Аливаа асуудлыг тогоон дотроо хав дараад өнгөрдөг Цагаан байрны дотоод зөрчил гудамжинд гарч, Бага хурлаа хойшлуулах хүртлээ МАН-ын байдал хурцдав. Үндсэндээ эрх баригчдын эрх мэдэл, эрх ашгийн зөрчилдөөн төр засгийг “хүйтэн дайн”-ы бэлэн байдалд шилжүүллээ. Таван жилийн өмнөх, яг ийм хүйтэн өдрүүдэд жаран тэрбумаар эхэлсэн МАН-ын хуваагдал их наядын талцлаар үргэлжилж байна.
Өчигдрийн М.Энхболд, өнөөдрийн Л.Оюун-Эрдэнэ хоёр ижилхэн зовлонг туулж явна. Гэвчиг Л.Оюун-Эрдэнийг ИЙКС хүнээр солилоо гээд Монголын асуудал дуусчих юм биш. Асуудал нь хүндээ биш тогтолцоондоо байгаа тул… М.Энхболд дээр иргэд ингэж л бодож жагссан, тэмцсэн.
Иймээс эцсийн үр дүн нь өмнөхтэйгээ ижилхэн байвал нэмэргүй. Эндээс монголчууд, Монгол хожихгүй. Товчхондоо эдийн засгийн хямрал дээр улс төрийн хямрал нэмэрлэвэл Монголын эдийн засагт асар хохиролтой, улс төрд ч илүү их эрсдэлтэй, эрх чөлөөгөө алдаж ч мэднэ.
Нэг.
Нөгөө л нүүрсний хэрүүл, мөнөөх танил дайн Монголд ид өрнөж байна. Өнгөрсөн хугацааны үйл явдлын товчооныг харахад Монголд өрнөсөн нүүрсний дайны хожигч нь Орос, Оросын гар хөлүүд байж иржээ. Хохирогч нь монголчууд, Монгол Улс. Кремлийн Царийн Монголын эсрэг хэрэгжүүлсэн хамгийн том бодлого “Монгол ялна” байлаа. Х.Баттулга Монголын улс төрд хөл тавьснаас хойш Монголд юу өрнөснийг захын чавганц тоочиж чадахаар болсон.
Нүүрсний дайн анх ингэж эхэлсэн байдаг. С.Баярын Засгийн газар 2008 онд Тавантолгойн бүлэг ордоос зүүн, баруун Цанхийг төрийн мэдэлд авч, 2010 онд Сү.Батболдын засаг “Эрдэнэс Тавантолгой” компани байгуулсан нь өнөөдрийн улс төр, эдийн засгийн хямралыг дуудах, их наядын хулгай нүүрлэх эхлэлийг тавьсан бий. Угаасаа л төрийн өмч улстөрчдийн хулгайн өмч болоод дуусдаг хойно. Үүнийг өөрчилж, Тавантолгойн ордыг олон улсад нээлттэй,стратегийн хөрөнгө оруулагчтай хамтарч, эдийн засгийн эргэлтэд оруулах гэсэн биш М.Энхсайхан ялтан болоод дууссан нь болсон явдал, бодит үнэн.
“Тавантолгой”-г та бидэнд үлдээсэн гэх З.Энхболдын үг, Женкогийн цэрэг танкны үлгэр үнэндээ хулгай, луйвраа нуух, хийх гэсэн башир арга заль байсныг монголчууд олон жилийн дараа, олон их наядаа алдаж байж ойлгохтойгоо болж байна.
Хоёр.
М.Энхсайханы боловсруулсан төслөөр Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг 2015 онд УИХ аас дэмжсэн бол өнөөдөр монголчууд 40 их наядын хулгай яриад жагсах биш дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын үр ашиг, үр шимийн амсаад суух байсан юм.
Харамсалтай нь, УИХ-ын дарга асан З.Энхболд, “Монос”-ын Л.Эрдэнэчимэг нарын улстөрчид энэхүү төслийг гацааснаар Монголын төсөвт орж ирэх ёстой олон их наяд төгрөг тэдний, хулгайчдын халаасанд оржээ.
Гэхдээ энэ бүгдэд өчигдрийн сонгогчид, өнөөдрийн жагсагчид ч буруутай. “Монгол ялна” гэж хөөрцөглөсний, Тавантолгойг та бидэнд үлдээсэн гэж итгэснийхээ төлөөсийг төлж байна. Хүртэх ёстойгоо л хүртэж байна гэдэг бил үү.
Гурав.
Хэрэвзээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ худлаа хэлээгүй бол энэхүү жагсаалын ард “Эрдэнэс Тавантолгой”-н өмнөх удирдлагууд, Монголын оюутны холбооны эксүүд бий гэсэн. Хэдийгээр нэр заагаагүй ч энэ нь Б.Ганхуяг, Н.Удаанжаргал, Х.Батсайхан нарыг хэлсэн нь тодорхой. Тэд бол цагаан байрны нүүрсчид. Тэдний томчууд нь төрийн ордонд тухлаж суугаа. Тэд, Монголын хамгийн баян мафи хүчтэй, нөлөөтэй байгаа нь өнөөдрийн гудамжны жагсаал, МАН доторх хүйтэн дайнаас харагдаж, уншигдаж байна. Тэгэхээр нүүрсний бүлэглэлээ цэвэрлэж чадах эсэхийг Л.Оюун-Эрдэнийн эр зориг л мэдэж дээ.
Өөрөөр хэлбэл, журмын нөхдийнхөө оролцоотой, Монголын төрийг хууль шүүх, хил гаальтай нь атгаж ирсэн нүүрсний нам дамжсан бүлэглэлүүдийн сүүлэн дээр гишгэсэн юм бол түүнийгээ тултал гүйцээхээс өөр сонголт Л.Оюун-Эрдэнэд алга. Үгүй бол жоомнууд улам үржинэ.
Дөрөв.
Шуудайтай нүүрсний хулгайчийг цагдаа баривчилна. Вагонтой нүүрсний хулгайчийг цагдаа хамгаална. Бүрэн эрх нэрээр халхавчлагдаж, төрийн ордныг хоргодох оромжоо болгосон нүүрсний хулгайчдыг Монголын төрөөс яаж хөөх вэ. Энэ л хамгийн гол асуудал. Магадгүй УИХ-ыг тараах, тарах ганц шалтгаан болж байна. Үүний тулд МАН-ын мартаж орхисон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх нь улс төр талаасаа захиалга, эдийг засаг талаасаа шахалт болж байна. Учир нь 2019 онд дутуудуулснаа гүйцээхгүй бол Монголын улс төрийн хямрал дуусахгүй.
Хойноо Царьтай, урдаа Хуандитай болсон Монголын амьд үлдэх гарц нь ардчилал. Ардчиллын баталгаа нь сонгодог парламентын засаглал.
Өнгөрсөн Даваа гаригт цахимаар, хаалттай хуралдсан УИХ-ын 30 гишүүн Онц байдал зарлахыг дэмжсэн гэх мэдээллээс харвал парламентын гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгаж өгөхөөс өөр гарц үнэндээ алга. Түүнчлэн Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, Ерөнхий сайдад парламентаа тараах эрх мэдэл өгөхгүйгээр институци хоорондын зөрчил арилахгүй, дуусахгүй. Монгол Улс ганц хүний засаглал руу гулсахад сөөм дутуу байгаа нөхцөлд Л.Оюун-Эрдэнийн том эрх ашиг МАН уу, Монгол уу гэдгээс эр зориг нь хийгээд цаашдын улс төр өрнөнө гэсэн үг.
Холбоотой мэдээ