Бид программ дээрээ ажиллаж, төлбөрөө төлсөн хэрэглэгчдийнхээ гар утсанд мессежээр илүү төлөлт болгож, өөрчлөлт оруулж байна. Ингэснээр арваннэгдүгээр сарынхаа цахилгааны төлбөрийг төлсөн хэрэглэгчид арванхоёрдугаар сарын төлбөрөөсөө илүү төлсөн дүнгээ хасч, тооцно гэсэн үг.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны үнийг арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тооцож, хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнтэй уялдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит 48, 49 дүгээр хурал арванхоёрдугаар сарын 1-нд болжээ. Хурлаар нийт долоон асуудлыг хянан шийдвэрлэж, хамгийн хүлээлттэй байсан нь дээрх шөнийн тарифын хөнгөлөлтийн асуудал байсан юм.
Эрчим хүчний зохицуулах хорооноос гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифын хөнгөлөлтийг арваннэгдүгээр сарын 1-нээс нөхөж тооцон, айл өрхийн арваннэгдүгээр сард хэрэглэсэн цахилгааны төлбөрийн нэхэмжлэхэд залруулга хийх талаар цахилгаан түгээх компаниудад үүрэг, чиглэл өгчээ.
Энэхүү шөнийн тарифын хөнгөлөлтийн бүх нөхцөлүүд өмнөх жилүүдэд хэрэгжиж ирсний нэгэн адил үргэлжилнэ. Өнгөрсөн 2021 онд 156 мянган айл өрх 23.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг авч байсан бол 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нийслэл хот болон 21 аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын нийт 173.6 мянган айл өрхөд 29.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлэх тооцоотой байгаа аж.
Хөнгөлөлт энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2023 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд үргэлжлэх юм. Гэр хорооллын хэрэглэгчдийн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд айл өрхийн ахуйн зориулалттай хэрэглэсэн цахилгаан хэрэглээнд хөнгөлөлт тооцогдоно.
Хөнгөлөлтөд хамрагдах хэрэглэгчид:
- Стандартын шаардлага хангасан, баталгаажсан тарифт электрон тоолууртай байна
- Тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна.
- Цахилгааны болон галын аюулгүй ажиллагааг хангасан байна.
Хөнгөлөлтийг УБЦТС ТӨХК-тай цахилгаанаар хангах гэрээтэй гэр хорооллын бүх айл өрх шууд эдэлж эхэлнэ гэж тус компаниас мэдээллээ.
Холбоотой мэдээ