УИХ-аар баталсан хуулиудыг олон нийтэд сурталчлах зорилгоор долоо хоног бүрийн Лхагва гаригт УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийдэг болсон. Яг одоо энэхүү ээлжит мэдээллээ хийж байна.
Үнийн өсөлт, ард түмний амьдралын доройтол, түгжрэлийг шийдэх зорилгоор УИХ, Засгийн газар хамтарч Шинэ сэргэлт эрх зүйн шинэтгэлийг хийхээр ажлаа эхлүүлсэн байна. Энэ хүрээнд эдийн засгийн реформ, нийгмийн бодлогын реформ, засаглал улс төрийн реформ хийхээр багц хуулийн төслүүдийг боловсруулж эхэлжээ. Тухайлбал, эдийн засгийн реформ нь үндсэн гурван хуулиас бүрдэнэ. Эдийн засгийг тогтворжуулах, хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийг төрөлжүүлэх, аж үйлдвэрийг сэргээх гэсэн бүлгүүдээс бүрдэж байгаа аж.
Монгол Улсад тулгараад байгаа эдийн засгийн хүндрэл нь дэлхий нийтэд ч тохиож байна. Цар тахал, олон улсын харилцааны хурцадмал байдлаас шалтгаалж, дэлхий дахин сүүлийн 40 жилд тохиогоогүй инфляцитай нүүр тулсан гэдгийг УИХ-ын дарга онцоллоо.
Тэрбээр “Монголд инфляци 14.5 хувьтай байгаа бол Турк улсад 85.5 хувийн үнийн өсөлт болж байна.
Гадаад ерөнтцөөс ирж байгаа цохилт нь манай ард түмний амьдралд хүчтэй нөлөөлж байна. Ард иргэдийн маань 73.5 хувь нь үнийн өсөлтөөс шалтгаалж амьдрал доройтож байна гэдгийг социологийн судалгаагаар илэрхийлсэн.
Өнгөрсөн 30 жилийн алдаатай бодлогын улмаас Монгол Улс нь хуримтлалын биш, импортын эдийн засагтай болсон, өрийн дарамт бий болгосон. Үндэсний аж үйлдвэрийг дэмжээгүй энэ алдааг засах ёстой болж байгаа. Өрхийн бодит орлого буурч, ядуурал нэмэгдэх эрсдэлд хүрч байна. Төгрөгийн ханш 19 хувиар суларсан.
Эдийн засгийг тогтворжуулах багц хууль нь гурван хуулиас бүрдэнэ. Үнийн өсөлтийг хязгаарлах, валютын ханшийг тогтворжуулах, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогыг батална.
Хүн амын амьжиргааг дэмжихийн тулд валютын ханшийг тогтворжуулна. Валютын ханшийг хязгаарлахын тулд нөөцийг нэмэгдүүлэх, урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээ авна. Нэг тэрбум ам.доллараар валютын урсгалаа нэмэгдүүлэхийн тулд 1 их наяд төгрөгийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хүүгийн татаасын бодлого хэрэгжүүлнэ. Бүхнийг экспортод шилжүүлнэ.
Үнийн өсөлтийг тогтворжуулахын тулд салбар хоорондын уялдаа холбоог хангах, авлига хээл хахуультай тэмцэнэ.
66.3 тэрбум төгрөгийн хүүгийн татаасын хөнгөлөлттэй зээл олшоно. Импортыг орлох дотоодын үйлдвэрийг хөгжүүлнэ. Хүнсний хангамжийг дотоодоосоо хангана.
Тендерийн хуулийг шинэчилсэн. Эх оронч худалдан авалтыг дэмжинэ. Хөрөнгө оруулалт, гадаад санхүүжилт татна. Аж ахуйн үйл ажиллагааг дэмжих цогц эрх зүйн орчин бүрдүүлнэ.
Хөрөнгө оруулалт хувийн хэвшлийг дэмжих хүрээнд, хувийн хэвшилд дарамт шахалт үзүүлдгийг арилгана. Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг баталсан. Зөвшөөрлийн тухай хуулиар 1600 орчим зөвшөөрөл олгодог байсныг 362 болгож бууруулсан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эхлээд хувийн хэвшлүүдэд үзүүлж ирсэн дарамтыг арилгана. Бизнес хийхэд учирч байгаа бэрхшээл зардлыг бууруулна. Эдийн засгийн болон хөрөнгө оруулалтын хуулийг шинэчилнэ.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Ерөнхий сайд өчигдөр УИХ чадамжгүй байгаа учраас хугацаанаас нь өмнө тараах, сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлыг хөндсөн байсан. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Бидний баримтлах ёстой хамгийн эрхэм зарчим бол төрийн тогтвортой байдлыг хангах. Гаднаа дайн байлдаантай, дотроо үнийн өсөлттэй холбоотой бухимдалтай үед улс төрийн тогтвортой байдлыг хангах нь туйлаас чухал. Тэр ч утгаараа УИХ, Засгийн газар Ерөнхийлөгчийн институци эв санааны нэгдэлтэй хамтарч ажиллаж байгаа. Засгийн газраас дэвшүүлж байгаа бүхий л бодлого, зорилтуудыг УИХ дэмжиж ажиллаж байгаа.
Парламентын бүрэн засаглалтай улс орон гаргасан санал дэмжигдэхгүй, санал зөрөлдөөнтэй үед ард түмнээсээ хагалуулах зорилгоор ээлжит бус сонгуулийг зарлаж болдог. Ийм учраас бидний хоолойд тулсан асуудал бол үнийн өсөлт, ажилгүйдэл, ядуурал, түгжрэлд нэн тэргүүнд анхаарал хандуулж ажиллаж байна.
Сонгуулийн тогтолцооны тухайд УИХ-аар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байх үед 22 намаас бичиг ирүүлсэн, УИХ ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар санал гаргаад сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох, гишүүдийн тоог оновчтой болгох, нийгмийн бүлгүүдийн төлөөллийг оролцуулах ёстой гэж үзэж байсан ч дутуу үлдсэн. Тэр үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нар албан ёсны санал ирүүлж байсан. Парламентыг нэг танхимтай, 108 гишүүнтэй, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулъя гэсэн ч Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр дэмжлэг хүлээгээд, чуулган дээр дэмжигдээгүй. Энийг дутуу хийсэн гэдэг, үүнийг гүйцээе гэдэг асуудал яригдаж байгаа. Миний шийдэх асуудал биш, намын бүлгүүдийн шийдэх асуудал.
-Залуучуудын жагсаалаас гадаад технологи харагдаж байна гэдэг асуудал хөндөгдөх боллоо?
-Ард түмний хүсэл зорилгоо илэрхийлж байгаа энэ хэлбэр хууль номын дагуу бол ардчилсан зарчимд нийцнэ. Тайван жагсаалыг зөрчил тэмцэлд хүргэх, эд хөрөнгө хүний амь насанд халдаж болзошгүй нөхцөл байдал үүсгэх, нийгмийг эмх замбараагүй байдалд хүргэж болзошгүй шинж тэмдэг үүсгэх нь Үндсэн хуулиар хориотой. Хуульд нийцээгүй зүйлийг яагаад ч хүлээн зөвшөөрч болохгүй.
Өмнө нь хар толбо болж үлдсэн түүх давтагдах ёсгүй. Нүүрсний хулгай зэрэг ард түмний зүй ёсны шаардлагыг сонсч, бүхий л талын үйл ажиллагааг хэрэгжүүлэх ёстой.
-Нүүрсний хэрэг дээр Хятадын тал хамтарч ажиллахад бэлэн гэсэн байна. Танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл байна уу?
-УИХ нүүрсний асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахаар ажиллаж байна. Нүүрсний хулгайтай холбоотойгоор нэгдүгээрт, оффтейк гэрээг ил болгох, хоёрт тээвэрлэлт олборлолт, хил гаальд байгаа гэрээг нээлттэй болгох. Гуравт үнийн зөрүү, статистик мэдээллийг хөрш орнуудтай хамтарч ажиллан тогтоох.
