Төрийн мэдээллийн 32 дахь дугаар хэвлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

Төрийн мэдээллийн 32 дахь дугаар хэвлэгдлээ

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн энэ удаагийн дугаарт Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон тэрхүү хуулийг дагалдан гарсан Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудыг нийтэллээ.

Гадаадын иргэн Монгол Улсад орох, гарах дамжин өнгөрөх, оршин суухтай холбогдсон харилцааг дээрх хуулиар тогтоох бөгөөд, гадаадын иргэнд хориглох зүйл, гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг, визийн ангилал, Монгол Улсад орохыг үл зөвшөөрөх, гадаадын иргэний гэр бүлийн байдлын болоод хаягийн бүртгэл, Монгол Улсад цагаачлах, Монгол Улсаас албадан гаргахтай холбоотой бүх төрлийн мэдээллийг эмхтгэлд нийтлэгдсэн хуулиас авах болно. Түүнчлэн Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нийтэллээ.

Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөл байгуулах тухай Засгийн газрын тогтоолтой “Төрийн мэдээлэл”-ээс танилцах боломжтой. Дээрх тогтоолоор өмнийн говийн бүс, орон нутгийн хөгжлийн стратеги, төлөвлөгөө болон төсвийг боловсруулах, санхүүжүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулахад Засгийн газарт туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөлийг УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэнгээр ахлуулан байгуулсан юм. Зөвлөл өмнийн говийн бүс нутгийн хөгжлийн төлөвлөлт, сууршлыг урьдчилан тооцож хот байгуулалт, дэд бүтцийн нэгдсэн бодлогоор хангах, хөрөнгө оруулагчийн зүгээс “Оюутолгой” төслийн тогтвортой үр ашгийг хангах ажлыг зохион байгуулахад Засгийн газарт дэмжлэг үзүүлж ажиллах ажээ.

Мөн Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтны дүрэмт хувцас хэрэглэх, цол олгох журмыг баталсан Засгийн газрын тогтоолыг энэ удаагийн дугаарт нийтэллээ. Шүүхийн шинжилгээний ажилтанд ямар болзлоор цол олгох, ямар тохиолдолд цол олгохыг хойшлуулах, цол бууруулах, хасах, хураахыг энэхүү журмаар зохицуулах юм.

Нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг баталсан Засгийн газрын 127 дугаар тогтоолтой эмхтгэлийн хуудаснаас танилцах боломжтой юм.

Төрийн мэдээлэл эмхэтгэлийн редакци

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж