“Монголын сайхан бүсгүйгээр шалгарсан минь хамгийн дурсамжтай”

Хуучирсан мэдээ: 2022.12.07-нд нийтлэгдсэн

“Монголын сайхан бүсгүйгээр шалгарсан минь хамгийн дурсамжтай”

“Монголын сайхан бүсгүйгээр шалгарсан минь хамгийн дурсамжтай”

“Монголын сайхан бүсгүй” тэмцээний 2001 оны “Тана эрдэнэ” өргөмжлөлт мисс М.Сэлэнгэ цагтаа загварын ертөнцийг шуугиулж явсан нэгэн. Тэрбээр өөрийн төрсөн дүү М.Хэрлэнгийн хамт “Гоёл” наадмын тайзнаа зэрэгцэн алхаж  “Шилдэг загвар өмсөгч” өргөмжлөлийг гардан авч байсан түүхтэй. Мисс бүсгүй сүүлийн жилүүдэд хувиараа бизнес эрхэлж, үл хөдлөхийн салбарт амжилттай яваа. Ингээд түүнтэй 20 жилийн өмнөх дурсамжийн талаар яриа өрнүүллээ.


-Загварын ертөнцөд гурван Сэлэнгэ байдаг байх аа?

-Тийм ээ. Загварын ертөнцөд гурван Сэлэнгэ бий. Хүмүүс намайг том М.Сэлэнгэ гэж дууддаг. Би 15 настайгаасаа загварын тайзнаа алхаж эхэлсэн.

-Одоогоос 20 жилийн өмнө Монголын сайхан бүсгүйгээр шалгарч байсан дурсамжаасаа ярихгүй юу?

-Анх 2001 онд 20 насандаа “Монголын сайхан бүсгүй” тэмцээнд оролцож байлаа. Тухайн үед өөрөө тэмцээн уралдаанд оролцох бодолгүй байсан ч “Эра” төвийн Д.Эрдэнэтуяа эгчийн саналаар, ээжийнхээ зөвшөөрлөөр орсон. Ээж минь “Миссийн тэмцээнд оролцох нь эмэгтэй хүний насан туршийн бахархал, дурсамж байх болно” гэж намайг дэмжсэн.

Анхны тэмцээндээ ороод “Тана эрдэнэ” өргөмжлөл, “Хамгийн гоолиг биетэй мисс” өргөмжлөл хүртэж байлаа. Тухайн үед тэмцээн маань Улсын циркт болсон санагдана.

Цаг хугацаа маш хурдан өнгөрч, 21 жил болжээ. Ойрын хүрээллийн хүмүүсийн зөвлөснөөр үнэхээр дурсгалтай, эргээд бодоход гоё дурсамжийг үлдээжээ. Энэ дашрамд, Д.Эрдэнэтуяа эгчдээ баярлалаа. Ээждээ хайртай шүү гэж хэлье.

-Хамгийн анх 1989 онд Монголын сайхан бүсгүйгээр мисс Н.Биндэръяа шалгарч байсан шүү дээ?

-“Монголын сайхан бүсгүй” тэмцээнийг 1989 оноос хойш зохион байгуулж, анхны тэмцээнд Н.Биндэръяа эгч “Алтан эрдэнэ” өргөмжлөлийг хүртсэн. Тэгэхэд би жаахан охин байсан. Тухайн үед титэм зүүсэн миссийг хараад “Том болоод ийм сайхан бүсгүй болох юмсан” гэж мөрөөддөг байлаа. “Монголын сайхан бүсгүй” тэмцээн хамгийн өрсөлдөөнтэй, нэр хүндтэй уралдаан байсан.

Энэ тэмцээний “Алтан эрдэнэ” өргөмжлөл хүртсэн бүсгүйд нэр хүндээс гадна их хариуцлага ирдэг байлаа. Тиймээс ч уралдааныхаа нэр хүнд, чансааг хадгалж үлдэхийн тулд 2007 оноос хойш зохион байгуулахаа больсон юм.

