дараа гэр бүлдээ илүү цаг зарцуулахын тулд коллежид багшлахаа больсон аж. Судха 1996 онд "Infosys" ашгийн бус санг үүсгэн байгуулж, ядуурлын эсрэг төслүүд хэрэгжүүлж, боловсролыг санхүүжүүлж эхэлжээ.

Түүний боловсролын салбар, инженерчлэлийн хүсэл мөрөөдлийг охин нь Акшата үргэлжлүүлж байна.

Энэтхэгийн Хубли хотод төрсөн Акшатаг ээжийнх нь эцэг, эх өсгөсөн байна. Бангалор хотын захад дундаж давхаргын гэр бүлд өссөн Акшата төрсөн өдрөө тэмдэглэдэггүй, халаасны мөнгө авдаггүй байв. Охидын ахлах сургуульд суралцаж төгссөнийхөө дараа АНУ-д коллежид элсэн эдийн засаг, франц хэл сурсан байна. Дээрээ нэг ахтай. Ах Рохан нь Харвард нийгэмлэгийн гишүүн бөгөөд Энэтхэгт сонгогдог зохиолын номын санг үүсгэн байгуулжээ. Мөн хиймэл оюун ухаан ашиглан автоматжуулалтыг хийдэг "Soroco" цахим шилжилтийн компанид техникийн албаны даргаар ажилладаг.

Акшата 2007 онд Калифорнид амьдарч байхдаа шинжлэх ухаан, технологийн салбарын залуустай илүү холбоо тогтоох зорилгоор Сан-Францискогийн "Exploratorium" музейн удирдах зөвлөлд оржээ. АНУ-д эдийн засгийн бакалавр чиглэлээр суралцсан бөгөөд "Deloitte", "Unilever" зэрэг комданид ажиллаж эхлэхийнхээ өмнө  хувцас загварын чиглэлээр ч суралцаж, диплом хамгаалсан аж. Тэрбээр суралцахаа үүгээр зогсоолгүй Стэнфордын их сургуульд бизнесийн удирдлагын мастер хамгаалжээ.

 Акшата Сан-Франциско хотын ойролцоо их сургуулийн кампуст амьдарч байхдаа Риши Сунактай үерхэж эхэлсэн байна. Тэд сургуулиа төгссөний дараа ч Стэнфордын их сургуультай холбоотой байж, аливаа төсөл хөтөлбөрийг санхүүжүүлдэг гэнэ. Тэд 2009 онд Энэтхэгийн Бангалор хотод гэр бүлийн хүрээнд гэрлэсэн ч дараа нь Нью-Йорк хотод хуримын ёслол хийжээ.
Гэрлэснийхээ дараа хосууд Калифорнийн Санта Моника хотноо далай руу харсан цонхтой пентхаус барьсан байна. Тэд Санта Моникагаас нүүсэн ч пентхаусаа зараагүй.

Акшата хоёр жил орчмын хугацаанд "Tendris" компанид ажиллаж байгаад 2009 онд ажлаасаа гарч өөрийн нэрийн загварын брендийг гаргасан. Загвар бол түүний хувьд инженер болгох хүсэлтэй ээжтэйгээ зөрчилдсөөр ирсэн мөрөөдөл нь аж. Компанийнх нь нүүр хуудсанд Энэтхэгийн алслагдмал нутгийн гарын уртай, эмэгтэй загвар зохион бүтээгчдийг тогтвортой орлогоор хангах зорилготой гэж бичжээ. Гэвч уг бизнес нь гурван жилийн дараа дампуурсан гэж "the Guardian" мэдээлжээ.  Энэ үед Акшата, Сунак нар Лондонд төвтэй гэр бүлийн хөрөнгө оруулалтын сан болох "Catamaran Ventures"-ийг үүсгэн байгуулсан аж. Үүнээс хоёр жилийн дараа нөхөр нь Хойд Йоркшир мужийн Ричмонд хотын парламентад сонгогдсоноор компанийн хувьцаагаа Акшатагийн нэр дээр шилжүүлсэн байна.

Тэд нийтдээ дөрвөн үл хөдлөх хөрөнгөтэй бөгөөд Лондонд дөрвөн унталгын өрөөтэй байшинтай. Хосууд өдгөө Лондон дахь гэртээ хоёр охин Аноушка, Кришна нарын хамтаар амьдардаг. Акшата, Сунак нарын орлого 2022 онд 730 сая фунт-стерлингээр үнэлэгдэж, "Sunday Times" сонины баячуудын жагсаалтыг тэргүүлжээ.

Нөхөр нь өнгөрсөн долдугаар сард сангийн сайдын албан тушаалаас буусны дараа Акшата гэрийнх нь гадаа хүлээж буй сэтгүүлчдэд цай, жигнэмэг гарган өгч байсан нь олны анхаарлыг татаж байв. Сэтгүүлчдэд цай хийж өгсөн аяга нь алдартай дизайнерын тус бүр нь 30 фунт-стерлингийн үнэтэй байсныг твиттерт хэлэлцэж байв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж