Тус компанийн амжилт нь Муртиг Энэтхэгийн хамгийн чинээлэг хүмүүсийн нэг болгосон. Гэхдээ тэрбээр Энэтхэгийн элитүүдийн нэг болохыг хүсдэггүй бөгөөд 76 нас гарч, тэтгэвэртээ суусан ч суултуураа өөрөө цэвэрлэдэг гэнэ.
Муртигийн энэ зуршил нь Энэтхэгийн кастын системийг эсэргүүцсэн үйлдэл бөгөөд үр хүүхэддээ ч энэ дадлаа суулгажээ. Энэтхэгт нийгмийн доод давхаргынхан суултуур цэвэрлэдэг байна. Эцгийнхээ үлгэрлэлээр Акшата даруухан амьдралын хэв маягтай. Түүний эх Судха нь Энэтхэгийн хамгийн том автомашин үйлдвэрлэгч компанийн анхны эмэгтэй инженер байжээ. Тэрбээр хүүхдүүд нь төрсний дараа гэр бүлдээ илүү цаг зарцуулахын тулд коллежид багшлахаа больсон аж. Судха 1996 онд "Infosys" ашгийн бус санг үүсгэн байгуулж, ядуурлын эсрэг төслүүд хэрэгжүүлж, боловсролыг санхүүжүүлж эхэлжээ.
Түүний боловсролын салбар, инженерчлэлийн хүсэл мөрөөдлийг охин нь Акшата үргэлжлүүлж байна.
Энэтхэгийн Хубли хотод төрсөн Акшатаг ээжийнх нь эцэг, эх өсгөсөн байна. Бангалор хотын захад дундаж давхаргын гэр бүлд өссөн Акшата төрсөн өдрөө тэмдэглэдэггүй, халаасны мөнгө авдаггүй байв. Охидын ахлах сургуульд суралцаж төгссөнийхөө дараа АНУ-д коллежид элсэн эдийн засаг, франц хэл сурсан байна. Дээрээ нэг ахтай. Ах Рохан нь Харвард нийгэмлэгийн гишүүн бөгөөд Энэтхэгт сонгогдог зохиолын номын санг үүсгэн байгуулжээ. Мөн хиймэл оюун ухаан ашиглан автоматжуулалтыг хийдэг "Soroco" цахим шилжилтийн компанид техникийн албаны даргаар ажилладаг.
Акшата 2007 онд Калифорнид амьдарч байхдаа шинжлэх ухаан, технологийн салбарын залуустай илүү холбоо тогтоох зорилгоор Сан-Францискогийн "Exploratorium" музейн удирдах зөвлөлд оржээ. АНУ-д эдийн засгийн бакалавр чиглэлээр суралцсан бөгөөд "Deloitte", "Unilever" зэрэг комданид ажиллаж эхлэхийнхээ өмнө хувцас загварын чиглэлээр ч суралцаж, диплом хамгаалсан аж. Тэрбээр суралцахаа үүгээр зогсоолгүй Стэнфордын их сургуульд бизнесийн удирдлагын мастер хамгаалжээ.
Гэрлэснийхээ дараа хосууд Калифорнийн Санта Моника хотноо далай руу харсан цонхтой пентхаус барьсан байна. Тэд Санта Моникагаас нүүсэн ч пентхаусаа зараагүй.
Акшата хоёр жил орчмын хугацаанд "Tendris" компанид ажиллаж байгаад 2009 онд ажлаасаа гарч өөрийн нэрийн загварын брендийг гаргасан. Загвар бол түүний хувьд инженер болгох хүсэлтэй ээжтэйгээ зөрчилдсөөр ирсэн мөрөөдөл нь аж. Компанийнх нь нүүр хуудсанд Энэтхэгийн алслагдмал нутгийн гарын уртай, эмэгтэй загвар зохион бүтээгчдийг тогтвортой орлогоор хангах зорилготой гэж бичжээ. Гэвч уг бизнес нь гурван жилийн дараа дампуурсан гэж "the Guardian" мэдээлжээ. Энэ үед Акшата, Сунак нар Лондонд төвтэй гэр бүлийн хөрөнгө оруулалтын сан болох "Catamaran Ventures"-ийг үүсгэн байгуулсан аж. Үүнээс хоёр жилийн дараа нөхөр нь Хойд Йоркшир мужийн Ричмонд хотын парламентад сонгогдсоноор компанийн хувьцаагаа Акшатагийн нэр дээр шилжүүлсэн байна.
Тэд нийтдээ дөрвөн үл хөдлөх хөрөнгөтэй бөгөөд Лондонд дөрвөн унталгын өрөөтэй байшинтай. Хосууд өдгөө Лондон дахь гэртээ хоёр охин Аноушка, Кришна нарын хамтаар амьдардаг. Акшата, Сунак нарын орлого 2022 онд 730 сая фунт-стерлингээр үнэлэгдэж, "Sunday Times" сонины баячуудын жагсаалтыг тэргүүлжээ.






Холбоотой мэдээ