Сүүлд 2006, 2007 оныг хүртэл миссийн тэмцээнд янз бүрийн гоо сайхны мэс засал хийлгээгүй, шивээсгүй байх шалгуурыг тавьдаг байсан. Сүүлийн үед гоо сайхны мэс засал нээлттэй болж, нийгмийн хөгжлөө дагаад гоо бүсгүй шалгаруулах тэмцээний шалгуур өөрчлөгдсөн.

1989 оны Монголын сайхан бүсгүй Н.Биндэръяа

-Миссүүд нүүрээ будахгүй байх гэдэг шалгуур тавьдаг байсан уу?

-Үгүй ээ. Миссийн тэмцээнд тийм шалгуур байгаагүй. Олон зуун жилийн өмнөөс эртний хатад гоо сайхандаа анхаарч, нүүрээ будаж ирсэн. Харин өмнө нь миссийн тэмцээнд оролцож буй охидыг эмэгтэйчүүдийн үзлэгт хүртэл хамруулдаг байсан гэдэг. Мөн удам угсааг нь харж, сонгон шалгаруулдаг байсан.

-Сүүлд “Монголын сайхан бүсгүй” тэмцээнийг 2018 онд эргэн сэргээж, зохион байгуулсан. Миссийн тэмцээний ялагчаар Э.Энхриймаа шалгарснаас хойш тэмцээнийг дахин зохион байгуулаагүй?

-Монголын эмэгтэйчүүдийн “Хатан эрдэнэ” холбооноос “Монголын сайхан бүсгүй” тэмцээнийг 11 жил завсарласны эцэст эргэн амжилттай зохион байгуулсан. Тэргүүн титмийн эзнээр мисс Э.Энхриймаа шалгарсан юм. Гэвч сүүлийн жилүүдэд цар тахлын улмаас үргэлжлүүлэн зохион байгуулж чадсангүй.

Мисс Э.Энхриймаа. 2018 он

-Таны хувьд Монголын сайхан бүсгүйчүүдтэйгээ холбоотой байдаг уу?

-Миний хувьд 2007 оны тэргүүн мисс Г.Гантуяа, тэр оны “Мөнгөн эрдэнэ”-ийн шагналт н.Учрал, 2002 оны сайхан бүсгүй Д.Уянгалянхуа, мисс, нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо зэрэг миссүүдтэйгээ байнгын холбоотой байдаг. Миссүүд маань эх орондоо ажлаа хийгээд л, амьдарч байна.

-Мисс М.Сэлэнгээ 2006 оны “Гоёл” наадмын тайзнаа дүүтэйгээ алхаж, хоёулаа “Шилдэг загвар өмсөгч”-өөр тодорч байсан. Тэр мөчийг эргэн дурсвал?

-Би 2005 оны өвөл зохион байгуулсан “Гоёл” наадмаар “Шилдэг эмэгтэй загвар өмсөгч” шагнал хүртсэн. Миний хувьд өмнө нь энэ наадмын тайзнаа алхаж байсан ч М.Хэрлэн дүүтэйгээ хамтдаа шилдгээр тодорч байсан мөч маш сайхан санагддаг. Эрэгтэй дүүтэйгээ “Эра” төвөөс загварын гараагаа эхэлж, “Шилмэл загвар” агентлагт моделиор ажилладаг байсан. Бид хоёр өөрсдийн сонирхлоороо тайзнаа алхдаг байлаа. Тухайн үеийг 20 жилийн дараах загварын ертөнцтэй харьцуулашгүй. Загварын ертөнцийн хөгжлийн үе шатыг тодорхой цаг хугацаанд туулж ирсэн гэж боддог.

Одоо М.Хэрлэн дүү маань хувиараа бизнес эрхэлж байгаа. Тэр үед дүү маань “Шилдэг эрэгтэй загвар өмсөгч” болоход илүүтэй баярлаж, баярын нулимс дуслуулж байлаа.

Миний хувьд тэрнээс хойш 2007 онд “Гоёл” наадамд нэг удаа оролцож, дахин тайзнаа алхаагүй. Загварын ертөнцийг энэ наадмаар төсөөлдөг байлаа. Сүүлийн жилүүдэд загварын ертөнц хурдтай хөгжиж байна. Наадамдаа илүү олон дизайнер оролцож, ур ухаан шингэсэн бүтээл, загварын чиг хандлагыг харуулаасай гэж хүсдэг. Би хамгийн сүүлд 2017 онд наадмыг зорин очиж, үзсэн. Загвар өмсөгчид энэ наадмын тайзнаа өөрсдийгөө сорих ёстой.

“Mrs Mongolia World-2018″ тэмцээний ялагч А.Дэлгэрцэцэг

-Сүүлд “Хатан эрдэнэ” холбооноос одонтой ээжүүдийн дунд миссийн тэмцээнийг тун амжилттай зохион байгуулсан. Таны хувьд шүүгчээр ажилласан байх аа?

-Одоогоос зургаан жилийн өмнө “Mrs International world” гээд гэр бүлтэй миссийн олон улсын тэмцээнд анх удаа оролцох эрхийг нь авч оролцож байлаа. Тэр тэмцээндээ бас л амжилттай оролцож, шилдэг 12 миссийн нэгээр шалгарч, “Шилдэг үндэсний хувцас” номинацийн шагналыг хүртсэн. Тэрний дараа Монголдоо албан ёсны эрхтэй ийм тэмцээн зохион байгуулахаар “Хатан эрдэнэ” холбоотойгоо ярилцсан.

Тэгээд 2018 онд тэмцээнээ зохион байгуулах боломж олдож, тухайн үед Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Баярсайхан эгч, “Одонтой ээжүүд” фэйсбүүк группийн админ Л.Гантуяа эгч надад одонтой ээжүүдийнхээ дунд уралдаан зохион байгуулж, хамтран ажиллах санал тавьсан.

“Mrs Mongolia World-2018″ тэмцээнийг маань маш олон байгууллага дэмжин ажиллаж, 80 гаруй одон ээж оролцсон. Тэдгээрээс 30 гаруй шилдэг мисс тайзнаа алхаж, А.Дэлгэрцэцэг маань титмийн эзэн болж байлаа. Ээжүүдийг тайзнаа алхахад хүн бүр хүндэтгэлтэй хандаж, хүүхдүүд нь ээжийгээ дэмжээд маш сайхан уур амьсгалтай тэмцээн болж өндөрлөсөн.

-Эдийн засагч мэргэжилтэй мисс бүсгүй одоо ямар ажил эрхэлж байгааг сонирхож болох уу?

-Загварын тайзаа орхиж, “Хас” банкинд нэг хэсэг мэргэжлээрээ ажилласан. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Хувиараа бизнес эрхлэхээр шийдэж, компаниа байгуулаад ажиллаж байна.

Мөн үл хөдлөх хөрөнгийн салбарт ороод гурван жил болж байна. Одоо “Remax dream” оффиссоо удирдаж, 20 гаруй агенттай ажилладаг. Мөн цэвэрлэгээ, худалдааны чиглэлээр ганц хоёр ажил эхлүүлээд буй.

-Таны хувьд нэг хэсэг Германд амьдарч байсан гэлцдэг. Эх орондоо хэр ирж очдог байв?

-Хүмүүс намайг Германд байсан гэж боддог ч би Монголдоо л амьдарч байсан. Эх орондоо байнга ирж, очдог байсан. Тэнд нэг их удаан амьдраагүй. Хятадад гэр бүлийн шаардлагаар хэсэг хугацаанд амьдарсан. Уг нь би гадаадад амьдаръя гэж бодсон ч чадахгүй байсан. “Сиймхий ч гэсэн гэр минь, Сэгсгэр ч гэсэн ээж минь” гэдэг шиг би өөрөө нийгэмд идэвхтэй оролцоотой байсан учраас Монголдоо байх нь илүү санагдсан.

Манайх гурван хүүтэй. Том хүү Германд их сургуулийн хоёрдугаар дамжаанд суралцдаг. Ихэр хөвгүүд маань эх орондоо сурч байна.

-Таны амьдралд бэрхшээл тулгарахад хэрхэн даван туулахыг хичээдэг вэ?

-Хүн амьдралдаа нэг урсгалаараа, саад бэрхшээлгүй замын туулна гэж байхгүй. Амьдралд янз бүрийн асуудал гарч, аз жаргалтай, баяртай, гунигтай үеүд ч гарна. Тэр үед хүн сэтгэлийн хадтай байх ёстой гэж боддог. Гуниж гутарсан, асуудал гарсан үедээ хүн сэтгэлээр унаж, буруу зүйл рүү халтирах гээд байдаг. Тэр үед аль болох ойр дотныхоо хүмүүстэй элэн далангүй байж, өөрийнхөөрөө тунгааж, илүү хүч гаргах ёстой гэж боддог.

Аав минь өвдөж, хүнд хэцүү үе байсан бол одоо өвчнийхөө ард гарч, элэг бүтэн жаргалтай амьдарч байна. Санхүүгийн хүндрэл, гэр бүлийн асуудалтай үе ч байсан. Энэ болгоныг давж, ард нь гарлаа.

Хүний амьдралын хамгийн том зовлон бол хагацал, өвчин байдаг гэж ойлгодог. Бусад зүйл байдаг л асуудал. Тэр болгонд илүү өөрийгөө дайчилж, хүчтэй байхыг хичээдэг.

-Монголын сайхан бүсгүй, мисс, бизнесмэн гээд салбар бүрт амжилттай ажиллаж байна. Энэ их ажлын хажуугаар ээжийн үүргээ хэр биелүүлж байна?

-Миний хувьд өглөө 06-06.30 цагт босч, ажилд явах бэлтгэлээ хангана. Мөн хүүхдүүдийнхээ хичээлийг бэлдэж өгнө. Тэгээд ажил дээрээ ирнэ. Ажлаа хийхдээ дуртай учраас ажил руугаа яарч ирдэг. Ажлын цагаар төлөвлөгөөний дагуу тун завгүй ажиллана.

Өмнө нь бизнесээ хөл дээр нь босгох гээд цаг наргүй ажилладаг байлаа. Сүүлийн үед гэр бүлдээ илүү цагаа зориулъя гэж боддог болсон. Оройн 18.00 гээд ажлаа тараад гэр рүүгээ хүүхдүүд рүүгээ яардаг даа.

-Эмэгтэйчүүддээ хандаж ямар үнэтэй зөвлөгөөг өгөх вэ?

-Эмэгтэйчүүд маань үнэ цэнэтэй байж, өөртөө илүү итгэлтэй болоосой. Эмэгтэй хүн өөртөө итгэлтэй байна гэдэг маш чухал. Өөртөө итгэх итгэлийг сугалж, айдсаа даван туулах хэрэгтэй. Хэдийгээр гэр бүлийн амьдрал зохиосон ч өөрийгөө хаялгүйгээр хайрлаж, өмнөх шигээ биеэ сайхан авч яваасай. Эх орондоо над шиг бизнес хийж буй олон эмэгтэй бий. Бид болохоосоо болохгүйг нь хүртэл явж байгаа. Тэгэхээр өөртөө итгэлтэй, үнэ цэнэтэй, цагийн менежменттэй байхыг зөвлөе.

Ер нь тэгээд муухай эмэгтэй хүн гэж байдаггүй. Эмэгтэй хүн бүр өөрийн гэсэн гоо сайхантай.

Зөвхөн гадаад гоо үзэмжийг яриад байж болохгүй. Хүний дотоод гоо сайхан болох сайхан сэтгэл, боловсрол мэдлэг, харилцаа, тэр бүх сайхан зүйлс эмэгтэйчүүдэд бий.

-Таны цаашдын зорилгоос сонирхож болох уу?

-Би үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр давхар багшилдаг. Бүх агент, салбар нэгжийн захирлаа сургадаг. Тиймээс бусдад зааж сургаж, илүү боломж олгохыг хүсч байна. Нэг ч гэсэн хүнийг сайхан амьдруулж, эхлэлийг нь тавих зорилготойгоор хичээнэ.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж