Нүүрсний хулгайтай тэмцэх ажлыг эрчимжүүлж, хууль хяналтын байгууллагыг анхаарлаа хандуулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022.12.07/ мэдэгдсэн. Энэ үеэр жагсагчдын төлөөлөл жүжигчин У.Цогтбаяр “Ерөнхий сайд ард иргэдтэйгээ хамт гэж хэллээ. Үнэхээр иргэдийн эрх ашгийн талд ажиллаж байгаа бол нүүрсний хулгайчдыг зарлах болсон. Нэрсийг нь зарлаж чадахгүй байна гэдэг МАН ард нь байгааг харуулж байна” гэсэн юм.
Үүний хариуд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсаалын үр дүнг шаардах ажлын хэсэгт У.Цогтбаяр болон жагсагчдын төлөөллийг оролцуулах санал гаргасан. Гэвч У.Цогтбаяр цөөхөн хүний төлөөллөөс илүүтэй жагсагчдын дунд байгаа эрдэмтэн, профессорууд, салбар бүрийн төлөөллийг оролцуулж хамтарсан баг гаргах хэрэгтэй гэв.
Нүүрсний хулгайг ил болгох асуудалд ажлын хэсэг гаргаж байгаа бөгөөд тус ажлын хэсгийг Хууль зүйн сайд Х.Нямбаатар ахална. Ажлын хэсэгт албаны хүмүүсээс гадна иргэдийн төлөөлөл оролцоно. Засгийн газраас өнөөдөр байгуулсан тус хэсэгт жагсагчдаас 100 хүртэлх хүн оролцож болно. Зөвхөн үр дүн шаардаж, хянаад зогсохгүй ард иргэдэд өдөр бүр мэдээлэл өгөөд явах юм.
Холбоотой мэдээ