Дэлхийн 190 гаруй орны төлөөлөл оролцож буй Дэлхийн Экспо-2010 үзэсгэлэн “Сайхан хот-Сайхан амьдрал” сэдвийн доор БНХАУ-ын Шанхай хотноо үргэлжилж байна. Дэлхийн Экспогийн хүрээнд зохион байгуулагдах Монгол Улсын албан ёсны арга хэмжээ болох “Тал дундах хот” бизнес форум ирэх сарын 14-нд өдөр болохоор болжээ.
Уг бизнес форумыг Гадаад харилцааны яамны Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамтай хамтран зохион байгуулж буй бөгөөд форумын гол зорилго нь Монгол Улсын Засгийн Газраас дэд бүтэц, хот байгуулалт, уул уурхайд түшиглэсэн хот байгуулалтын чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төслүүдийг Хятадын төдийгүй Экспод оролцож буй олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулах, бизнес эрхлэгчдэд бизнесийн холбоо тогтоох боломж олгоход чиглэж байгаа гэнэ.
Түүнчлэн бизнес эрхлэгч байгууллагууд энэхүү арга хэмжээнд оролцсоноор “Shanghai Stock Exchange”, “Shanghai Metal Exchange”-ийн үйл ажиллагаатай танилцах, есдүгээр сарын 13-ны өдөр болох Монгол Улсыг дэлхийн тавцанд сурталчлах “Монголын өдөр”-ийн зарим арга хэмжээнд оролцох боломжтой талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.