Засгийн газрын өнөөдрийн /2022.12.07/ хуралдаанаас зам тээврийн салбартай холбоотой хоёр шийдвэр гаргасан байна. Энэ талаар салбарын сайд нь мэдээлэл хийлээ.
Зам тээврийн сайд С.Бямбацогт: Засгийн газрын хуралдаанаас өнөөдөр АНУ-ын Засгийн газартай Open sky хэлэлцээрийг байгуулах шийдвэр гаргалаа. Хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойш бүтэн жилийн хугацаанд бэлтгэл ажлыг хангах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, 2024 оны эхээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос АНУ-ын дурын хот руу шууд нислэг үйлдэх боломжтой болно. Энэ хэлэлцээрийг байгуулах саналыг 2002 оноос АНУ-ын Засгийн газар Монгол Улсын Засгийн газраас тавьж ирсэн юм билээ. Тодорхой шалтгааны улмаас Монгол Улсын Засгийн газар зөвшөөрдөггүй байсан бол өнөөдрөөс зөвшөөрөл олгож, хэлэлцээр хийх эрхийг Зам тээврийн хөгжлийн сайдад шилжүүлсэн.
Цар тахлын өмнө 2019 онд Монгол-АНУ хооронд зорчиж байсан урсгал 60 мянга орчим байсан, нийтдээ 40 орчим сая долларын зардал гаргаж, АНУ-Монгол хооронд зорчиж, тийзэнд мөнгө төлдөг байсан. Нислэг БНСУ, Хятадаар дамжаад Монголын агаарын тээвэрт наалддаггүй байсан бол шууд нислэгтэй болсноор монголчууд Улаанбаатар хотоос Америкийн хүссэн хот руугаа очих боломжтой болно.
Сөүл, Бээжингээр дамждаг урсгалыг харахад гайгүй урсгалтай, боломжийн нислэг болно.
Онгоцны хүчин чадал, багтаамж, нисэх чадалтай онгоц байгаа юу гэдэг асуудал яригдах байх. МИАТ , Монголиан эйрвис компани, Изиннис компани нийлээд дөрвөн онгоцоор парк шинэчлэлт хийсэн. Нийтдээ долоон онгоцоор тээвэрлэлт хийнэ.
Ирэх хавраас БНСУ-ын Инчеоноос Монгол руу долоо хоногт 70 нислэг хийдэг болно.
Монголиан эйрвис компани Сингапур руу шууд нислэг хийх зөвшөөрлөө авсан байгаа.
Барьсан төмөр замаа Хятадтай холбох ажлыг эрчимжүүлнэ
Зам тээврийн сайд С.Бямбацогт: Монгол Улс Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд гэсэн ганц төмөр замаар олон улстай холбогддог байсан. Өнгөрсөн есдүгээр сард Гашуунсухайт, арваннэгдүгээр сард Ханги-Мандалын төмөр замыг хил хүртэл барьсан. Эдгээр шинэ төмөр замыг Хятадын төмөр замтай холбож байж, ачаа барааг хүссэн хэмжээгээрээ тээвэрлэх боломжтой болно. Хэдийгээр төмөр зам барьсан ч Хятадын төмөр замтай холбоогүй байгаа. Энэхүү холболтыг хийсний дараа уул уурхайн экспортын бүтээгдэхүүний хэмжээ 30 сая тонн хүртэл нэмэгдэнэ. Бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ.
Баруун босоо чиглэлийн төмөр зам буюу Шивээхүрэн, Арцсуурийн чиглэлийн төмөр замыг барих, холболтын цэгийг тохирох, зүүн чиглэлд Бичигт-Чойбалсан-Хөөтийн төмөр замыг холбох ажлыг хийнэ.
Бичигт, Хангийн боомтыг Хятадын төмөр замтай, Гашуунсухайтыг Ганцмодтой, Шивээхүрэнг Сэхээ боомтын төмөр замтай холбоно.
Эхний ээлжинд Гашуунсухайт, Ганцмодны боомтын техник эдийн засгийн үндэслэлийг "Чайна-энержи" компани хийж байгаа. Ирэх оны эхний улиралд холболтын төсөвт өртөг тодорхой болно.
Төмөр замын өргөн, нарийн цариг хоёулаа хилийн боомтод баригдана. Нарийн царигаар импортын ачааг оруулах бол өргөн царигаар экспортын бараагаа гаргана. Тодруулбал өргөн цариг нь БНХАУ-ын, нарийн цариг нь Монгол Улсын нутаг руу орж ирнэ. Барьсан төмөр замаа Хятадын төмөр замтай холбосноор нүүрс тээвэрлэлтийг 30 сая тоннд хүргэнэ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