Нүүрсний хулгайтай тэмцсэн тайван бус "тайван" жагсаал

Хуучирсан мэдээ: 2022.12.07-нд нийтлэгдсэн

Нүүрсний хулгайтай тэмцсэн тайван бус "тайван" жагсаал

Нүүрсний хулгайтай тэмцсэн тайван бус "тайван" жагсаал

Төв талбай дээрх жагсаал өчигдөр/2022.12.06/ гурав дахь өдрөө үргэлжиллээ. Өвлийн -30 хэмийг үл хайрхан монголчууд төр засгаасаа хариуцлага нэхэж, хулгайчидтайгаа тэмцэхийг хатуу сануулав. Ард түмэн зүгээр ч нэг тайван жагссангүй. Тэдний бухимдал дээд цэгтээ хүрч, төрийн ордон руу хүч түрэн дайрж, хашааг нь нураалаа.

Жагсаалын эхний өдөр буюу өнгөрсөн Ням гаригт иргэдийн тоо харьцангуй бага байв. Гэхдээ хэлж буй үг, хийж буй үйлдэл нь цөөн гээд мохсонгүй. Харин Даваа гаригт иргэдийн тоо үлэмж ихэссэн. Албан байгууллагууд  ажилчдадаа чөлөө өгч, зарим сургуулийн оюутны холбоод суралцагчдад чөлөө өгөхийг сургуулиасаа хүссэн. Үр дүнд нь талбай жагсагчдаар дүүрч, төр засаг төдийгүй дэлхий нийт анхаарч эхлэв. Иргэд "Гараад ир", “Нүүрсний хулгайчдыг ил болго”, “УИХ тар”, “Засгийн газар огцор”, “Ажлаа хий”, "Мөнгөө авъя" гэх зэрэг уриа, лоозонтой жагссан.

Жагсаал 17.00 цагийн үед тайван байдлаа алдаж, иргэд төрийн ордны урд хаалга руу хүчээр орох гэж дайрсан. Цагдаа нар ч цаг алдалгүй арга хэмжээ авч, хаалгыг хамгаалалтад авч, улмаар иргэдийг талбай руу буцаан буулгав. Гэвч иргэдийн хөдөлгөөний эрч, тэмцэл саарсангүй. Төрийн ордонг тойрон эсэргүүцлээ илэрхийлж, ордоны зүүн талын автомашины хаалга, хашааг салгасан. Түүнчлэн хашаан дотор зогсч байсан "Patrol" маркийн автомашин шатсан хэрэг гарсан аж.

Цагдаагийн алба хаагчид хүч нэмэгдүүлж, иргэдийг 21.00 цаг гэхэд жагсаалаа дуусгахыг шаардаж, хэрэв заасан хугацаанд тарахгүй бол хуулийн дагуу арга хэмжээ авна гэв. Жагсагчдын дунд формтой арван жилийн сурагчид, оюутнууд, ахмадууд, залуучууд, гэр бүлүүд, бизнес эрхлэгчид гээд төрөл бүрийн л хүмүүс байлаа. Шинэ жилийн баяр дөхөж байгаа учир талбай дээр баяртай холбогдуулан төрөл бүрийн гацуур мод, гэрэл чимэглэл, үзэсгэлэн худалдааны түц, мөсөн баримлууд, мөсөн гулгуурын талбай зэрэг байрласан байсан ч иргэд гацуур мод шатааж, мөсөн баримлуудыг эвдэж сүйтгэсэн. Талбай дээр хагарч бутарсан мөс хөглөрч, иргэд алхах гэхээсээ гулгах аядаж, агаарын хэм -30 руу дөхсөн.

22.30 цагийн үед жагсагчдын тоо харьцангуй багасч, цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн нэмэгдэв. Мөн ДХИС-ийн сонсогчдыг дайчилсан нь иргэдэд таалагдаагүй. "Ядаж энэ сонсогчдыг гэрт нь хариул. Та нарыг бодвол жаахан хүүхдүүд даарчихна шүү дээ" гэх иргэд олон байсан. Удалгүй гадаа -30 хэмд ботинктой зогсч байсан сонсогчид буцлаа. Эцэст нь хоёр дахь өдрийн жагсаал намжсан.

Жагсаалаа гурав дахь өдрөө урьд өдөртэйгөө харьцуулахад тайван өрнөж, өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж