Европын холбоо Украинд 18 тэрбум еврогийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх санал гаргасан. Гэвч Унгар энэ тусламжийг зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэнээр ерөнхий сайд Виктор Орбан болон Европын холбоо хоорондын үл ойлголцол улам даамжирч, дайнд нэрвэгдсэн улсад санхүүгийн дарамт шахалт болов. Тодруулбал, Будапешт хотноо өчигдөр (2022.12.06) болсон холбооны Сангийн сайд нарын уулзалтын үеэр Украины 2023 оны төсвийн зөрүүг нөхөхөд чиглэсэн зээлийн саналыг дэмжихгүй гэдгээ Унгар мэдэгджээ. Европын холбоо хариуд нь Covid-19-ийн дараах нөхөн сэргээлтэд зориулж 5.8 тэрбумын тусламж Унгарт үзүүлэх байснаа түр зогсоов. Унгар ийн хориг тавьж байгаа нь тус улсын гадаад бодлогын сул тал гэж Германы Гадаад харилцааны зөвлөлийн судалгааны төвийн шинжээч Андраш Рач хэллээ.
Европын холбооны орнуудын аж ахуйн нэгжүүдэд хамгийн бага татвар ногдуулах саналыг холбооноос гаргаад буй. Гэвч Унгар улс энэ саналыг ч бас хааж байна. Энэ санал нь Украины санхүүжилттэй адил гишүүн орнуудын бүрэн зөвшөөрөл шаарддаг.
Европын комиссын гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Валдис Домбровскис Украинд үзүүлэх тусламж хойшилсонд харамсаж буйгаа мэдэгдсэн. Тэрбээр “Нөхцөл байдал ямар хэцүү байгааг би өөрийн нүдээр харсан. Украин өвлийг даван туулахын тулд бид ирэх сард эхний мөнгөө шилжүүлэх ёстой. Бид арга зам олох л болно” гэж хэлжээ. Унгар улс хориг тавьсан тул Европын холбооны бусад орон Будапештийн дэмжлэг шаардагдахгүй өөр төлөвлөгөө яаралтай боловсруулах шаардлагатай болж байна.
Эх сурвалж: FINANCIAL TIMES
Холбоотой мэдээ