Миний ойлгосноор Улсын ерөнхий прокурорын газраас гаргасан саналд үндэслээд Хууль зүй дотоод хэргийн яам хэлэлцээд, Гадаад харилцааны яамаар дамжуулаад Хятадын талд хүсэлт явуулсан гэж ойлгосон. Нээлттэй сонсголоор тодорхой мэдээлэл авна. Хятадын тал бүх талаар хамтарч ажиллах боломжтой гэдэг саналаа хэвлэлээр дамжуулан гаргасан гэдэг мэдээллийг ажлын хэсэг өчигдөр надад өгсөн. Ажлын хэсэг өчигдөр орой болтол хуралдсан. Нээлттэй сонсгол зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа.
-УИХ-аар Онц байдал зарлах асуудлыг хэлэлцэх үед гишүүдийн ирц хэдэн хувьтай байсан бэ?
-Үндсэн хуульд нийгмийн эмх замбараагүй байдал үүсэх, Үндсэн хуульт байгууллын эсрэг хэсэг бүлэг хүмүүс зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулахад Онц байдал зарлах үндэслэл үүслээ гэж үздэг. Өөрөөр хэлбэл, төрийн ордны хашаа хороог нураасан үйл ажиллагаа болсон нь онц байдал тогтоох үндэслэл болж байна гэж эрх бүхий байгууллагууд үзэн, хэлэлцэгдсэн.
Төрийн ордонд хуралдах боломжгүй байсан учраас цахимаар хуралдсан, 57 гишүүн оролцсон.
Үндсэн хуульд зааснаар хойшлуулшгүй нөхцөлд Ерөнхийлөгч Онц байдал тогтоох бүрэн эрхтэй. Хойшлуулшгүй гэдэг нь хүний амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн үед Ерөнхийлөгч Онц байдал зарлах бүрэн эрхтэй. Энийг Эрүүгийн хуульд хойшлуулшгүй үйл ажиллагаа гэж заасан байдаг. Төрийн тусгай хамгаалалттай обьектод халдсан нөхцөлд Онц байдал зарлах эрхийг Ерөнхийлөгчид олгосон байдаг.
УИХ үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонссон, Онц байдал зарлаагүй. 34 гишүүн дэмжиж санал өгсөн байсан.
-УИХ чадамжтай юу, Засгийн газраас оруулж ирж байгаа зарим бодлогыг УИХ унагаагаад байгаа учраас хугацаанаас нь өмнө парламентыг тараах ёстой гэж үзэж байх шиг?
-УИХ чадамжгүй байна гэж хэн дүгнэсэн юм, хэн хэлсэн юм, би тийм яриа сонсоогүй. УИХ-ын чадамжийн асуудал сонгуулийн үр дүнгээр тодорхойлогддог. Нийт ард түмний олонхийн саналаар 76 гишүүн сонгогдож, УИХ байгуулагддаг. Черчелийн хэлсэн, ардчилал бол олигтой зүйл биш юм гэхдээ үүнээс илүү засаглалын хэлбэрийг хүн төрөлхтөн олж чадаагүй байна гэдэг шиг, санал шүүмжлэл бүгд л байна. Түүнээс парламент чадамжгүй гэдгийг дэлхийн аль ч Үндсэн хуульд тодорхойлсон зүйл байхгүй. Харин парламентыг тараах асуудлыг Ерөнхийлөгч санал гаргавал УИХ- ын гуравны хоёрын саналаар хэлэлцэж шийдвэрлэнэ. Тогтвортой байдал бол төрийн эрхэм чанар юмаа гэдэг шиг эцсийн эцэст ард түмний эрх ашиг бидэнд хамгаас чухал. Тогтворгүй байдал үүсгэснээр хэнд ашигтай юм.
Засгийн газраас өргөн барьсан ямар хууль батлагдахгүй байгаа юм, УИХ бүхий л хэлбэрээр Үндсэн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна. Хууль унагасан гэсэн асуудлыг нотолгоотой ярих ёстой. Шаардлагатай тохиолдолд хэрэгцээтэй гэж үзвэл УИХ өөрөө тарж болно, улс орны эрх ашигт нийцээтэй гэж үзвэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нөхцөлд УИХ өөрөө тарж болдог олон улсын практик байна.
Нийт ард түмний төлөөллөөр, 3.4 сая Монгол Улсын иргэдийн иргэний саналаар байгуулагдсан УИХ. Нийт ард түмнийхээ эрх ашгийг хүндэтгэж л шийдвэр гаргах ёстой.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